Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр Зайсан дахь Богд уул сувиллын газрын эмч, сувилагч нар ирж, БОНХАЖ-ын сайдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, тус сувиллын хашаанд хууль зөрчин өөр байгууллагад газар олгосон учир сувиллынхан шүүхэд хандсан байна. Шүүхийн анхан шат, давж заалдах болон Дээд шүүх гээд гурван шатанд нь эмнэлэг сувиллынхан ялжээ. Товчоор хэлбэл, Байгаль орчны яам эмнэлэг сувиллын хашаанд газар олгосон нь хууль зөрчсөн байна гэж гарчээ.
Шүүхийн тус шийдвэрийн дагуу Байгаль орчны яам болон холбогдох газруудад 20 гаруй удаа албан бичиг, тоот ирүүлсэн ч салбарын яам нь авч хэлэлцэж, хэрэгжүүлэхгүй, сувиллын эзэмшил газрын гэрчилгээг сунгахгүй өнөөг хүрчээ. Тэгээд өнгөрсөн долоо хоногт сувиллын хашаа руу хүч түрэн дайрсан асуудал гарч, улмаар яамны зүгээс эмнэлэг сувиллыг “Та нар яагаад газрын гэрчилгээгээ сунгуулаагүй юм, гэрчилгээгээ сунгуулаагүй учраас хүчингүй ш дээ” гэдэг байдлаар асуудлыг ярьж эхэлсэн байна.
Тиймээс асуудлаа өөрсдийн биеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт танилцуулахаар ирсэн байна.
Эмнэлэг сувиллын захирал, эмч Уянгаа “Сайдаас өмнө БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга Батсансартай уулзахад зургаан жилийн турш үргэлжилж байгаа жижүүрийн хариултаа өглөө. Тусгай хамгаалалттай газар нутгийн газрыг Нийслэл шийддэггүй. Гэтэл Батсансар дарга ярихдаа, “Танай байгууллага Нийслэлийн харьяа газар юм байна. Тиймээс Нийслэлийн газрын алба, Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад танай газрын асуудлыг шийдвэрлүүлж өгье” гэсэн.
Тиймээс тус эмнэлэг сувиллынхан асуудлыг шийдвэрлэх талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт шаардлага хүргүүлж, асуудлыг шийдүүлэхийн төлөө тууштай зогсож, эмнэлэг сувиллын газрынхаа болон эмнэлэг сувиллаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаална гэдгээ сайдад албан ёсоор мэдэгджээ.