Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд цэцэрлэгт явах насны 305.744 хүүхэд бий. Тэдний 76.9 хувь буюу 235.412 нь л цэцэрлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын гурав нь цоожтой хаалганы цаана үлдэх, эсвэл эмээ, өвөө, ах, эгчийнхээ гарт хүмүүжих сонголттой нүүр тулах нь.
Харин холбогдох албаныхан “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоог таван жилийн өмнөх байдалтай харьцуулахад 30.1 хувиар өсөж, өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд 44.5 мянган хүүхдийг цэцэрлэгт шинээр хамруулсан” хэмээн мэдэгдэж байна.
Гэсэн ч энэ тоо хангалтгүй байгааг бодит байдал харуулж, эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хонон өнжин дугаарласан хэвээр байна. Сүүлийн таван жил цэцэрлэгт хамрагдсан хүүхэд, үйл ажиллагаа явуулсан болон ашиглалтад оруулсан цэцэрлэгийн тоог графикаас үзнэ үү.