Өнгөрсөн даваа гаригт "Хүн загас" Майкл Фелпс "Today" сувгийн хөтлөгч Мэтт Лауерийн урилгаар телевизийн толк шоунд оролцох үеэр их спортоо орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Би эргэн ирж, өөрийн замналаа хүслээрээ дуусгаж чадсан. Харин одоо гэр бүлдээ анхаарах цаг боллоо. Сүйт бүсгүйтэйгээ амьдралаа босгож, дараагийн шинэ үеийг эхлүүлэх цаг иржээ" гэж ярьсан юм.
Энэ жил 31 настай Фелпс Риогийн олимпоос таван алт, нэг мөнгөн медаль хүртэж, нийт 28 олимпын медальтай болсон билээ. Ингэснээр Фелпс 23 алтан медальтаар замналаа өндөрлөж байна. Хэрвээ Майкл Фелпс тусдаа улс байсан бол ердөө 37 орон л түүнээс илүү олимпийн аваргатай гэсэн тоо гарна.
Фелпс түүний сүйт бүсгүй Николь нар өнгөрсөн тавдугаар сард хүүтэй болсон. Тэд хүүдээ Бүмэр Фелпс хэмээх нэрийг хайрласан юм. Фелпс теле нэвтрүүлэгт оролцох үеэр хүүтэйгээ цуг ирсэн нь олны анхаарлыг татжээ.