Угалз. Монголчууд говийн шар шороон шуургыг ингэж нэрлэдэг ч сүүлийн үед энэ нь мартагдаж, түйрэн гэх болсон. Бусдыг айлган сандаргах, үймээн бусниулах гэсэн утга илэрхийлдэг түйвээх гэсэн үгтэй язгуур нэг үгээр сольсон нь ч учиртай байх. Шар шороон шуурга ийнхүү нэрээ сольсон шигээ хамрах хүрээгээ ч тэлж, газар тариалангийн бүс, цаашлаад хилийн чанадынхныг ч түйвээдэг болоод удаж буй. Тийм ч учраас Хятадынх, эсвэл Монголынх гэж ярих нь буруу гэдэгт эрдэмтэн, судлаачид санал нэгдээд буй.
Өнгөрсөн долоо хоногт Монголд болсон “Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал үүнийг гэрчилнэ. Хүн төрөлхтний өмнө тулгамдаад буй шар шороон шуурганы үүсэл, тархац, нөлөөлөл зэрэг чухал олон сэдвийн хүрээнд 50 гаруй орны эрдэмтэд Улаанбаатарт чуулсан юм.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд “Шар шороон шуурга хаанаас үүсэлтэй вэ” гэдэг асуултад хариулт хайж, маргалдсаар байна. МУИС-ийн доктор Э.Сүрэнхүүтэй хэдэн сарын өмнө ярилцахад “Байгалийн гамшигт үзэгдлийг хэн нэгэнд тохоох учиргүй. Түйрэнг Монгол, Хятадаас эхтэй гэж олонх нь үздэг ч Сахарын цөлөөс үүсэлтэй байх магадлалтай гэсэн судалгаа ч бий. Тэр ч байтугай Иран, Пакистан, Энэтхэг, Хятадын шуурга Номхон далайд түйрэн дэгдээдэг гэсэн мэдээлэл ч байна лээ.
Тиймээс үүнийг аль нэг улсынх мэтээр иргэдэд ойлгуулж, батлах гэж оролдох нь зохисгүй. Судлаачид үүнд цагаа бардаг. Шар шороон шуургатай холбоотой үүнээс ч чухал олон асуудал судлагдалгүй хоцорч, эзнээ хүлээж байна” гэж байлаа. Хуралд оролцогчид тэдгээр асуудлын нэг болох тоос, тоосонцрын бүтэц, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг чухалчилснаараа онцлог болсон. Тоос хөрснөөс дэгддэг. Хөрсөнд химийн янз бүрийн хортой элемент их хэмжээгээр агуулагддаг учир хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй аж.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчны судалгааны секторын эрхлэгч, доктор Д.Жүгдэр “Шороон шуурга хүний эрүүл мэндэд хор учруулдгийг гадаадын судлаачид хэдийнэ баталчихсан. Зарим нь нарийвчлан судалж байна. Харин манай улсад энэ чиглэлийн судалгааг дөнгөж эхлүүлж байгаа. Шороон шуурга амьсгалын замын өвчин үүсгэдэг. Нарийн ширхэгтэй тоосонцор ходоод, уушгинд ч орж өвчлүүлдэг. Хөрсөнд агуулагддаг янз бүрийн нян, вирус бүхий бохир агаараар амьсгалахад цусанд маш их сөрөг нөлөө үзүүлдгийг ч эрдэмтэд баталсан” гэв.
Япон, БНСУ-ын судлаачид ч Монгол, Хятадын нутгаас “айлчлан” очсон шар шороон шуурганы тоосонцроос дээж авч, лабораторийн аргаар шинжлэхдээ янз бүрийн хортой 10 гаруй химийн элемент агуулагддагийг нотолсон байна. Гэтэл иргэд энэ талаар төдийлөн мэддэггүй гэдгийг эрдэмтэд онцолсон. Тухайлбал, Японы эрдэмтэд “Шар шороон шуурга ямар уршигтай вэ” гэсэн судалгаа хийхэд оролцогсдын дөнгөж 10 хувь нь л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж хариулсан байна. Олонх нь байгаль орчныг доройтуулж, эд хөрөнгөд хохирол учруулах аюултай гэж тайлбарлажээ.
