Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороонд орших “Мобиком” корпорацын гаднах талбайгаас өнгөрсөн амралтын өдөр иргэн Жүгдэрнамжил өрөөсөн далавч нь гэмтэн, нисэж чадахаа байсан халзан түнжүү олжээ.
Тус компанид хамгаалагчаар ажилладаг тэрбээр шувууг олсон даруйдаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдэд хандсанаар Бэлийн голоос эхтэй цэнгэг уст нууранд аваачиж тавьжээ. Ази, Европ, Австрали, Африкийн цэнгэг уст нууранд тархан нутагладаг, дэлхийд ховорт тооцогддог уг нүүдлийн шувууг малын эмчид үзүүлэхэд “Гэмтсэн жигүүр нь бороолон эдгэж байгаа учир хөндөж, дур мэдэн эмчилж болохгүй” гэжээ.
Шувуу юунаас болж гэмтсэнийг мэргэжилтнүүд тогтоогоогүй ч хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны амьтан, ургамал, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Байгалмаагийн хэлснээр бэртэж гэмтэн, үхсэн зэрлэг амьтад нийслэлийн суурьшлын бүсээс олдсон тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарчээ.
Гэвч тэдгээр амьтныг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Тэрбээр “Бид ийм тохиолдолд ихэвчлэн мал эмнэлэгт ханддаг ч “Зэрлэг амьтан үзэхгүй” гэж цааргалдаг учир амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудаас тусламж хүсэж, асуудлыг шийдэж ирсэн. Харин 2017 оны төсөвт суурьшлын бүсээс олдсон зэрлэг амьтныг хамгаалж, тусламж үзүүлэхэд зарцуулах хөрөнгө суулгуулсан” гэлээ.