Шар хоолойн ам
“Манай эндхийнхэн байгальд ээлтэй хүмүүс биш ээ. Голын хамгаалалтын бүсэд гэр бариад буучихна. Мод огтолж түлнэ. Энэ хожуулуудыг арваад жилийн өмнө байсан л гэдэг. Жилээс жилд тоо нь нэмэгдээд л байгаа юм. Өчнөөн хожуул дунд хоёр ургаа мод байгаа нь сонин биз дээ. Дараа жил гэхэд тэр хоёр мод ч алга болчихсон л байх биз.
Мод үржүүлнэ гэсэн бүсэд нь өнгөрсөн намар айл буучихсан. Тэнд бүр өвөлжөө барьчихсан байгаа. Тэр харж байна уу (уулын аманд байрлах хоёр гэрийг заав). Цаана нь өвөлжөө нь байна. Тэднийх өвөлжингөө уулын мод түлсэн шүү дээ. Модны хулгай 2000 оны эхэн үеийнхээс хамаагүй багассан ч мэр сэр гарна аа. Байгаль хамгаалагч Бямбаа гэж хүн их л тэмцдэг юм.
Гэхдээ энд удаан суурьшсан хүмүүс бие биенээ таньдаг болохоор хошуу хүргээд байх бас хэцүү. Өнгөрсөн хавар гурван хүнийг мод огтолж байхад нь бариад өгчихмөөр л санагдсан. Портер дээр мод ачиж байхыг нь харсан” гэж Буяндаваа ярив. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хороо, Шар хоолойн амны ойролцоо байрлах нэгэн амралтын газрын манаач.
“Гачууртын Шар хоолойн аманд амьдардаг хүмүүс мод огтолсон байна” гэх мэдээллээр тэндхийг зорьсон бид цөөнгүй хүнтэй уулзсаны нэг нь Буяндаваа гуай юм. Тэднийх өнгөрсөн намраас энд оршин суух болжээ. Шар хоолойн амны байгаль хамгаалагчийн машин ногоон өнгөтэй тул холоос харахад андашгүй, мод үржүүлэх ёстой газар дур мэдэн буусан айлын хотонд боохой айлчилсан, сүүлийн үед малын хулгайчид тэр хавиар эргэлдэх болсон зэрэг олон зүйлийг түүнээс сонссон юм. Эндхийн иргэд нэг нэгнээ андахгүй мэднэ гэдэг нь үнэн аж. Суурингаас долоо орчим километрийн цаахна бидний зорьсон газар байдаг гэнэ.
Шар хоолойн аманд жижиг гэхээргүй суурин байдаг юм байна. Суурин бий болсон цагаас л ой мод хүний гарт өртөх болсон гэнэ. Тэндхийн эргэн тойрны уулын энгэрийн “царай”, тэр дундаа авч, хаяж ч болдоггүй хожуулууд үүнийг нотолно. Мөн ургаа модыг тайраад барьчихсан хашаа ч цөөнгүй харагдсан.
Модны хулгайн талаар оршин суугчдаас нь тодруулахад “Мэр сэр гарна аа. Портертой хүмүүс мод ачдаг юм билээ. Хотоос зайдуу болохоор шөнийн цагаар машин явдаггүй байсан. Гэтэл сүүлийн үед машинтай хүмүүс шөнөөр явдаг болчихсон. Бид байгаль хамгаалагч Бямбаад машин явсан талаар хэлдэг. Бодвол шалгадаг байлгүй. Ажлаа бидэнд тайлагнах биш. Энэ хавьд хөрөө рамтай айл цөөнгүй бий. Унасан мод, хожуулыг шөнө ачиж авчраад түлдэг хүмүүс байдаг шүү дээ” гэв.
Шар хоолойн амны байгаль хамгаалагч Х.Бямбаагаас модны хулгайн талаар тодруулахын тулд багагүй эрэл хийсэн юм. Эцэст нь түүнтэй холбогдоход биднийг ирсэн талаар хэдийнэ сонсчихсон байв. Суурингийн баруун урд байрлах уулын энгэрт түүнтэй уулзахаар болзсон юм. “Мод их удаан ургадаг юм билээ. Энэ хожуулууд дунд 2000 мод тарьж байгаа. Хоёр жилийн өмнө суулгасан ч өдий хэр л ургаж байна даа” хэмээн долоовор хуруугаа гозойлгож харуулсан түүнээс хэдэн асуултад хариулт авснаа хүргэе.
-Энэ хавийн иргэд мод огтолж байна гэх юм, үнэн үү?
