Өндөр хүчдэлд цохиулсны улмаас амиа алдсан шувуу газарт сарвайн хэвтэж буйтай таарсан нэгэн зургийг нь дарж цахим хуудсандаа оруулахад хүмүүс дуу алдан, сүржигнэцгээнэ. Зарим нь түүнийг өрөвдөн шогширно, нөгөө хэсэг нь эрчим хүчний компаниудыг буруутгаж, зүхнэ. Гэвч шувуудын төлөө тэдний хэн нь ч юу ч хийдэггүй. Шувуудын амьдрал ямар аюултай нөхцөлд буйг мэдэхгүй.
Орон нутгаар явж байхад цахилгаан шугам дагуух газруудад үхсэн шувууны сэг зэмнээс их зүйл байдаггүйг судлаачид хэлсэн. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн жилд 4000 идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэгийг тогтоожээ. Өөр олон шувууны амьдрал ийм шалтгааны улмаас дуусдаг ч тэр талаарх нарийн тооцоо, судалгаа манайд алга л байна.
Хий хоосон сүржигнэхээс хэтрэхгүй, шийдэж чадахгүй хойш тавьсаар буй олон асуудлын нэг нь өндөр хүчдэлд зэрэмдүүлэгсдийн энэ зовлон. Судлаачдын хэлж буйгаар жил бүрийн дөрөв, тав, долдугаар сард өндөр хүчдэлд “цаазлуулагсдын” асуудал хөндөгдөж, бусад үед мартагдчихдаг гэнэ. Учир нь энэ үед л шувуу үхэх хорогдох нь ихэсдэг тул хүмүүст эрх биш нэгийг бодогдуулдаг бололтой. Дөрөв, тавдугаар сард үржлийн үе нь таардаг учраас маш идэвхтэй явж, хосоо олон, үүрлэх газраа сонгодог бол долдугаар сарын сүүлчээс ангаахайнууд нь нисэж эхлэн, үүрнээсээ олноор гарч аюулд өртдөг аж.
Шувууд өндөр хүчдэлд цохиулж эндэх асуудал хүн төрөлхтөн хот сууринтай болж, цахилгаантай холбогдсон үеэс л бий болсон. Тийм ч учраас улс орон бүр анхаарал хандуулан судалж, арга хэмжээ авч байна. Олон улсын зэрлэг амьтан хамгаалах төв (IWC)-ийн 2005 онд хийсэн судалгаагаар жил бүр 550 сая махчин шувуу барилга байгууламж, 130 сая шувуу өндөр хүчдэл, 80 сая нь автомашинаас болж, 30 мянган шувуу салхин сэнсэнд гэмтсэний улмаас эндэж буй гэсэн тооцоо гарчээ. Гэтэл тус байгууллага арван жилийн дараа буюу 2015 онд дахин судлахад өндөр хүчдэлд өртөгсдийн тоо 200 саяар нэмэгдсэн байна. Энэ нь шувууд өндөр хүчдэлд цохиулж эндэх нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буйг илтгэж байгаа юм.
Манай оронд жил бүр хэчнээн шувуу эндэж буйг нарийн тооцоолон гаргасан судалгаа мэргэжлийн байгууллагад алга. Харин судлаачид, амьтан хамгаалах байгууллагууд тодорхой газруудад хэсэгчилсэн судалгаа хийсэн нь цөөнгүй аж. Энэ асуудлаар нэлээд дорвитой судалж буй нь Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв. Тэд 2006 оноос эхлэн Абу-Дабигийн Хүрээлэн буй орчны агентлагийн санхүүжилтээр идлэг шонхрын үржлийг дэмжих зорилгоор “Хиймэл үүр” төсөл хэрэгжүүлжээ. Өнөө хүртэл үргэлжилж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Төв аймгийн 20 суманд үүр байрлуулжээ. Тэд жилд хиймэл 2000-2500 үүрэнд ангаахай бойжуулан, нисгэж байгаа аж.
...Олон улсын зэрлэг амьтан хамгаалах төв (IWC)-ийн 2005 онд хийсэн судалгаагаар жил бүр 550 сая махчин шувуу барилга байгууламж, 130 сая шувуу өндөр хүчдэл, 80 сая нь автомашинаас болж, 30 мянган шувуу салхин сэнсэнд гэмтсэний улмаас эндэж буй гэсэн тооцоо гарчээ...
Гэтэл бойжуулсан шувууд нь цахилгаанд цохиулж эндэх болсон нь тэднийг өндөр хүчдэлийн шугамыг зайлшгүй судлахад хүргэсэн байна. Тус төвийн амьтан судлаач Б.Батбаяр “Бид Сүхбаатар аймгийн Уулбаян, Мөнххаан сумыг холбосон 56 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг олон жилийн турш судалсан. Энэ хооронд засварын тулгуур 493, анкер тулгуур (чангалах зориулалттай тулгуур, 14-15 засварын тулгуурт нэг анкер байдаг) 35 бий. Жил зургаан сарын хугацаанд явж шалгахад 434 үхсэн шувуу олсон. Ер нь хүчдэлд цохиулж үхэх шувууны тоо буурахгүй байна. Эрчим хүчний компаниуд урьдчилан сэргийлэх үүднээс шон дээр хадаас байрлуулсан ч нэмэр болоогүй. Харин ч үхсэн шувууны тоо 10.8 хувиар өссөн” гэв.
