Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сум болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг ээлжит хуваарийн дагуу шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсэг энэ сарын 1-нээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтран явуулсан уг шалгалтаар гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг илрүүлэн, Эрүүгийн хуулийн 214.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Тухайлбал, Хүдэр сумын нутаг, Нуурын тагт гэдэг газарт “Агро копт” компанийн захирал С нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлож байсныг илрүүлсэн байна. Тэрбээр хууль бус үйл ажиллагаа явуулснаар байгаль экологид 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Түүнчлэн тус аймгийн Могойн голд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. Тэрбээр байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн тус аймгийн Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б гэдэг хүн байгаль экологид 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон аж.
Цагдаагийн байгууллага дээрх хуулийн 214.2-т зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэх санал прокурорын байгууллагад хүргүүлжээ. Гол, ус бохирдуулсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан дээрх хүмүүст холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.