Тоос хүний биед ямар нэг нөлөөтэй нь ойлгомжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд “Хүчтэй шуурга нэг л удаа болоход олон сая хүний эрүүл мэндийг хохироодог. Дэлхий дахинд агаарын бохирдлоос болж, жилд хоёр сая хүн хорвоог орхидог. Үүний тал хувь нь химийн элементээр бохирдсон тоосонцроос үүдэлтэй. Үүнээс болоод элэгний үйл ажиллагаа нэн түрүүнд алдагддаг” гэж бичжээ. Тэгвэл бид үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах вэ. Хуралд оролцсон эрдэмтэд энэ асуултад шийдэл хайв.
Үүнд мэдээж тухайн улсын байгаль орчны байгууллагууд онцгой үүрэгтэй аж. Гэтэл манай Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хүртэл цаг агаарыг нууцын зэрэглэлтэй болгочихсон. Тэд шороон шуургыг гурав хоногийн өмнөөс урьдчилан мэдээлдэг гэдэг ч заримдаа “унтчихдаг” аж. Энэ нь цаг агаарын онц аюултай үзэгдэл, тэр тусмаа догшин хуй салхийг илрүүлдэг багаж төхөөрөмжийн хүрэлцээ муу байдагтай холбоотой гэнэ. Тухайлбал, хүчтэй шороон шуурга үүсэж болзошгүйг урьдчилан мэдээлдэг радар манайд ганц байдаг нь Морин-Ууланд бий аж. Шар шороон шуурганы голомт бүхий идэвхтэй бүсэд байрладаг манай улсын хувьд энэ нь анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэдэнтээ онцлов.
Одоогоос хоёр жилийн өмнө Архангай аймгийн Хашаат суманд түйрэн дэгдсэний улмаас нэг хүн амиа алдаж, 10 гаруй иргэн гэмтэж, олон мал хорогдсон. Машин хүртэл хийсгэсэн гэдэг. Шар шороон шуурга зөвхөн говьд болдог үзэгдэл биш гэдгийг энэ явдал бидэнд ойлгуулж, аюул ойртож буйг сануулсан. Ганц алхмын цаана байгаа зүйл ч харагдахгүй болтол элсээр шуурдаг нь говийнхны хувьд тийм ч сонин биш. Харин хотын биднийг цочроодог. Тэгвэл ийм хүчтэй шуурганы давтамж гурав дахин ихэссэн гэсэн аймшигтай мэдээг монгол судлаачид тус хурлын үеэр танилцуулав.
Тодруулбал, 1960-аад оны үед говийн бүсэд жилд 20 удаа түйрэн босдог байсан бол сүүлийн үед 60-аас дээш хоног шуурдаг болжээ. Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиудад жилд дунджаар 100 өдөрт түйрэн дэгддэг гэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд говийн бүсэд байрлуулсан цаг уурын станцуудын мэдээнд үндэслэн энэ тооцоог гаргажээ.
Энэ тоог багасгахын тулд бид юу хийх ёстой талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Цөлжилтийн үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Д.Баярбат “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй нь шар шороон шуурганы давтамжид нөлөөлж буй. Үүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд бүс нутгуудад тодорхой ажлууд хийдэг ч хөрөнгө санхүүгийн бэрхшээлийн улмаас тодорхой үр дүнд хүрдэггүй. Түйрэнгийн давтамжийг цөөлөх хамгийн чухал арга бол ойжуулах.
Говийг бүхэлд нь ойжуулах боломжгүй ч иргэд чадлынхаа хэрээр мод тарьж, ургуулах хэрэгтэй. Байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруу ч бас бий. Хөдөө аж ахуйн буруу төлөвлөлт, уул уурхайнхан болон гар аргаар алт олборлогчдын “буянаар” хөрс эвдэрдэг. Говийн хөрс өнгөн хэсэгтээ хатуу байдаг ч дээрх шалтгаануудын улмаас суларч хүчтэй салхи дэгдэх үед жижиг ширхэг бүхий шар шороо агаарт дэгдэж, түйрэн үүсгэдэг. Тиймээс иргэд байгальтай зөв харьцаж, хөрс сэндийчихгүй байхад анхаарах хэрэгтэй” гэв.
Хүнд даацын авто машинууд хөрсийг талхалж, хайран болгодгийг ч тэрбээр онцолсон. Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сум болон Дорнодын зарим хөрс газрын тос зөөгчдийн “ачаар” ихээхэн эвдэрчээ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Японы Нагояагийн их сургууль хамтран зохион байгуулсан “Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт” хурал иргэдэд хэрэгтэй олон мэдээлэл өгсөн, өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Бас бидэнд томоос том дохио өглөө.