-Саяхан (Энэ сарын 2-ны 15.40 цаг) Цогоо над руу залгаад “Бямбаа ах аа, танай тэнд ногоон мод огтлоод байгаа юм уу” гэж асуусан юм. Ойрын хэдэн жил ийм зөрчил гараагүй болохоор их гайхлаа. Уг нь ногоон мод огтолж байхыг хүн харсан бол надад хэлэх учиртай, Гурван модны тийшээ юм болов уу гэж бодож байлаа. Надад одоогоор мэдэгдсэн зүйл алга.
-Цогоо гэж хэн билээ?
-Манай хэсгийн ахлагч. 2009 онд намайг энд ирэхэд модны хулгай ширүүн байсан. Намайг ирснээс хойш ийм зөрчил гарахаа больсон. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг ярьснаас болж буйг хэлсэн нь дээр шүү дээ. Одоо хөрөө рамтай айл байхгүй. Хүмүүсийн сэтгэхүй ч өөрчлөгдөж, түлээний модоо ч зөвшөөрлөөр авдаг болсон.
-Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын эх сурвалж энэ аманд зөрчил их гардаг тухай хэлсэн. Бас гарал үүсэл нь тодорхойгүй мод ачсан машинууд явдаг тухай мэдээлсэн.
-Тийм зөрчил гараагүй. Шарын амтай андуурсан байж магадгүй. Ойн цэвэрлэгээ явуулж байгаатай холбоотойгоор хүмүүс андуурч байж магадгүй шүү. Энэ хавьд тийм зөрчил гарсан бол хамгийн түрүүнд би мэдэх учиртай. Би ганцаараа уулын амуудыг шалгах хэцүү, иргэд надад их тусалдаг. Ийм байхад мод огтолж байна гэхээр нь хэдэн хүнийг хардаж байлаа.
Мод үржүүлгийн газарт барьсан өвөлжөө
-Тэр хүмүүс модны хулгайч гэсэн үг үү?
-Хүмүүст их шаардлага тавихаар худал мэдээлэл өгдөг тал бий.
-Хэд хоногийн өмнө энд хөрөө рамны дуу сонсогдсон гэсэн.
-Энд нэг өвгөнийх байдаг юм. Дээхнэ үед шургаагаар хашаа барьчихсан юм билээ. Хашаа нь муудчихаар шургаагаа голоор нь хувааж, сэлбэхийн тулд цахилгаан хөрөө ажиллуулсан гэсэн. Түүнээс биш хөрөө рамтай айл одоо энд байхгүй. 220 вольтоор ажилладаг жижиг нь л бий.
-Түлээний мод бэлтгэхдээ таниас зөвшөөрөл авна биз дээ?
-Тийм. Энэ сарын 10-наас зөвшөөрөл өгнө дөө. Би хэрэглээний бус, түлээний л зөвшөөрөл олгодог. Унасан нэг модыг ч зөвшөөрлөөр авч түлэх ёстой шүү дээ.
-Тэгэхээр одоо өгөхгүй гэж үү?
-Одоо ч өгнө л дөө. Бороо орвол түлээ хэрэгтэй шүү дээ. Мод бэлтгэх зөвшөөрөл авсан айлыг би заавал дагаж явж хянадаг.
-Долдугаар сард хэдэн зөвшөөрөл өгсөн бэ?
-Гурвыг өгсөн.
-Айл өрх, амралтын газар ихтэй бүс атлаа цөөхнийг өгчээ.
-Манай эндхийн хүмүүс ихэвчлэн аргал түлдэг. Амралтын газрууд нь ахуйн хий ашигладаг. Гол төлөв хөгшчүүл амардаг юм гэв.
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын эх сурвалж “Шар хоолойн аманд гарч буй зөрчил, илрүүлсэн хэргийн мэдээлэл манайд ирдэг. Гэхдээ сүүлийн үед их хэмжээгээр мод огтолсон зөрчил илрээгүй ч гарал үүсэл нь тодорхойгүй, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн мод ачсан тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг” гэж мэдээлснийг Х.Бямбаа үгүйсгэсэн юм.
Харин тэндхийн оршин суугчид өнгөрсөн сарын 31-ний шөнө дунд модны хулгайчид буугаад мордсон байх магадлалтайг хэлсэн. Мөн хөрөө рамтай айлууд ч байдаг гэдгийг цөөнгүй хүн ярьж байхад байгаль хамгаалагч нь үгүйсгэж буй.
Түлээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөл авсан хүн хоёр метрээс уртгүй мод бэлтгэх ёстой. Гэвч тэндхийн оршин суугчдын хашаанд тогтоосон хэмжээнээс ч урт шургаагууд байсан юм. Байгаль хамгаалагчийнхаа аав, ээж нь ирснийг, эхнэр нь жимсэнд хаашаа явсныг мэддэг иргэд худал хэлээгүй байлтай.