Нийслэлийн хойд хэсэг цагтаа зуслангийн бүсэд тооцогддог байсан ч одоо гэр хороололтойгоо хаяа нийлээд ялгагдахгүй шахам болсон гэдэгтэй маргах хүн цөөн биз. Чингэлтэй хайрхны дөрвөн зүг, найман зовхис дахь олон амны нэг Ар, Өвөр Гүнтийн даваагаар зам тавьж, хойд чиглэлийн орон нутгийн иргэдийг цагаа хэмнэх сайхан боломж олгохоор замчид, тэдний гар хөл болсон хүчирхэг техник хэрэгсэл өдөр шөнөгүй ажиллаж байна. Түүнтэй зэрэгцээд туулах чадвар сайтай хүчирхэг машин хөлөглөсөн хэсэгхэн хүн Ар Гүнтийн давааны баруун өмнөд хэсэгт ойн дундах хэсэг газрын моддыг хайр найргүй хугачиж, үндсээр нь булга татан, зам гаргасан байх юм.
1980-аад оны сүүлч хүртэл “СОТ-3”-ын ажилчдын зуслангийн газар байсан Гүнтийн давааны өвөр дэх амралтыг “Зуун найман суварга” компанийнхан эзэмшээд нэлээд удаж буй аж. Байгалийн чулууг нямбайлан засаж, зүсэн, өрж босгосон өндөр хана хэрэм шиг хашаагаар тухайн газраа нэлээд хэдэн жилийн өмнөөс хүрээлсээр удсаныг тэр хавийн оршин суугчид, зам зуур дайрч өнгөрдөг хүмүүс “Мөнгөтэй л хүмүүсийн хийж буй ажил байна даа” хэмээн хэлэлцсээр удав.
Уг хашаа нь Ойн тухай хуульд зааснаар хориотой бүсэд тооцогдож байна. Энэ хуулийн 8.2-т “Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторх ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторх ой хамаарна” гэж заажээ. “Зуун найман суварга”- ын барьсан хашаа нь улсын чанартай авто замаас 100 метр ч хүрэхгүй зайтай. Мэдээж, сүүлд нь зам тавьсан гэх бэлээхэн тайлбар энэ компанийнханд байгаа биз.
Гэхдээ Ойн тухай хуулийн 29.1.10-т “Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах”-ыг хориглохоор заасан. Дээрх компанийн сүндэрлүүлсэн хашаан дотор олон объект байгаа юм. Нийслэл болон бусад хот, суурингийн ногоон бүсийг байгаль орчны тэнцвэр, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах, оршин суугчдын экологийн танин мэдэхүй, амралт, зугаалгын зорилгоор тогтоогддог.
Нийслэлийн ногоон бүсэд Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумын нутаг хамаардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Батсүмбэртэй хил залгаа шахам оршдог Ар Гүнт ногоон бүсэд орох нь гарцаагүй. Хууль, түүнийг дагаж гарсан тогтоол, журамд энэ мэт заалт байсаар атал “Зуун найман суварга” компанийнхан ой модыг хайр найргүй сүйтгэсэн нь эрүүгийн хариуцлагад татах үндэслэл болжээ. Наймдугаар сарын 27-нд Ар, Өвөр Гүнт орчимд нутагладаг иргэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, ой модыг хууль бусаар огтолж, булгалж буйг дуулгасан байна.
Энэ дагуу холбогдох байгууллагынхан шалгажээ. Ингээд хууль зөрчсөн учир Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ. Тус хэлтсийн ажилтнаас энэ талаар тодруулахад “Зуун найман суварга” компанийг чулуун хашаа барьж байхдаа хууль бусаар мод огтолж, ойн санд хохирол учруулсан гэсэн иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалт явагдаж буй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Экологид учруулсан хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрсэн учраас хуулийн дагуу шалгаж байна” гэв.
