Уул уурхайн компаниуд Орхон голыг бохирдуулж байгаа тухай мэдээлэл олон нийтийг бухимдуулж буй. Тэгвэл тус голын эхэнд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болжээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллахдаа уг шийдвэрийг гаргасан байна. “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, БМНС, “Голден хаммер”, “Алтан дорнод Монгол” компани Орхон голын эхэнд лиценз эзэмшдэг аж. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид 16 компаниар олборлолт хийлгэж байсны 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ гаргуулаагүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг бичиг баримт бүрдүүлээгүй байжээ.
Д.Оюунхорол сайд “Лиценз эзэмшигчид талбайдаа олон компани гэрээгээр ажиллуулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Нэг талбайд 14 компани зэрэг ажиллаж байсан нь замбараагүй, хариуцлагагүй байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэсэн. Уурхайн компаниуд гадаргын ус ашиглахаа зогсоох хэрэгтэй. Саарал усаа дахин ашиглах технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай” гэсэн юм.
Уул уурхайн компаниуд хууль, дүрэм мөрдөх хүртэл үйл ажиллагааг нь зогсоох бөгөөд мөн хуулийн дагуу нөхөн сэргээлт хийхийн тулд улсын төсөвт барьцаа төлбөрөө байршуулах ёстой гэнэ.