Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар аялагчдын “ачаар” хогийн цэг болж буй тухай “Өнөөдөр” сонин долдугаар сарын 25-нд “Хогийн цэг” нийтлэлээрээ хөндсөн. Тусгай хамгаалалттай бүс нутагт хамаардаг ч төр, засгийн тоомжиргүй байдал, иргэдийн бүдүүлэг зангийн уршгаар хогийн цэг шиг болтлоо бохирдсон тус газрын тухай нийтлэлийн мөрөөр залуус нэгдэж, их цэвэрлэгээ хийжээ.
Тодруулбал, “Монгол тулгатан” ТББ-ын залуучууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи-Тэрэлж орчим, хамгийн их хогтой гурван км газрыг цэвэрлэсэн байна. Тэдний санаачилгыг Налайх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс дэмжин хог ачих машин гаргаснаас гадна зарим аялагч ч сайн дураараа нэгдсэн гэнэ. Залуус энэ ажилд иргэдийг оролцохыг уриалж буй бөгөөд цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй аж.