- Энэ олимпоос эхлэн сонирхогчдын бокст дуулга ашиглахаа больж байгаа.
- Оноо тоолох хуучин системийг сэргээсэн.
- Мэргэжлийн боксчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн. Хэдийгээр Владимир Кличко, Мэнни Пакьяо нарын домгууд ирээгүй ч хангалттай нэр хүндтэй хоёр боксер Риогийн рингийг чимэх нь. Сонирхолтой нь тэд хоёулаа өмнө нь сонирхогчдын боксоор хичээллэж байжээ. Камерун гаралт Францын иргэншилтэй Хассан Н’Дам Н’Жикам 12 жилийн өмнө Афины олимпод зодоглож, ¼ шигшээд хүрээд Гайдарбек Гайдарбековт дийлдэж байлаа. Харин тэрбээр мэргэжилд шилжсэнээсээ хойш 34 ялж (үүнээс 20-ийг нь хүнд цохилтоор дуусгасан), ердөө 2 хожигдсон. Тэгвэл цагтаа IBF-ийн хөнгөн жинд аваргалж байсан Амнат Руенроенг (17-1) Бээжингийн олимпод оролцож байжээ.
- 2007 онд АНУ-д болсон ДАШТ-ий үеэр олимп, дэлхийн аварга гурван тамирчин нь оргосонд хилэгнэсэн Фидель Кастро Бээжингийн олимпод нөөц тамирчдаа оролцуулах шийдвэр гаргаж байв. Үр дүнд нь Эрх чөлөөний арлынхан ганц ч алтан медаль хүртэж чадсангүй, ялгуусан амжилтдаа хар толбо үлдээсэн удаатай. Цаг хугацааны эрхээр залуус эрийн цээнд хүрч, Лондоны олимпоос хоёр ч алтан медаль хүртсэн. Тэгвэл дөрвөн жилийн өмнө аварга болсон Сотолонго, Рамирес нараас гадна дэлхийн 3 удаагийн аварга Хулио Сезар, Лазаро Альварес, олимпийн медалиар цангаж буй Эрисланди Савон нарын хүчтэй тамирчид Риод хүрэлцэн ирээд байна.
- “Афин 2004”-өөс ганцхан алттай буцаж, “Бээжин 2008” онд багаараа дөнгөж ганцхан медаль хүртсэн АНУ энэ тэмцээнд байж болох хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ ирүүлжээ” хэмээн боксын мэргэжилтнүүд шивэр авир хийлцэж байна.
- Оросуудыг дайрсан шуурга бокст харьцангуй хөнгөн туссан. Тийм учраас хойд хөршийнхөн супер хүнд жингээс бусад ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөх чадвартай хүчтэй багаа илгээсэн нь “Рио 2016”-гийн боксын тэмцээнийг сонирхолтой болгох гол хүчин зүйлийг нэг мөнөөс мөн билээ.