“Тарвага устаж байна” гэхээр монгол хүний санаанд төдийлөн буухгүй байх. Гэсэн ч сүүлийн жилүүдэд тархац нутаг нь маш эрчимтэй хумигдаж, тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд буй гэнэ. Монголд яг одоо хэдэн тарвага байгааг хэлэх тоо баримт, дорвитой судалгаа байхгүй.
Гэсэн ч 1990 оноос хойш хулгайн ан цэцэглэж, хамгийн их тарвагатай гэгддэг Баянхонгор аймагт 45, Дорнодод 60, Төв аймагт 78 хувиар тоо толгой нь буурсан гэх, хэсэгчилсэн судалгааны дүн мэдээ байна. Хулгар шарыг хамгаалахгүй хөсөр хаяж, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд манай улс тарвагагүй болж, өөр аль нэг газраас авчран нутагшуулахад хүрч мэдэхийг эрдэмтэн судлаачид анхааруулж буй юм.
Монгол оронд хоёр зүйлийн тарвага байдгийн нэг нь монгол тарвага, нөгөөх нь Алтайн гэх тодотголтой. Хулгайгаар агнах явдал газар авсан нь хулгар шар цөөрөх гол шалтгаан болж, дээрх хоёр зүйлийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо болон холбогдох бусад байгууллагын хамтран гаргасан Монгол орны хөхтөн амьтны “Улаан данс”-нд бүртгэжээ. Тэр дундаа монгол тарвага устаж болзошгүй гэсэн ангилалд багтсан байна. Байдал ийм байгааг манай төр, засгийнхан мэдээ ч үгүй сууж буй.
Харин олон улсын байгууллагаас энэ чиглэлээр багагүй судалгаа хийсэн аж. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой “Монгол тарвага огцом хорогдож байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд тоо толгой нь 75 хувиар буюу огцом цөөрсөн нь бидний судалгаагаар тодорхой болсон. Тарвага монголчуудын хувьд маш амттай, татгалзахын аргагүй сайхан хоол гэдгийг ойлгож байна.
Гэхдээ ховордож буйг нь анхааралдаа авч, хамгаалах шаардлага тулгарчээ. Мэдээж бид “Та нар тарвага битгий ид” гэж заах боломжгүй. Харин энэ талаарх судалгааныхаа дүгнэлтийг олон нийтэд хүргэж, ойлгуулах ёстой. Цаашид Монголын төр, засаг арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв.
Монгол орны хөхтөн амьтны “Улаан данс”-нд Алтайн тарвага, монгол тарвага гэсэн хоёр зүйлийг дурдахдаа Алтайн тарваганы тархац, популяцын тоо толгой, учирч буй аюулын талаарх мэдээлэл хангалтгүй байгааг дурджээ. Тэгвэл монгол тарвагыг устаж болзошгүй гэсэн ангилалд оруулаад, 1990 онд 20 сая байснаа 2001 онд таван сая болж 75 хувь болтлоо цөөрснийг тэмдэглэсэн байна.
Тарвагыг яагаад устгаж болохгүй вэ. Устчихлаа гэхэд монголчууд тарваганы мах идэхээ л болино биз. Өөр сөрөг үр дагавар байхгүй гэж хүмүүс ойлгож магадгүй. Гэхдээ бодит байдал тийм биш аж. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адъяа амьд “экскаватор”-ын ач холбогдлын талаар “Тарваганы нөөцийг нарийвчлан тогтоосон судалгааны ажил сүүлийн жилүүдэд огт хийсэнгүй. Төр, засаг энэ ажилд хөрөнгө зарахгүй байна. Манай хүрээлэнгийнхэн 2000 оны үед орон нутагт нэлээд ажилладаг, судалгааны тодорхой цэгүүдтэй байлаа. Харин түүнээс хойш хэсэгчилсэн байдлаар, нэг аймгийн нутгийг хамрах зэргээр судалгааны хүрээ хязгаарлагдмал болсон.
