Ховд аймгийн Манхан сумын “Эко” клубийн сурагчид өнгөрсөн жил “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, хоёр сар гаруйн хугацаанд малчдаас 500 гаруй хавх цуглуулсан. Сурагчид тухайн үед БОАЖ-ын сайд Н.Батцэрэгт хандан, уг аянаа орон даяар өрнүүлсэн нь иргэдээс талархал хүлээсэн, үр дүнтэй ажил болсон юм. Тэгвэл тэдний энэ санаачилга, идэвх зүтгэлийн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан цахим хуудсандаа онцлон бичжээ. Тус сайтад бичсэнээр “Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2013 оноос баруун аймгуудын зарим ууланд камер байрлуулан, цоохор ирвэс судалж эхэлсэн.
Ингэснээр агнуурын зорилгоор нутгийн иргэдийн тавьсан хавханд цөөнгүй ирвэс орж, хөлгүй болж байгааг илрүүлсэн юм. Энэ аюулыг мэдсэн эко сурагчид хавх хэрэглэхийг эсэргүүцэж, хор уршгийнх нь талаар иргэдэд мэдүүлсэн. Тэдний дуу хоолой зөвхөн орон нутагт бус, үндэсний хэмжээнд хүрсэн нь том амжилт, бас онцгой үйл явдал байлаа. Ховд аймгийн Засаг дарга, БОАЖ-ын сайд тэднийг дэмжиж, санаачилгыг нь үргэлжлүүлэхээ амлажээ. Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд 2012 оны Ан амьтны тухай хуульд уг амьтныг нэн ховор гэсэн ангилалд багтаасан юм” гэж бичжээ.