Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 1 хүртэл үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас буулгадаг. Энэ жил долдугаар сарын дунд үеэс хэт халах төлөвтэй байгаа тул үүл буудах ажлаа харьцангуй эрт эхлүүлсэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдорж хэлэв. Түүнээс үүлэнд зориудаар нөлөөлөхтэй холбоотой зарим зүйл тодрууллаа.
-Ихэнх нутгаар хур тунадас ахиу бууж, чийгшилт сайн байгааг албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар хаана хаана үүлэнд нөлөөлөөд байгаа вэ?
-Жил бүр цаг агаарт нөлөөлөх ажлыг улсын хэмжээн дэх 35 экспедиз, газрын 38 генератороор дамжуулан явуулдаг. Том газар нутагтай аймагт хоёр ч экспедиц ажиллуулж байна. Экспедицийг цаг уурын албаны дарга нь удирдаад техник, аюулгүй ажиллагааг хариуцсан инженер, сум, пуужингийн инженер зэрэг мэргэжлийн хүмүүс хариуцдаг. Тэд иодот мөнгөн бодисыг дарьт сумын хошуунд бэхлээд борооны бөөн үүлний доод болон дунд мандалд харвадаг. Ингэснээр үүлэн дэх концентрацийн хэмжээ эрчимжиж, хур тунадас буудаг. Үүлэнд зориудаар нөлөөлдөг нөгөө нэг арга нь газрын генератор. Үүнийг уулархаг бүс нутгуудад байрлуулаад бодисоо (иодот мөнгө) зууханд гал түлж байгаа юм шиг шатаахад гарсан утаа нь үүлэнд аажмаар нөлөөлж, усан дуслынх нь хэмжээг томруулан хур тунадас оруулдаг.
Газрын даргын А/21 дүгээр тушаалаар гуравдугаар 21-нээс үүл буудаж эхэлсэн. Тариаланчид “Ноднин жил газар тариалангийн бүс нутгуудаар чийг багатай, хур бороо бага орсон учир ургацад нөлөөлсөн” гэж гомдол мэдүүлсэн. Тиймээс энэ жил аравдугаар сарын 15 хүртэл үүл буудах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар боллоо. Өнөөдрийн байдлаар 364 ширхэг пуужин харваж, 188 ширхэг газрын генератор ажиллуулаад байна. Сэлэнгэ, Төв, баруун аймгуудаар хур тунадас сайн орсон. Алтайн өвөр говь, Говийн аймгуудын зарим газраар бага зэрэг гандуу байгааг эс тооцвол нийт нутгаар чийг сайн байна.
-Сум, пуужингийн нөөц ямархуу байна вэ. Энэ жил хэчнээнийг худалдаж авах бол?
-Жил бүр Засгийн газраас төсөвлөж өгдөг мөнгөндөө тааруулаад бид 700-1000 ширхэг сум, пуужин худалдаж авдаг. Өнгөрсөн жил эдийн засгийн хямрал гээд төсөв бага зэрэг танагдсан ч газар тариалангийн бүс нутгуудаар гандуу байсан тул шуурхай арга хэмжээ авч, Улсын нөөц сангаас бидэнд 100 сая төгрөг нэмж өгснөөр нийт 1000 ширхэг пуужин авсан. Үлдэгдлийг нь одоо ашиглаад дуусаж байна. Гэхдээ эдгээрийг 21 аймагт хуваагаад өгчихөөр хүрэлцдэггүй. Нэг удаа 3-4 пуужин харваж байж их хэмжээний хур буулгах боломжтой. Судлаад үзэхэд, манай орны хэмжээнд 1500-2000 ширхэг пуужин шаардлагатай. Гэхдээ бид байгаа пуужиндаа тааруулаад цаг агаарын процессуудаа зөв таньж, анализ хийсний үндсэн дээр үүлэнд нөлөөлж байгаа. Энэ жил ашиглах сум, пуужингаа ирэх зургадугаар сард авахаар гэрээ хийсэн. Чадвал 1000 орчим ширхгийг авах санаа байгаа. Гэхдээ ханшийн зөрүүнээс болоод нааш, цааш хэлбэлздэг. Дээрээс нь БНХАУ-д манайд ашигладаг пуужинг үйлдвэрлэхээ больчихсон учир захиалгаар хийлгэж байна.
-Номхон далайд үүсдэг эл нино гэх байгалийн сонин үзэгдлийн нөлөөгөөр энэ жил ган болно гэж хүмүүс ам дамжин ярьж байна. Зуны цаг агаарын төлөв гарсан юм уу?
-Цаг агаарын урьдчилсан мэдээг хэт богино (1-3 цаг), богино (1-3 хоног), дунд (3-5 өдөр) урт хугацаа(14 хоног, 1-3 сар)-гаар гаргадаг. Түүнээс дээш зургаан сар, эсвэл жилээр урьдчилж мэдэх боломжгүй. Дэлхийн хаана ч ийм л жишгээр явдаг. Гэтэл манайхан ялангуяа малчид, тариаланчид өвөл арванхоёрдугаар сард л дөрөв, тавдугаар сарын мэдээ нэхдэг. Одоогоор зургадугаар сарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Увс аймгийн зүүн хэсэг, Ховдын зүүн хойд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн баруун хойд, Булган, Дорнодын хойд хэсэг, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан байна. Тэгвэл Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар, Дорнод, Увс, Өвөрхангайн хойд, Хэнтий аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас буух төлөвтэй байгаа. Ган гачиг болно гэж хүмүүс ам дамжин ярьж буй бололтой. Одоогоор бидэнд тийм прогноз алга.