Хаа сайгүй элбэг байдаг гэж ойлгоод тарвагаа тоохгүй орхиж болохгүй, харин ч хамгийн их анхаарах ёстой. Энэ амьтан хөрсний үржил шимийг сайжруулахад маш чухал нөлөөтэй. Тарваганых шиг нүхийг мөнгө төлөөд хүнээр ухуулна гэвэл маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулна. Гурван метр гүн, олон салаа нүх ухдаг юм шүү дээ. Энэ нь хөрсийг холих үйл явц болдог бөгөөд газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж ирж, тэр нь үр болж ургадаг юм” гэлээ.
Тарвага бүх том махчин амьтны идэш болдог нь хамгаалах бас нэг шалтгаан аж. Чононоос эхлээд махан идэшт шувуу зэрэг олон амьтан хулгар шараар хооллодог. Ийм учир тарвага уствал махан идэшт амьтад хоолгүй болж, мөхөх аюул нүүрлэнэ гэсэн үг юм байна. Өргөн газар нутагт тархсан, олон тоогоор амьдардаг тарвага, дорго зэрэг жижиг амьтад л экосистемд хамгийн чухал үүрэгтэй байдгийн жишээ болж буй нь энэ гэнэ.
Хулгар шарыг устгаснаас болж ямар сөрөг үр дагавар гарсан талаарх нэгэн жишээг Натан Конабой дурдсан юм. Тэрбээр “Тарвагатай ижил төрлийн амьтан АНУ-д байжээ. 1970-аад оны үед тус улсаас “Энэ амьтан өвсөрхөг газрыг талхалж байна” гэж буруу таамаглан, устгаж эхэлсэн байгаа юм. Гэтэл тухайн бүс нутгийн өвс ургамал шууд устаж, цөлжиж эхэлсэн гэдэг.
Судлаад үзтэл уг амьтныг устгаснаас шалтгаалсан байжээ. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутагладаг, шувууд үүрлэдэг, бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог. Энгийнээр хэлэхэд, экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байгаа юм” гэв.
Хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг лавлахад Я.Адъяа “Тарвага үржлийн чадавх өндөртэй, амьдрах чадвар сайтай амьтан. Жилд 10 гаруй мөндөл төрүүлдэг. Тиймээс эхний ээлжинд үржлийнх нь үед агнахгүй байх ёстой. Хээлтэй тарвагыг алах нь 10 амьтан устгасны дайтай гэмт хэрэг. Экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэдэг энэ амьтныг ойрын хугацаанд тоолж, нөөцийг нь үнэлэх шаардлагатай. Зөвхөн хамгаалах биш, өсөж үржиж байгаа газар нь зохистой хэмжээгээр агнаж ашиглах ч боломжтой шүү дээ.
Тарвага мэддэггүй, махыг нь иддэггүй монгол хүн ховор. Дээр нь манайхан агнах арга, багаж хэрэгсэлтэй. Яаж ийж байгаад л тарвага агнах аргаа олдог ард түмэн. Ийм зүйлийг европчууд мэдэхгүй. Монголчууд нүүдлийн мал аж ахуйдаа хавсран ан агнуур хийж ирсэн уламжлалтай. Үүнээс гадна эдийн засгийн ашиг сонирхол үүсчихээд байгааг үгүйсгэхгүй.
Тарваганы арьс, мах багагүй үнэтэй. Иргэдийн амьдрал тааруу байгаа учир тарвага агнаад хэдэн төгрөг олох сонирхолтой хүн цөөнгүй. Ийм олон хүчин зүйл нэг цэгт төвлөрчихөөр амьтанд үзүүлэх сөрөг нөлөө нь ихсээд байгаа юм” гэж ярьсан юм.
Дээр дурдсан асуудлуудаас гадна уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт ч амьд “экскаватор”-ын тоо толгой цөөрөхөд нөлөөлж буй юм байна. Тарвага өнтэй өвөлжиж, хавар ичээнээсээ гарахын тулд биеийн жингийнхээ 30 хүртэлх хувьд өөх хуримтлуулах ёстой гэдэг.
Гэтэл ган гачгийн нөлөөгөөр өвс ургамал ховордож, ийм хэмжээний өөх хуримтлуулж чадахгүйд хүрсэн гэнэ. Ичээнээсээ гарахад нь ган болчихсон, эсвэл хүмүүс агнах гэж айлгадаг зэрэг олон асуудал хулгар шарыг гарцгүй болгож буй. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр ядаж тоо толгойг бүрэн тогтооё.