Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот тушаал гаран хэрэгжиж эхэллээ
Самар түүж бэлтгэх эрхийг яаж авах вэ?
- Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөл эзэмшлийнхээ талбайгаас хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж болно.
- Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийн өмнө ойн анги эсвэл ой зохион байгуулалтын чиглэлийн мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгжээр самрын нөөцийг тогтоолгож, сумын Засаг даргатай гэрээ байгуулан, нөөц ашигласаны төлбөрөө төлж, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийн байгаль хамгаалагчаас авсны үндсэн дээр бэлтгэнэ.
- Иргэнд нэг удаа 25 кг самар түүх зөвшөөрөл олгох бөгөөд ойн дагалт баялаг ашигласны төлбөрөө төлж, тухай орон нутгийн байгаль хамгаалагчаас дагалт баялаг ашиглах эрхийн бичгээ авсаны үндсэн дээр ойд орж самар түүх эрх нь үүсдэг.
Энэ жил хуш модны самарыг хаанаас түүж бэлтгэх вэ?
БОАЖ-ын сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны А/17 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх аймаг сумдыг бүсчилэн тогтоосон. “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүгнэлт, орон нутгаас ирсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох тухай шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргадаг. Үүний дагуу 2016 онд самрыгүйлдвэрлэлийн зориулалтаар:
- Архангай Өвөрхангай Төв Сэлэнгэ Увс Хөвсөл зэрэг 6 аймгийн 16 сумын хушин ойгоос,
- Ахуйн зориулалтаар: Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан зэрэг аймгийн 25 сумын нутаг, Улаанбаатар хотын ногоон бүс, 8 Тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэхээр тогтоосон.
Хуш модны самар түүж бэлтгэхдээ иргэн та:
Хуш модны самар түүж бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;
- Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;
- Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;
- Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;
- Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;
- Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;
- Байгаль орчныг бохирдуулахгүй байх;
- Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх гэх зэрэг болно.
Хууль, тогтоомж зөрчсөн бол хүлээлгэх хариуцлага:
- Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д:
Зохих эрхийн бичиггүйгээр ойн дагалт баялаг ашигласан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан байдаг.
- Мөн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д :
Ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горим зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан.