Зуны XXXI олимпын наадам Улаанбаатарын цагаар маргааш өглөө хөшгөө нээнэ. Орон, орны шилдгүүдтэй спортын ариун талбарт өрсөлдөхөөр манай 43 тамирчин Бразил улсын нийслэл Рио-де-Жанейро хотод очоод буй. Монголчууд олимпын наадамд албан ёсоор эрх авч оролцдог болсон 1992 оноос хойш ийм өргөн бүрэлдэхүүнтэй олимпод өрсөлдөж байсан удаагүй.
Найман жилийн өмнө 29 тамирчин Нанхиад улсыг “дайлаар мордож”, хос алт, хос мөнгөн медальтай ирсэн түүхтэй. Үүний дараа Будант Албионд 29 тамирчинтай зочлон таван (хоёр мөнгө, гурван хүрэл) медаль “олзлон” ирсэн билээ. Өдгөө монголчууд Риог зорьсон тамирчдынхаа дээлийнх нь захыг мушгин дэмжиж сууна. Манай тамирчид ямар амжилт үзүүлэх талаар гадаадын хэвлэлүүд өөр өөрсдийн таамаг гарган ам уралдуулан ярьж байна. Тэдний таамагласнаар бол манайхан 10 медаль хүртэх гэнэ. Харин манай сайт та бүхэнд өөрийн таамгаа толилуулж байна. Жүдочдоос Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар, М.Уранцэцэг, Д.Сумъяа нар медаль хүртэх боломжтой. Тэд 2012-2016 онд хэрхэн барилдсаныг хүргэж байна.
Барилдаан Ялсан Ялагдсан Медаль
Д.Төмөрхүлэг 143 108 35 32
Л.Отгонбаатар 68 46 22 13
М.Уранцэцэг 137 99 38 32
Д.Сумъяа 149 109 40 33
Манай дөрвөн жүдоч олимпоос олимп хооронд ямар амжилт үзүүлснийг харж, уншигчид маань өөрсдийн дүгнэлтээ гаргана биз ээ.
Чөлөөт бөхөөс С.Батцэцэг, П.Орхон, Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нар медалийн тавцанд зогсох болов уу. Дэлхийн хошой аварга С.Батцэцэг хамгийн магадлал өндөртэй нь. Тэр 2015 оны ДАШТ-ий дэвжээнд таван барилдаан хийхдээ наймхан минут зарцуулсан нь өрсөлдөгч нараасаа хэр тасархай байсныг илтгэж буй юм. С.Батцэцэг дөрвөн жилийн өмнө авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргах зорилготойгоор Риод очсон биз ээ. Бид ч түүнд тийм итгэл хүлээлгэж байгаа. Гавьяат Лондоны олимпоос Рио хүртэл оролцсон тэмцээн бүрт медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ. Мөн Пүрэвдоржийн Орхон хэмээх охинд монголчууд ихээхэн найдлага хүлээлгэж байгаа. 13 жилийн турш ялагдал гэгчийг мартаад байсан Японы алдарт Каори Ичог “Алтан гран при” тэмцээний хатуу дэвжээнд оноогоор цэвэр ялсан тэрбээр Риогоос ямар ч өнгийн медальтай ирэх бүрэн боломжтой. Чөлөөтийн эрэгтэйчүүд дундаа дэлхийн ур чадвараар дээгүүрт ордог Г.Мандахнаран, эр бяр тэгширч яваа Э.Бэхбаяр нар медаль зүүх болов уу.
Манай боксчдоос Д.Отгондалай, мэргэн буудагчдаас Ц.Мөнхзул нар олимпын медаль хүртэх цаг нь болсон биз ээ. Мөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа найман жилийн өмнө авсан мөнгөн медалиа ихэрлүүлээд ирэх боломжтой.
Сонирхолтой баримт
•Манай тамирчдын дундаж нас 26.9
•Төрсөн газараар нь авч үзвэл, Улаанбаатар хотод төрсөн найман тамирчин Риог зорьжээ.
•Аймгуудаас Өвөрхангай хамгийн олон буюу зургаан төлөөлөгчөө олимпод илгээсэн байна.
•Хамгийн залуу нь усанд сэлэлтийн төрөлд оролцох 16 настай Б.Есүй.
•Хамгийн ахмад нь байт харвааны төрөлд цэц сорих 44 настай Ж.Гантөгс.
•О.Гүндэгмаа хамгийн олон (зургаа дахь) олимпод оролцож байгаа юм.
•Манай 43 тамирчнаас 27 нь анх удаа олимпод оролцож байна.