Ойн хортон шавьж энэ жил өнгөрсөн онуудаас элбэг тархаад буй. Тэр дундаа олны мэддэгээр цагаан эрвээхэй буюу өрөөсгөл хүр Улаанбаатар хотод нэлээд ихэсчээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзоригоос энэ жил хортон шавьж болон цагаан эрвээхэйн тархалт хэдий хэмжээний га талбайг эзэлж буйг тодрууллаа. Манай орны ойн санд 16 орчим зүйлийн хөнөөлт шавьж тархсан байдгийн дотор Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй элбэг аж.
-Хэдэн га талбайд хөнөөлт шавьж тархаад байна вэ?
-Ойн судалгаа, хөгжлийн төвөөс энэ жил 15 аймгийн 85 суманд хөнөөлт шавьжны тархалтын судалгаа хийлээ. Судалгааны дүнгээс үзэхэд 15 аймгийн 75 сумын 760.000 га талбайд ойн хортон шавьж тархжээ. Үүнээс 560.000 га талбайд нь хортонтой тэмцэх зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байна.
-Цагаан эрвээхэй хэр том талбайг “эзэлсэн” бэ. Арга хэмжээ авч байгаа юу?
-Хортон шавьж тархсан нийт талбайн 50-60 хувьд нь өрөөсгөл хүр буюу цагаан эрвээхэй байна. Тэр дундаа Улаанбаатар хот орчмын ногоон бүс, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгийн Мандалд нэлээд их байгаа юм. Эдгээр газар болон Булганы Тэшиг, Хутаг- Өндөр суманд цагаан эрвээхэйтэй тэмцэх ажлыг манай төвөөс зохион байгуулж буй.
-Хэдий хүртэл цагаан эрвээхэй хотыг бүрхсээр байх юм бол?
-Өрөөсгөл хүрийн дөнгөж нисэж эхлэх үе нь одоо эхэлж буй. Есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Энэ сарын дунд үеэс нисэх нь эрчимжиж, оргилдоо хүрэх тул улам олширно.
-Иргэдийн эрүүл мэнд болон ой модонд хор хөнөөл ихтэй юү?
-Хүний биед харшил үзүүлж болно. Харин нисэх үедээ ой модонд ямар нэгэн хор нөлөөгүй. Хавар, өндөгнөөсөө гарч авгалдай болох үедээ ойд хөнөөлтэй байдаг.
-Энэ жил өмнөх жилүүдийг бодвол хортон шавьж их тархаад байгаа нь ямар учир шалтгаантай вэ?
-Хэт олшролынх нь жил тохиосонтой холбоотой. 2002 оноос хойш тархалт бага байснаа энэ жил ихэссэн. Энэ байдал ирэх жил ч үргэлжлэх тул хортон шавьжтай тэмцэх зардлыг төсөвт нэмж тусгах шаардлагатай. Харин дараагийн жилээс нь тархалт багасаж эхэлнэ.