Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашсан Ц.Даваацэрэн өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тодруулбал, Тус компанийн ТУЗ-ийн 2016 оны 11-р сарын 23-ы өдрийн 23-р дугаар тогтоолоор түүнийг чөлөөлсөн байна. Ингэснээр компанийн ТУЗ-ийн мөн өдрийн 22-р тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилох шийдвэр гарчээ. Тиймээс өнөөдөр Ц.Даваацэрэн, Х.Бадамсүрэнд Ерөнхий захирлын тамга тэмдгээ хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Ц.Даваацэрэн хэлэхдээ “Өнгөрсөн гурван жил 10 сарын хугацаанд Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрийн шилдэг менежерүүд, ажилтнуудтай хамтарч ажилласандаа баяртай байна. Үйлдвэрийн нэр хүндийг олон улс, хамтран ажилладаг компаниудын өмнө унагасан менежментийн алдаа миний хариуцаж байсан баг, хамт олны үед гараагүй гэдгийг бахархалтай хэлнэ. Бид энэ үйлдвэрийн авлагыг 66.6 хувиар бууруулсан. Цаашид энэ чиглэлээр тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай” гэсэн юм.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь Монголын хувийн компанид шилжсэн. Өмчлөлийн хувьд өөрчлөгдсөн шилжилтийн гэж хэлж болохоор цаг үед энэ хариуцлагатай албыг хүлээж авч байна. Ийм хариуцлагатай, эгзэгтэй цаг үед надад итгэл хүлээлгэж буй Монголын төр, үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид та бүхэнд талархаж байна. Та бүхний итгэл найдварыг биелүүлж ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Ц.ДАВААЦЭРЭН “ЭРДЭНЭТ ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар өнөөдрийг хүртэл ажилласан Ц.Даваацэрэнг Орхон аймаг, Эрдэнэт хотын төр захиргааны байгууллагаас “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналаар шагнасан юм. Ийнхүү тэрээр Эрдэнэт хотын дээд шагнал болох “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг хүртэж буй 22 дахь нь хүн боллоо. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрийг амжилттай удирдан, Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж орон нутгийн үйлдвэр, байгууллагуудыг дэмжин нийгэм, эдийн засагт оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн уг шагналыг олгож буйгаа Засаг дарга Д.Батлут онцоллоо.
“Ажил үүрэг, сэтгэлийн хувьд зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэлтгүй Орхон аймаг хамтдаа хөгжөөсэй гэж хүсдэг. Хамгийн гол нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын түүх салшгүй учир бид салшгүй ажиллах ёстой. Тиймээс орон нутгийн удирдлагуудтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан. Ингэснээр сайн үр дүн гарсан байна” хэмээн “Эрдэнэт хотын хүндэт иргэн” болсон Ц.Даваацэрэн ярьлаа. Мөн тэрээр Эрдэнэт хотын дээд шагналыг хүртсэндээ талархаж буйгаа илэрхийлж Орхон аймгийн нийт иргэдийн итгэлийг дааж явна гэдгээ онцоллоо.
Дашрамд дурдахад, “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг 2006 оноос олгож эхэлсэн бөгөөд хамгийн анх Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Банзрагчид олгож байсан юм.