Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс энэ сарын 7-ны өдөр гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-аас дээрх мэдээлэлд хариу тайлбар хийлээ. Тус яамныхан Д.Хурцгэрэлийг өөрөө идлэг шонхор шувууг арилжаалах ашиг сонирхолтой болоод БОАЖЯ-ыг “шантаажлан”, сайд Д.Оюунхорол болоод бусад мэргэжилтнүүдийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй тухай мэдэгдлээ. Улмаар БОАЖЯ Д.Хурцгэрэлийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэрээлгэхээр шүүхэд гомдол гаргажээ.
2013 онд Засгийн газрын тогтоолоор ашиг олох зорилгоор шонхор шувууг хилээр гаргахыг хориглосон. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй болохоор БОАЖЯ нэг ч компани, иргэнд ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг барих зөвшөөрлийг олгоогүй байна. Харин энэ жил өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн булангийн орны зарим төлөөлөгчид шонхор барих зөвшөөрөл олгох тогтоолыг Засгийн газар баталсан. Гэхдээ бэлэглэх журмаар хэчнээн идлэг шонхор шувууг гаргасан бэ гэдэг манай яамны мэдэх асуудал биш гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба мэдэгдлээ.
Өнгөрсөн сард тус яамнаас шонхор шувууны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Энэ үеэр судлаачид жилд 7-8 мянган шонхор цахилгаанд цохиулан олноор хоргодож буй судалгааг танилцуулсан байна. Хоргодлын гол шалтгаан нь цахилгааны шон дээр үүрээ засдагтай холбоотой гэж үзсэн байна. Барагцаагаар Монгол Улсад 17 мянга орчим шонхор шувуу бий гэсэн тооцооллыг салбарын яам нь хийжээ. Шонхор шувууг хилээр гаргахыг хориглосон тогтоолыг БОАЖЯ-аас хүчингүй болгох асуудлыг хөндөхгүй гэдгээ илэрхийллээ. Монгол Улс ашиг олох зорилгоор шонхор шувууг барьж, хилээр гаргах зөвшөөрвөл гадаад зах зээлд шонхор шувуу үнэ цэнээ алдана гэж тайлбарлалаа. Мөн ирэх онд шонхор шувуу яг хэчнээн байгаа, жилд хэрхэн өсч үрждэг зэрэг бодит тоог гаргах судалгааг салбарын яам нь хийхээр болжээ.
Аргаль угалзын ангийн тухайд 2015 онд гаргасан Засгийн газрын тогтоолоор 2016 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150-ийг агнах тогтоол гаргажээ. Үүний дагуу БОАЖ-ын сайд тусгай зөвшөөрлөөр агнах тушаалыг гаргасан аж.