Иргэд хууль бусаар самар түүж, худалдах нь ихсэж буйтай холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тус ууланд шалгалт хийж эхэлжээ.
Байгаль хамгаалагчид Жаргалантын аманд самар түүхээр “тухалсан” хоёр отгийн 10 иргэнийг буулгаж, түлсэн галыг нь унтраан, ойр орчиндоо тарьсан хогийг цэвэрлэсэн байна. Мөн тэд Нүхт болон Түрэгийн амыг “самнаж”, 48 автомашин бүхий 300 гаруй иргэнийг уулнаас буулгажээ.
Байгаль хамгаалагчид тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын болон Ойн тухай хуулийн талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарч буй үед ойн түймэр дэгдэх эрсдэл өндөр. Тиймээс цаашид Богд уул руу нэвтрэх харуул хамгаалалтын цэг тогтмол ажиллуулахаар болжээ.