Өнгөрсөн зун сошиал ертөнц мазаалайгаар “амьсгалсан” гэхэд хилсдэхгүй. Говийн гайхамшигт зургаан амьтны нэгээр түүнийг алдаршуулж, лого бүтээх уралдаан зарлан, амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн зохион байгуулж, “Мобиком”, “Оюуны ундраа” зэрэг компани “Бид мазаалай хамгаалахад нэгдэж байна” хэмээн зарласан.
Мазаалайн сүрэг ихэр бамбаруушаар бүл нэмсэн тухай мэдээлэл ч цахим орчинд тархаж, тоо толгой нь өсөж байна хэмээн баярлацгаасан юм. Зарим нь бүр уг амьтны зургийг нийтлэн “20 гаруйхан үлдээд буй мазаалайныхаа зураг дээр лайк дарж, шэйр хийгээд харамгүй түгээцгээе” гэж цахим орчинд давалгаа үүсгэж, цөөнгүй иргэн үүнд нэгдсэн.
Гэвч тэдний санаж сэдэн өрнүүлсэн ажил цахим орчин дахь сүржигнэлээс хэтэрсэнгүй. Уг нь бид ярьдаг шигээ хамгаалж, санаа тавьдаг бол говийн баавгайн амьдрал өдийд арай л өөр байх байлаа.
Зөвхөн Монголд үлдээд буй, говийн мазаалайн амьдралд хэцүүхэн сорилт тулгараад буй талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, мазаалайн гол тархац нутаг болох Аж богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруунд энэ зун бороо хур багатай, гандуу байсантай холбоотойгоор уг амьтны идэш тэжээл ховордоод буй аж.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхий менежер Х.Ариунболд “Бид ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай холбоотой ажилладаг. Тус хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндоржийн хэлж буйгаар мазаалайн тэжээл худалдаж авахад санхүүгийн бэрхшээл тулгардаг учир өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан энэ асуудлыг шийдвэрлэдэг юм билээ” хэмээсэн бол “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэмбэрэл фэйсбүүк хуудсандаа “Мазаалайгаа аваръя гэж байнга ярьдаг БОАЖЯ-ныхан өнгөрсөн зун л дорвитой ажил хийх ёстой байсан юм. Алтайн өвөр говьд ган гачигтай зун болсноос мазаалайн идэш тэжээл хомс байгаа гэнэ. Зургадугаар сараас хойш тэжээлгүй байж байгаад есдүгээр сард л бага зэргийг өгсөн сураг дуулдсан. Баянтооройн хамгаалалтын захиргаа үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг учраас аргагүй хүчгүйддэг бололтой. Тэжээлийн савныхаа дэргэд тавхайгаа эргэтэл эргэлдэж, хоолоо эрж буй мазаалай камерт бичигдсэн байна лээ. Бид энэ амьтныг хамгаална хэмээн цээжээ хий хоосон дэлдэхийн оронд тэжээлээр хангаж, өлсгөхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэж бичжээ.
Говь нутгийн нэгэн өвгөн “Говийн баавгай энэ хорвоо дээр хоёр зүйлийг эрсээр яваад дуусдаг эмгэнэлтэй амьтан. Хамгийн эхэнд хоолоо, дараа нь эвшээ эрдэг” хэмээн ярьсан байдаг. Энэ нь мазаалайд хоол тэжээл ямар чухал болохыг илтгэж буй юм. Хэчнээн мазаалай хоол тэжээлгүй, өлсгөлөнгөөс болоод хорогдсон бол. Бид үүнийг мэдэхгүй. Учир нь, байгаль хамгаалагч, судлаачид мазаалайн тоо толгой тогтоох судалгааг хамгийн сүүлд жил гаруйн өмнө хийж, 28 бий гэж үнэлсэн байдаг. Гэвч түүнээс хойш яасан бол.
Өдгөө манай улсад мазаалай хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага цөөнгүй бий. “Мазаалайгаа аврах Монголын алхам”, “Үндэсний бахархал мазаалай”, “Говийн баавгай”, “Мазаалай сан” зэрэг байгууллагын нэр танил сонсогдож буй байх. Тэдний зорилго, үйл ажиллагааны чиглэл ижилхэн.
Бүгд л “Мазаалайгаа хамгаална” гэдэг. Гэвч тэд нэг зүгт харж, нэгдэж ажиллаж чаддаггүйгээс хийж хэрэгжүүлж буй ажил нь үр дүнд төдийлөн хүрдэггүйг мэргэжилтнүүд хэлж байна. Зарим нь мазаалай хамгаалах нэрийн дор мөнгө шамшигдуулах тохиолдол ч бий гэнэ. Уг нь, дээрх байгууллагууд нэгдэж зүтгэвэл 28-хан үлдээд буй мазаалайгаа гадаадынхнаас тусламж, дэмжлэг гуйлгүй хамгаалж дөнгөмөөр санагдана.
Өнгөрсөн сард БОАЖЯ мазаалайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллахаар болж, төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлын протоколд гарын үсэг зурсан. Иргэд “Одоо л нэг дорвитой ажил хийх нь” гээд ам сайтай байв. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад төслийнхөн нам гүм.
Төслийн үйл явц ямар шатанд үргэлжилж буй талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүүгээс тодруулахад “Манай оронд ирж мазаалайн амьдрах орчныг судалсан мэргэжилтнүүд Хятад руу буцсан. Тэд судалгааны үр дүн, санхүүгийн асуудлаа Худалдааны яамандаа танилцуулж буй. Удахгүй төслийн ТЭЗҮ-ийг боловсруулаад, ирэх оноос хэрэгжүүлнэ” гэв.
Судлаачид мазаалайн хорогдох гол шалтгааныг хоол тэжээлийн хомсдол гэдэг. Биднийг цахим орчинд янз бүрийн давалгаа өрнүүлж суутал хэдэн мазаалай минь өлсөж цангаад үхчих вий дээ. Зарим байгууллага говийн үзэсгэлэнт байгаль, мазаалай харах боломж иргэдэд олгохоор аяллын чиглэл тогтоох гэж буй сураг дуулдав.
Тэдний санал санаачилгыг зарим хүн сайшаан дэмжиж байхад “Хэдэн мазаалайгаа үргээж, амьдрах бүс нутгийг нь сүйтгэчих вий” гэж болгоомжлон, хаширлах хэсэг ч байна. Одоо мазаалайд хамгийн хэрэгтэй, юу юунаас ч чухал зүйл бол хоол тэжээл. Ялангуяа ичээнээсээ гарах үед нь буюу гуравдугаар сарын сүүлчээр хоол тэжээл зайлшгүй тавьж өгөх хэрэгтэй байдгийг нутгийн малчид ярьж байна.