Үүний дагуу бид газар дээр нь очлоо. Ар Гүнтийн давааг даваад баруун хойноос нь орсон нэгэн ам байв. Тэндхийн зуслангийн иргэд ойд явж байгаад “Зуун найман суварга” компанийн ажилчид зүй бусаар аашилсныг мэдэж, холбогдох байгууллагад нь мэдээлэл хүргүүлсэн гэнэ. Улмаар иргэний үүргээ биелүүлж, “Ой модыг зөвшөөрөлгүй огтолж, бүү зам гарга” гэсэн шаардлага нэг бус удаа тавьсан аж. Гэтэл тус компанийнхан “Ойр хавийн иргэд хэл ам татлаад байна” гээд мотоциклоор хүрдэг хоёр ч зам дээр чулуу, шороо асгаж явах боломжгүй болгосон талаар нутгийн иргэн Г бидэнд ярилаа.
“Зуун найман суварга” компанийнхан ойролцоох энгэрээс чулуу авах зорилгоор модон дундуур зам гаргах гэж байна хэмээн нутгийнханд хэлсэн аж. Харин нутгийнхан чулуу авах зорилгоор бус, мод бэлтгэх л гэсэн болов уу” гэж хардаж буй юм. Газар дээр нь очоод суудлын автомашин явах боломжгүй, хүнд даацын машинууд явсан нь илэрхий, энхэл донхол болсон зам руу мотоциклоор хүрлээ. Ойн чийглэг хөрсийг хүнд даацын автомашины дугуйгаар сэндийчиж чамгүй хэмжээний газрыг эвджээ.
Ингэж явахдаа машины дугуйнд тээг болсон зарим модыг дайрч, үндсээр нь булга татсантай ч тааралдав. Хөрөөдөж унагаад, дараа нь үндсийг нь хүчээр сугалсныг ч харлаа. Тэнгэр өөд тэмүүлэх гэж зүтгэж байсан нялх моддыг ч хуга дайрсан, үндсээр нь булгалсан нь цөөнгүй. Модон дундуур зам гаргах гэж ингэж авирласан нь нүд халтирам харагдаж байв. Ой сүйтгэгчид моддыг огтолж, булгалж байхдаа нэлээд тохь тухтай ажилласан бололтой, чулуу тулан гишүү цуглуулан, гал түлсэн отогтой ч тааралдлаа.
Ийн явсаар хөрөөдөж унагасан, дайрч булгалсан залуу шинэс, нарсыг тоолоход 20 орчимд хүрсэн юм. Энд бут, торлог болон дөнгөж ургаж буй зулзаган моддыг оруулсангүй. Хууль хяналтын байгууллагынхан ч 20-иод мод унагасан гэх мэдээллийг шалгаж байгаа юм билээ. Байгаль орчны сайдын тушаалаар зулзаган, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Түүнд зааснаар нэг метр хүрэхгүй өндөр ургасан шилмүүст модны үнэлгээ 50.000 төгрөг. 1-2 метрийн урттай нь 100.000, 5-6 метрийн урттай нь 300.000, зургаагаас дээш метр өндөртэй нь 350.000 төгрөгийн үнэтэй.
350.000-аас дээш үнэлгээтэй 10 гаруй мод байсан. “Зуун найман суварга”- ынхны гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол экологид учруулсан хохирлыг 2-3 дахин нугалж төлөх заалттай. Одоогоор хэдий хэмжээний хохирол байгаль орчинд учруулсныг тогтоохоор хөндлөнгийн шинжилгээний байгууллагад хандсан, дүгнэлт гарахыг нь хүлээж байгаа гэнэ. “Зуун найман суварга” компанийнхныг шалгахдаа цагдаагийнхан зөвхөн мод огтолсон асуудлаар нь тогтохгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалд тооцогдох чулуугаа хаанаас ямар зөвшөөрлөөр авсан, тогтоож өгсөн газраасаа авсан, эсэх гээд нарийвчлан шалгаж буй тухай мэдээлэл ч байгаа юм.
Түүгээр зогсохгүй өөрсдийн эзэмшлийн талбайгаас хальж, бусдын газарт нэвтэрсэн байхыг ч үгүйсгэхгүй тул кадастрын нарийн зураг гаргуулахаар болсон байна. Мөн батлагдсан замаас өөр газраар байгаль орчинд хохирол учруулж зам гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэнэ.
Юутай ч “Зуун найман суварга” компанийн эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байна. Цаашид энэ хэргийг хэрхэн шийдсэн, хууль бус өөр ямар зүйлүүд тогтоогдсоныг бид цаг тухайд нь мэдээлэх болно.