Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр заасны дагуу нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014, 2015, 2016 онд гурван удаа нэмэгдүүллээ гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2012 онд 180.300 төгрөг байсан бол 2016 онд 251.000 төгрөгт хүрч 40 хувиар нэмэгджээ. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 49 хувиар нэмэгдэж, 216.000 төгрөгт хүрсэн байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 306.200 төгрөг болж 38 хувиар нэмэгджээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн хэрэгжсэн гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ээс 35 хувиар нэмэгдүүлж 140.000, асаргааны тэтгэмжийг 33 хувиар нэмэгдүүлж 64.000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.