Египтийн жүдоч Ислам Эл Шехаби олимпийн эхний тойрогт Израилийн Ор Сассонтой барилдаж, ялагдсаныхаа дараа өрсөлдөгчтэйгөө гар бариагүй. Тэр ч бүү хэл ёсолгоо хийлгүй буусан тул удирдах хүмүүсийн албан шаардлагаар ёсолгоо хийгээд буцсан билээ.
Олон улсын олимпийн хорооноос 34 настай египт жүдочийг өрсөлдөгчтэйгөө гар бариагүй, бусдыг хүндэтгээгүйд хатуу сануулга өгч, олимпийн нэр хүнд, эв найрамдлын бэлгэдлийг гутаалаа хэмээн буруутгасан. Тэгвэл Египтийн олимпийн хорооноос жүдоч эрийг гэртээ харьсан гэдгийг мэдэгджээ.
Эл Шехаби энэ олимпийн эхний тойрогт Израилийн жүдочтой учраа таарсан. Хоёр улсын харилцаа таагүй байдгаас жүдоч эр барилдааныхаа дараа гар барихаас татгалзсан юм.
Харин Сассон энэ талаар “Дасгалжуулагч маань надад түүнийг гар барихгүй байж магадгүй гэж сануулсан. Тиймээс сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байлаа” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, Ислам Эл Шехаби үнэмлэхүй жинд гурван олимпод хүч сорьж буй. Тэрбээр 2010 онд Токиод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нэгэн. Түүнчлэн Африкийн аваргаар 9 удаа тодорч, дэлхийн цуврал тэмцээнээс 18 медаль хүртсэн шаггүй жүдоч. Тэрбээр энэ барилдааны дараа их спортоо орхиж буйгаа зарласан юм.