Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 6 дугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн иргэдийн хайхрамж болгоомжгүй байдал, эцэг, эх асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон зэргээс шалтгаалан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 8 аймгийн 9 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 13 удаа гарч, 18 хүн осолдсоны долоо нь хүүхэд байна.
Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдэж байгааг анхаарууллаа.