“Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмыг зохион байгуулагчид баасан гарагт болсон нээлтийн ёслолын үеэр “ногоон хөгжил”-ийг онцлон ярьж байсан. Тэд “Мария Ленк” усан спортын төвийн усан сангийн тухай юу ч яриагүй.
Харин өчигдөр буюу мягмар гарагт эмэгтэйчүүдийн 10 метрийн синхрон үсрэлтийн тэмцээний үеэр тус төвийн усан сангийн ус гэнэт хар ногоон өнгөтэй болжээ. Ус даваа гарагт цэнхэр өнгөтэй байсан байна. Яагаад ногоон болсныг тодорхой тайлбарлах хүн байхгүй байна.
Зохион байгуулагчид хэлэхдээ “бид “Мария Ленк”-ийн усны чанарыг шалгаж үзсэн. Тамирчдад ямар ч хор хөнөөлгүй, аюулгүй. Яагаад ийм өнгөтэй болсныг нь шалгаж байна” гэсэн байна.
Усан пологийн тэмцээн болж байгаа зэргэлдээх усан сангийн усны өнгө нь хэвийн байгаа аж. “Гэгээн Патрикийн өдөр”-ийг тэмдэглэн усыг ногоон өнгөтэй болгосон байж ч болох юм гэж эрэгтэйчүүдийн 10 м-ийн синхрон үсрэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн АНУ-ын шумбагч Дэвид Боудиа твиттер хуудсандаа ёжлон бижээ.