Риогийн олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээний үеэр “life guard” буюу аврагч бий. Бразилын хуулиар тодорхой заасан хэмжээнээс том усан сан, аливаа тэмцээн уралдаанд заавал аврагч байх шаардлагатай гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аврагчид Майкл Фелпс тэргүүтэй олимпын олон медальтнуудыг “Хэзээ живэх бол?” хэмээн хүлээж суугаа аж.
Тэдний талаар Шинэ Зеландын усанд сэлэгч Мэттью Стэнли “Олимпын тоглолтын үеэр миний сонссон хамгийн хөгжилтэй зүйл байлаа” гэж ярьжээ.
Тус улсын хуулиар бол 6х6 метр хэмжээтэй усан санд хүмүүс сэлэхэд заавал аврагч харгалзах ёстой юм байна.
Хэдийгээр хамгийн хэрэггүй ажил хэмээн онцолж болох ч үзэгчийн хувиар бол азтай гэмээр. Учир нь усан сэлэлтийн тэмцээнийг сонирхох хамгийн өндөр үнэтэй суудал нь 340 ам.долларт хүрдэг. Тиймээс аврагчид өдөр бүр энэ хэмжээний мөнгө хэмнэж байгаа юм.