Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх арванхоёрдугаар сард тэнгэр хангай ямар “ааштай” байхыг мэдээллээ. Олон жилийн дунджаар арванхоёрдугаар сард агаарын температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22-29, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -9-15, бусад нутгаар -16-21 градус байдаг аж.
Тэгвэл ирэх сард Увс, Завханы хойд хэсгээр -24-29, Алтайн өвөр говиор -11-16, бусад нутгаар -18-23 градус хүйтэн байх аж. Харин Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.
Сарын эхний болон хоёрдугаар арав хоногт хүйтний эрч аажим суларсаар оны өмнөхөн хүйтрэх төлөв ажиглагджээ. Гэхдээ нийт нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас зарим газраар ахиу орохоор байна. Одоогоор Монгол орны 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Дорнод, Өмнөговийн зарим сумаар 10, Увс, Завхан, Ховд, Завхан, Төв, Улаанбаатар, Хэнтийн ихэнх суманд 11-20, талд 30-40, хунгарлаж, шуурч буй газартаа цас 50-60 см хүртэл зузаан байгаа аж.
Нэмж мэдээлэхэд, арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар энэ өвөл нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй, баруун хойд, хойд болон төв, зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орж, хүйтрэх төлөвтэй байгаа учир сум, орон нутгийн өвс, тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, нэмж нийлүүлэх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэргээр аюулгүй байдлаа хангахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.