Эрэгтэйчүүдийн 90 кг-д манай гол найдваруудын нэг Л.Отгонбаатар барилдана. Тэрбээр “D” хэсэгт хэсэгт оржээ. Манай жүдочийн эхний өрсөлдөгч нь Ноэль Ван Тенд. Өнгөрсөн онд өвдөгний хүнд гэмтлээс эргэн ирсэн голланд эр манай жүдочтой Абу Дабигийн гранприд учраа таарч, Отгонбаатар ялж байв. Түүнийг ялвал саяхан Улаанбаатарын гранпригаар манайд ирээд буцсан Лондоны олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес, залуучуудын дэлхийн аварга Украины Куеджау Набали нарын хэн ялсантай нь хүч үзнэ.
Отгонбаатарын хувьд 2015 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Грекийн домогт бөх Илиас Илиадасыг өвдөг шороодуулан шуугиан тарьж байв.
Манай бөх 2009 оноос эхлэн олон улсын тэмцээнд хүч үзсэн бөгөөд долоон жилийн хугацаанд тэрбээр 73 барилдаан хийж, 48-д ялжээ. Отгонбаатар 1993 онд төрсөн бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат. Ц.Шийрэв багшийн унаган шавь юм.