Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ.
Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлгүүд ажиллаж байна.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийнхэн бямба гарагт Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутгаар ажиллав.
Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна.
Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын заагт орших 50 км гаруй үргэлжилсэн Барлагийн даваа цасанд боогдсоныг нээхээр “Алтайн зам” ХХК-ийн 11 ажилтан ковш, цас зөөх “Хова” маркийн ачааны машин, автогрейдер зэрэг нийт гурван техник хэрэгсэлтэйгээр 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр өдөр ажиллаж давааг нээлээ.
“Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглээд байна.
Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд ихээр зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ.
Харин Ховд аймгийн ихэнх суманд өнгөрсөн 8 дугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт мялзан өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг 11 дүгээр сарын 15-ний өдөр цуцалснаар бусад сумын нутагт оторлож байсан малчдын нутаг руугаа буцах нүүдэл тасраагүй байна.
Цасанд хаагдсан Барлагийн давааг нээснээр Алтай, Булган зэрэг бусад сумдад отроор өвөлжиж байсан малчид Цэцэг, Мөст сум руу отор нүүдэл хийх, Булган-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон бусад тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж эхэллээ.