Начин шонхор, элээ, хэрээ, болжмор зэрэг олон шувуу хүчдэлд цохиулан амиа алддаг ч Монголд төдийгүй дэлхийд ховор, монгол төрийн бахархал гэгддэг идлэг шонхор энэ аюулд хамгийн ихээр өртдөг байна. Б.Батбаяр тэргүүтэй хэдэн судлаач өнгөрсөн сард Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут хоорондох 479 тулгууртай 50 км шугам шалгахад 51 идлэг шонхор үхчихсэн байсан гэнэ. Энэ нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн үзүүлэлт аж. Өдгөө тэд тус газар дахь хүчдэлийн шугамыг хэрхэн аюулгүй болгох талаар судалж буй бөгөөд орон нутгийн холбогдох байгууллагуудад үүнийг анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг уриалж буй гэнэ.
Шувууг цахилгааны шугам дээр суулгахгүй байх зорилгоор эрчим хүчний компаниуд янз бүрийн арга хэрэглэдэг ч судалгааны үндэслэлгүй, тооцоо төлөвлөгөөгүй хийсэн зүйл нь ямар ч үр дүнд хүрдэггүйг тэрбээр онцолсон. Тухайлбал, хүчдэлтэй утсанд хуванцар тусгаарлагч хийх, хөндлөн тулгуур дээр цацган болон хадаасан тусгаарлагч, арзгар төмөр, эргэлдэгч толь зэргийг байрлуулдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй бөгөөд зарим нь салхины ая даахгүй эвдэрчихдэг гэнэ. Гадаадын жишгийг судалж үзэхэд өндөр хүчдэлийн шугамд шувуу үргээгч байрлуулдаг тохиолдол зонхилдог байна. Мөн тэднийг суулгах зориулалттай шон ашигладаг аж. Чех, Данид гэхэд л цахилгааны шугамыг өдөр, шөнийн цагаар өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлдэг, шонгийн толгой болон утасны дээгүүр нь хамгаалалт хийдэг юм байна. Унгар улсад үүр тогтоох хайрцаг байрлуулж, шонг тусгай материалаар бүрдэг аж. Бид ч тэдний жишгээр цахилгаан гүйдэлтэй шугамуудын хооронд тусгаарлагч хийж, хоорондын зайг ихэсгэвэл шувуу далавчаа дэлгэсэн ч хүрэхгүй, цахилгаанд цохиулахгүй байх боломжтой юм байна.
Хүчдэлээс хамаараад шугам бүр адилгүй. 6-32, тэр дундаа 15 кВт-ын шугам шувуудад хамгийн халтай нь гэнэ. Өндөр хүчдэлд цохиулж үхсэн шувуудын ихэнх нь ийм төрлийн шугам дээр сууснаас амиа алддаг байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Батзоригийн хэлснээр 15 кВт хүчин чадал бүхий өндөр хүчдэлийн шугам тавих зураг төслийг эрчим хүчний судалгаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баясалтөгс” компани 2006 онд анх Монголд хийсэн гэх. Тэр үеэс хүчдэлд өртөгсдийн тоо толгой ихсэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. 15 кВт-ын шугам нь хэрэглэгчдийг цахилгаанаар хангах үүргээ маш сайн “биелүүлдэг” ач холбогдолтой ч шувуу суух магадлал өндөр, аюул ихтэй аж. Харин 110, 200 кВт-ынх нь харьцангуй аюул багатай, шувуу суух боломж бага байдаг гэнэ. Тэрбээр “Ийм төрлийн шугам тавьсны дараахан шувуу хүчдэлд цохиулж үхэх асуудал нэлээд хөндөгдөөд намжсан. Хүн бүр энэ тухай яриад байгаа боловч дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байна. БОНХАЖЯ, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, мэргэжлийн байгууллагуудтай хамтраад судалгаа, шинжилгээ хийж, уг асуудалд анхаарах цаг нь болсон” гэв.
Манай орны нутаг дэвсгэрт 3000 км үргэлжлэх 15 кВт-ын шугам байдаг аж. Эдгээр шугам дээр шувуу суух боломжгүй бөгөөд аюулгүй болгоход багагүй мөнгө хэрэгтэй гэнэ. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаярын хэлснээс үзвэл нэг тулгуурыг аюулгүй болгохын тулд хамгийн багадаа 60 мянган төгрөг зарцуулах юм байна. Гэтэл хүчдэлийн нэг шугаманд 500 тулгуур байдаг гэхээр 3000 км үргэлжлэх шугамыг “засахад” багагүй мөнгө шаардлагатай. Тус төвийнхөн зургаан баг бүрдүүлж Монгол оронд буй 15 кВт-ын шугамнуудыг хоёр жил дараалан шалгажээ. 2013 онд 27 шугамнаас 277, 2014 онд 26-гаас үхсэн 513 шувуу олсон байна. Харин өнгөрсөн жилийн судалгааны хариу одоохондоо гараагүй аж. Тэд энэ аюул жил ирэх бүр нэмэгдэж, хүмүүсийн хайхрамжгүй байдал өөрчлөгдөхгүй байгааг онцолсон юм.