“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов зэрэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Б.Базаррагчааг дэлгэцнээ харагдахаа больсноос нь хойш олон хүн өөд болсон гэж бодсон юм билээ. Жил гаруйн өмнөөс нээлтээ хийсэн кинонуудад үзэгдэх болсон тэрбээр БНСУ-д 1997 оноос хойш 17 жил ажиллаад ирсэн аж. Түүнээс хойш 10 гаруй кинонд тоглосон бөгөөд өдгөө найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээлд дүр бүтээж байгаа гэнэ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та офицер байхдаа Х.Дамдин гуайн найруулсан “Бид мартахгүй” бүтээлд тоглосноор кино урлагтай холбогдсон юм билээ. Түүнтэй хэрхэн танилцсан бэ?
-Аюушийн дүрд жүжигчдийг шалгаж, тохирох хүн олдохгүй аймаг, сумаас ч хайж л дээ. Манай хамаатны ах кино уран бүтээлчдийн жолоочоор ажиллаж байсан юм. Нэг удаа тэднийд очиход “Бид мартахгүй” киноны зохиол байх юм. Би гүйлгэж хараад “Кино зохиол гэдэг чинь ийм амархан юм байдаг юм уу” гэтэл ах “Нээрэн гол дүрд тоглуулах хүнээ хайж байна лээ. Чамайг хэлээд өгөх үү” хэмээсэн. Ингээд туслах найруулагчаар ажиллаж байсан Лхагвамаад хэлж, би дараа дараачийн шалгаруулалттай нь нүүр тулсан. Х.Дамдин найруулагч миний хувьд ач, гавьяатай хүн. Намайг ард түмэнд таниулсан үндсэн гурван кино буюу “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Сүүн цагаан өргөө” бүгд түүний найруулсан бүтээл.
-Х.Дамдин гуай яагаад таныг гол дүрд сонгодог байсан тухай асууж байв уу?
-Дамдингийн арын хаалганы жүжигчин гэж зарим хүн ярьж байсан л даа. Киноны гол дүрийг сонгоно гэдэг зөвхөн найруулагчийн шийддэг асуудал биш. Жанжин Сүхбаатарын дүрийг л гэхэд Монгол кино үйлдвэрийн Уран сайхны зөвлөлөөс гадна Соёлын яам, Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийнхэн хянаж байж баталсан. Гэхдээ Дамдин багш нүдтэй байсан юм уу, намайг сонгоход “Гарлаа, дэвлээ, давлаа” гэдэг шиг л бусад хяналтынхан зөвшөөрсөн. Нэг удаа аав ээжтэйгээ МҮОНТ үзэж суутал Х.Дамдин гуай зочноор нэвтрүүлэгт оролцож байх юм. Сэтгүүлч түүнээс яг чиний асуусныг сонирхоход “Жүжигчин хүнд харц их чухал. Базараагийн нүд их ухаалаг” гэж билээ.
-Түүний хэлснийг сонсоод өөртөө ямар дүгнэлт, өөрчлөлт хийсэн бэ?
-Миний төөрөг яалт ч үгүй кино урлагтай холбогдохоор юм байлгүй гэж одоо боддог. Би уг нь сөнөөгч онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй байлаа. Жүжигчин хүн ямар байх ёстойг одоо хүртэл эргэцүүлсээр явна. Зохиолоо уншихад дүрийн ноён нуруу харагддаг. Хоёр, гурван удаа уншихад дүр тодорно. Үгээ өөрийн болгочихсон бол “Мотор” гээд зураг авалт эхлэнгүүт л би ямар ч эргэлзээгүйгээр Базаррагчаа биш болдог. Тухайн киноны үйл явдал яг л бодит мэт мэдрэмж төрдөг. Жүжигчин хүн гэдэг сэтгэл судлаач юм уу даа. Дарга, хулгайч, зальхай этгээд гээд бүгдийг л ямар байдгийг ажиглаж тархиндаа архивлана. Дараа нь дүрд хувирахад архиваасаа мэдээлэл авч хэрэглэдэг гэх үү дээ.
-Жанжин Сүхбаатар, Аюуш баатар бодит хүний дүр учир жүжигчдэд том сорилт байх. Түүхэн дүрүүдийг хэрхэн амилуулъя гэж бодсон бэ?
