Зургийг Ш.Батзориг
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Э.Энхзаяагаас энэ сарын цаг агаарын төлөвийг тодрууллаа.
-Өнгөрсөн сарын сүүлчээр нэлээд хүйтэрлээ. Энэ сард тэнгэр ямар байх бол?
-Аравдугаар сарын сүүлчээр хүйтэрснийг эс тооцвол ихэнх нутгаар дулаан байлаа. Энэ сарын хувьд нэгдүгээр 10 хоногийн эхээр харьцангуй дулаан, ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжиж буй. Харин нэгдүгээр 10 хоногийн сүүлч болон хоёдугаар 10 хоногт нэлээд хүйтэрнэ.
Цаашлаад сарын сүүлчээр хүйтний эрч бүр ч чангарах төлөвтэй байна. Энэ үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө хасах 31-36, өдөртөө 19-24 градус хүрнэ. Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнө 19-20, өдөр 8-13, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
-Дээрх үзүүлэлтүүд олон жилийн дунджаас давсан уу?
-Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас 0.5-1 градусаар дулаан байна.
-Цас хэр унах вэ?
-Энэ сарын 5, 6-нд ихэнх нутгаар цастай. Зарим газарт салхи ширүүсэж, цас болон шороогоор шуурна. Нэгдүгээр 10 хоногийн сүүлчээр зүүн, хоёрдугаар 10 хоногийн дундуур нутгийн хойд хэсгээр цастай.
Ер нь ихэнх нутагт олон жилийн дунджаас бага болон дунджийн орчим цас унана. Харин Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун, Булганы ихэнх хэсэгт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.
-Нийт нутгийн хэдэн хувьд цасан бүрхүүл тогтоод байна вэ?
-Өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан мэдээллээр бол 70 хувь нь цастай, Өмнөговиос бусад газарт цасан бүрхүүл тогтсон байна. Ихэнх газарт 0-5, уулархаг нутгаар 11-16, зарим газар 23 см хур тунадастай. Цас их тогтсон газар, ялангуяа нутгийн хойд хэсгээр нэлээд хүйтэрч буй.