НОВАК ЖОКОВИЧ ГЭРТЭЭ ХАРИВ:
Эрэгтэйчүүдийн талбайн теннисийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович эхний шатанд Аргентиний теннисчин Хуан Мартин дел Потрод дийлдэж, медальгүй хоцорлоо. Хуан тоглолтоос өмнө нь цахилгаан шатанд сууж байх үеэр гэнэт ажиллагаагүй болж, тэндээ 40 минут “гацсан” ч Жоковичийг хожиход нөлөөлсөнгүй. Одоогоор Испанийн Рафаэль Надаль эхний учраа болох Аргентиний Федерико Делбонисыг илүүрхсэн бол олимпын аварга цолоо хамгаалах үүрэгтэй Их Британийн Энди Маррей Сербийн Виктор Тройкиг 6:3, 6:2-оор буулган авчээ.
Сонирхуулахад, хос төрөлд Бразилын тамирчид болох Томаш Беллучи, Андре Са нар Их Британийн хос болох ах дүү Маррейг ялж, дуулиан тарьжээ.
Түүнчлэн АНУ-ын Серена Уильямс Австралийн Дарья Гавриловаг буулган авсан ч эгч дүү Уильямс хос төрөлд Чехийн Лусиа Сафарова, Барбора Стрикова нарыг барсангүй.
РЕКОРД ТОГТООГЧ КЭЙТИ ЛЕДЕКИ:
Лондоны олимпод 15 настайдаа түрүүлж байсан америк бүсүй Кэйти Ледеки өдгөө дэлхийн хэмжээний алдартай тамирчин болсон. Тэрбээр эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтэд 3:56.46 минутад барианд орж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Ледеки өмнө нь АНУ-ын шигшээ багийн хамтаар 4х100 метрийн буухиа уралдаанд мөнгө медаль авсан билээ.
Түүнчлэн Их Британийн усчин Адам Пети эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд 57.13 секундээр шинэ дээд амжилт тогтоож, олимпын аварга болсон юм.
СКИННЕРИЙН ГАЙХАЛТАЙ ТӨГСГӨЛ:
Австралийн таваг буудлагын төрлийн тамирчин Катерин Скиннер гол өрсөлдөгч Шинэ Зеландын Наталья Руниг ялж, алтан медалийн болзол хангажээ. Тэрбээр эхний сумаа алдсан ч дахин алдаа гаргаагүй юм.
ХАМГИЙН ЗАЛУУ ОРОЛЦОГЧ:
Энэ удаагийн олимпод Балба улсын усанд сэлэлтийн тамирчин Гуарика Синг хамгийн залуу тамирчин болж буй. Тэрбээр дөнгөж 13 настай, Риогийн олимпод өөрийн оролцсон хэсэгтээ тэргүүлж, нийт 34 тамирчнаас 31-р байрт оржээ. Синг хэдийнэ улсынхаа 7 дээд амжилтыг эзэмшдэг аж.
ХЯТАДЫН ВУ ТҮҮХЭН АМЖИЛТ БҮТЭЭВ:
БНХАУ-ын усанд үсрэлтийн тамирчин Ву Мин Хиа өөрийн хамтрагч Ши Тин Маогийн хамтаар гурван метрийн богино тавцангаас үсрэлтээр олимпын аварга болжээ. Ингэснээр Ву таван олимп дараалан 7 медаль хүртсэн амжилтаар олимпын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн үсрэгч болжээ. Түүнчлэн олимпоос медаль хүртсэн хамгийн ахмад үсрэгч болсон байна.
КОСОВОГИЙН АНХНЫ АЛТ:
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д Косовогийн жүдоч Мажлинда Келменди түрүүлсэн. Балканы жижигхэн орон Косово энэ жил анх удаа тусгаар улс болон олимпын наадамд оролцож, анхны тугчаар нь сонгогдсон бүсгүй эхний алтан медалийг нь авчирлаа. Косово түмний итгэлийг өвөртөлсөн шавилхан бүсгүй мөрөөдлөө биелүүлэв.
БНСУ-ЫН ХАРВААЧИД ЯЛАГДАЖ ҮЗЭЭГҮЙ:
БНСУ-ын эмэгтэй байт харвааны тамирчид энэ жил ОХУ-ын баг тамирчдыг 5:1-ээр буулган авснаар энэ төрөлд найман олимп дараалан түрүүллээ. Байт харвааны энэ төрөлд солонгосчууд 1984 оноос хойш босоо яваа юм.
ОЛИМПЫН РЕКОРД ТОГТООСОН Ч...
Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-д БНХАУ-ын тамирчин Ли Яа Жун огцом өргөлтөд 101 кг туйванг түвэггүй өргөж, олимпын рекорд эвдсэн ч түлхэлттэй өргөлтөд захиалгаа гүйцэтгэж чадаагүй тул медальгүй хоцорчээ.
САМБА БҮЖГИЙН ХАТАН:
АНУ-ын Симон Билес гимнастикийн үзүүлбэрээ гүйцэтгэхдээ самба бүжгийн ая тавьсан нь нутгийн хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөв. Билес болон Куе Нада, Хорсе Бен Ёр нар одоогийн байдлаар 185.238 оноогоор тэргүүлж байгаа нь хоёрдугаарт яваа БНХАУ-ын тамирчдаас 10 гаруй оноогоор илүү юм.
БҮТЭЛГҮЙТСЭН Ч ОЛИМПООС МЕДАЛЬ АВНА:
Спортын хөгжилтэй үйл явдлын тоонд Австралийн усанд үсрэгч Мэддисон Кееней гэх нэр орж байсныг санаж байна уу? Энэ бүсгүй ДАШТ-ий үеэр маш том алдаа гаргаж, насаараа яригдах “онигоотой” болоод амжсан. Тэгвэл энэ удаа Мэддисон дээрх алдаагаа залруулж, Анабел Смитийн хамтаар хос төрөлд олимпын хүрэл медаль хүртсэн юм.