-Уг нь би жанжны тухай баримт цуглуулж, “Өглөө” кинонд Сүхбаатарын дүрийг бүтээсэн Дашнамжил гуайтай уулзаж зөвлөгөө авна гэж бодож байсан юм. Гэтэл Х.Дамдин гуай “Чи хэнтэй ч битгий уулз. Сүхбаатарын тухай өөр кино битгий үз. Базаррагчаа яг өөрөөрөө жанжны дүрийг гаргаасай гэж би хүсэж байна. Чи одоохондоо туршлага муутай тул бусдыг дуурайчихаж магадгүй” гэсэн. Гэтэл Дашнамжил гуай телевизээр “Нэг залуу Сүхбаатарт тоглож байгаа гэсэн. Надтай ер ирж уулзаагүй” хэмээсэн. Түүнийг сонссон хүмүүс “Чи яасан том толгойтой юм бэ, пээдгэр” гэх зэргээр зэмлэсэн. Өөрийгөө жанжин гэж бодохоор цаанаасаа л огшдог юм билээ. Аюуш баатрын дүрд тоглохдоо залуу байсан болоод ч тэр үү, дүрийнхээ тухай нарийн ширийн юм бодоогүй. Офицер болохоор цэргийн сэдэвт кинонд тоглоход ойр байсан. Кинонд дүр бүтээнэ гэдэг ховор хувь зохиол гэж бодож эмоциороо л тоглосон. Шуураад л өнгөрсөн, нэг мэдэхэд зураг авалт дууссан. Одоо би 50 гарчихлаа. Эргээд бодох нь ээ, тоглох ёстой гол дүрүүдээ бүтээчихсэн л юм билээ.
-Тэр кинонуудыг бүтээж байхад тохиолдсон дурсамжтай явдлуудаасаа хуваалцаач?
-Аюуш, Дашдондог хоёр бороотой шөнө нуувчнаасаа байлдаж байгаа зургийг Тэрэлжид намар авсан. Тэгэхэд гал командын машинаар Туул голоос ус татаж хиймэл бороо оруулсан юм. Осгоохгүйн тулд спиртээр бие арчиж, дулаан юм өмсгөж, гадуур нь гялгар уутаар ороосон болоод дүрийн хувцас давхарлуулсан. Зураг авах үеэр намайг чичрэхийг хараад найруулагч шилэн аяганы талаар хоёр удаа архи өгсөн. Тэгээд удалгүй “Зогс, зогс, одоо боль, наашаа гараад ир” гэж билээ. Нүд талимаараад дүрээ гаргах манатай болчихож л дээ. Тухайн үед эрүү зуурчихаад болохгүй болохоор нь халбагаар хөшиж байж амаа ангайлгаж билээ.
“Мандах нарны туяа” киноны зураг авах үеэр найруулагчийг буудаж алахаа шахсан. Сүхбаатар баргын цэргийг бут цохичихоод мориноосоо буучихсан алхаж байтал ард нь буун дуу тасхийж, хамт явсан нөхрийг нь оночихдог. Түүнийг алсан баргыг буудах гэж буй зургийг Элсэн тасархайн ойролцоо авч байлаа. Халуун өдөр байсан болохоор Дамдин багш цээж нүцгэн, ташаандаа гараа тулчихсан зогсож байх юм. Найруулагч дэлгэцэн дээрх дүрсийг хараад харцыг минь зөв чиглүүлэхийн тулд “Над руу онилоод буудаарай” гэж байна. Би ч Дамдин гуайн яг цох руу шагайснаа, “За муу ёр байгаа даа” гэж бодоод аюулхайд нь байлаад буудтал “Хэг” гэж нэг дуугараад цээжээ дартал хурууных нь салаагаар цус годхийлээ. Хорвоо дэлхий хөмөрчих шиг л болж “Хэн нь жинхэнэ сум хийчихдэг байна аа, юуны чинь жанжин, одоо хэдэн жилийн ял авах бол, найруулагчаа алаад хаячихлаа шүү дээ” гээд л есөн шидийн юм тэрүүхэн зуурт бодсон. Маузер гэдэг буунд сургуулилалтын сум гэж байдаггүй юм билээ. Манай арын албаны техникч хошууг нь авч лаа, савангаар бөглөсөн байж. Ядаж дарийг нь хасчихгүй. Лаа савангаар буудахад хоёр, гурван метрийн дотор сум шиг л шунгинадаг юм билээ. Найруулагчийн арьсыг нэвтэлсэн болохоор цус гаралгүй яах вэ дээ.
-Ирснээсээ хойш түүнийг өөд болохоос өмнө уулзаж амжсан уу?
