Улаанбаатарыг бүрхээд байгаа өтгөн утаа ОХУ-ын Сибирьт их хэмжээний газар нутгийг хамран дүрэлзэж буй ойн түймрээс улбаатайг албаны эх сурвалжууд мэдэгдэв. Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг ч түймэргүй байгаа аж. Харин энэ сарын 20-ны байдлаар гэхэд л Красноярскийн хязгаарт нэг сая ам метр талбайг хамарсан ойн түймэр дэгдсэний улмаас Эрхүү муж болон 11 бүс нутаг ихээхэн утаатай байгаа аж. Тэр дундаа хойд хөршийн Сибирь, Байгал далай орчимд өдгөө ойн түймрийн 200 гаруй голомт байгаа бөгөөд уржигдраас салхины урсгал баруун хойноосоо чиглэлтэй болсон тул утаа нь манайх руу орж ирсэн гэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн инженер Х.Цолмон “Орост гарсан их хэмжээний түймрийн утаа агаарын өндрийн урсгалын нөлөөгөөр Монгол руу орж ирээд байна. Харин нөгөөдрөөс агаарын өндрийн урсгал өмнөөс чиглэлтэй болох тул энэ утаа арилах төлөвтэй. Гэхдээ тав хоногийн урьдчилсан мэдээнээс харахад агаарын өндрийн урсгал энэ сарын 27-ноос дахиад баруун хойноос чиглэхээр байгаа” гэв. Тус хүрээлэнгээс авсан хиймэл дагуулын зургаас харахад утаа зөвхөн Улаанбаатар ч гэлтгүй, манай орны төв болон баруун хойд хэсгээр бүрхжээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн С.Галтзулын хэлж буйгаар Сибирь, Байгал далай орчмын түймэр манай хилээс харьцангуй хол, үүнээс гадна ойрд бороо хур элбэг байгаа учраас Монголд түймэр орж ирнэ гэж санаа зоволтгүй гэнэ. Магадгүй түймэр хилийн зурваст ойртлоо гэхэд оросууд түүнийг хил давуулалгүй унтраах үүрэгтэй бөгөөд манай тал ч түймрийг унтраалцах боломж нөөцтэй гэдгийг тэрбээр хэлэв. Харин зуны дэлгэр цагт аялал зугаалгаар явж буй иргэд, ялангуяа Байгал далай орчимд амрах гэж байгаа хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.