ЦУОШГ-аас цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. Тус тайланд дурдсанаар энэ сарын 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтрэх юм байна.
Тодруулбал, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.