Улсын онцгой комиссын хурлын үеэр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр танилцууллаа. Энэ онд Говьсүмбэр аймгийн нэг, Төв аймгийн гурван суманд шүлхий өвчин, Ховд аймгийн 11 сум, Говь-Алтай аймгийн хоёр сум, Баян-Өлгий аймгийн нэг сум, Увс аймгийн хоёр сум, нийт 14 суманд бог малын мялзан өвчин тус тус бүртгэгдэж тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлсний үр дүнд одоогийн байдлаар уг өвчнийг хяналтандаа бүрэн аваад байна.
Өвчний тархалтыг хязгаарлах, голомтыг устгах зорилгоор холбогдох аймаг, сумдад хорио цээрийн дэглэм тогтоон хүн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, эрсдэл бүхий бүсүүдийн мал сүргийг вакцинжуулан, халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулсан байна. Мөн шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад зургаан аймаг, нийслэлийн 47 сум, дүүрэгт вакцинжуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90.0 хувийн биелэлттэй хэрэгжиж байна.
Өнгөрөгч 2015 оны нэгдүгээр сараас хойш Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Дорноговь, Дундговь, Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын 61 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдсон. Өнөөдрийн байдлаар нийт 18263 толгой мал өвчилснөөс, 225 мал хорогдож, 8831 малыг зориудын устгалд хамруулан, 9207 мал өвчний шинж тэмдэггүй болсон байна.
Малын цэцэг өвчний гаралт, тархалтын байдалд дүгнэлт хийхэд голомттой нутгаас эрүүл аймаг, сумдад отор, нүүдэл хийх, үржлийн зориулалттай хээлтүүлэгч мал худалдан авч тараах зэргээр голомтын тоог нэмэгдүүлж байна.