-Багшдаа хоёр ч цагаан сараар очиж золгосон. Хамгийн сүүлд бурхан болохоос нь сарын өмнө уулзсан. Ирээд анх Б.Чингүүний найруулсан “Учрал”-д тоглосон юм. Багш “Базараа би “Учрал”-ыг үзсэн. Чи миний анх таньж харсан жүжигчин хэвээрээ, эвдрээгүй, зэврээгүй байна лээ. Энгийн монгол аавын дүрийг сайн бүтээсэн байна лээ. Энэ эрчээрээ яваад байгаарай” гэсэн. Надад түүнээс илүү том шагнал байхгүй. Багшаасаа тийм үнэлгээ авсан болохоор би хэний ч өмнө бардам болсон. Би муу жүжиглэсэн бол багш намайг зэмлэх л байсан биз. Түүнээс хойш кинонд тоглох бүрт багшийн үг бодогдож, намайг ингэж үнэлсэн байхад хичээхгүй бол горьгүй гэж хурцлагддаг.
-Та залуудаа хийх ёстойгоо хийсэн гэж боддог уу?
-Хийсэн л гэж бодож байна. Урьд нь энэ тухай нэг их бодолгүй явжээ. Энд ирээд уран бүтээлч найзуудтайгаа сэтгэлээ уудалж, ярилцсанаас хойш л элдэв юм бодогдож эхэлж байна. Жүжигчин Ц.Төмөрхуяг их наргианч хүн л дээ. Тэрбээр “Базараа чи нэг хэсэг ёстой шавар болсон шүү. 1985-1990 он гартал үеийн эрэгтэй жүжигчиддээ боломж өгөхгүй, сэтэрлэсэн амьтан шиг л явсан” гэж байна. “Битгий худлаа хэл. Жаргалсайхан, Сүххуяг гээд олон жүжигчин байна шүү дээ” гэтэл “Тэд үзэгчдийн сэтгэлд хоногшсон цөөхөн дүртэй. Чинийх бол бас л хэд байна шүү дээ” хэмээсэн. Түүний наргиаг эргэцүүлэхээр нээрэн ч 1990 он хүртэл 30 гаруй кинонд тоглосны 10 нь гол ба хоёрдугаар дүр байх юм. Миний тоглосон, Дамдин, Бунтар найруулагчийн кино л ээлжлээд зурагтаар гардаг болохоор бусдыг нь хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Нямдаваагийн “Уул усны үр сад”-ын Цэрэн, “Цөвүүн цагийн богд”-ын уран Гарав, “Цэц магнай”-н Төмөрсүх мэргэн гээд олон сайхан киноны дүрд тоглосондоо өөрийгөө азтайд тооцдог.
-Та их царайлаг залуу байсан юм билээ. Тухайн үед бүсгүйчүүдээс захиа их авдаг байв уу?
-Тухайн үеийн нийгэм хяналттай, хүмүүс дэгтэй, журамтай байсан болоод ч тэр үү, надад нэг ч эмэгтэй хүнээс захидал ирж байгаагүй. Эсвэл илгээснийг нь Монгол кино үйлдвэрийн жижүүр хурааж аваад устгачихдаг байсан ч юм уу, бүү мэд. Хэрвээ Аюушд тоглодог 1985 оны би энэ цаг үед карьерээ эхэлсэн бол чиний асуултад баялаг хариулах байсан биз. Өөрийгөө царайлаг гэж бодолгүй явсаар 40 хүрчээ. Үл бүтэх амьтан л гэж боддог байсан. “Та залуудаа ёстой царайлаг байсан” гэж энд, тэнд таарсан хүмүүс хэлдэг болсноос хойш нээрэн ч тийм юм уу гэж бодож эхэлсэн.
-Хэрвээ яг тэр үеийн төрхөөрөө энэ цаг үед амьдарч байсан бол юу хийх байсан бэ?
-Одоогийн энэ нийгэмд би залуу хүү байсан бол эвдрэх байсан биз. Дэгтэй журамтай нийгэмд өссөн болохоор жүжигчин Базаррагчаа бий болсон. Хэрвээ одоо залуу байсан бол хэл аманд орооцолдоод, элдэв сенсаацийн эзэн болоод давхиж явах байлгүй.
-“Ирж яваа цаг” кинонд хамтарч тоглосон Б.Гэрэлмаатай үерхэж байсан гэж киноныхон ярьдаг гэсэн. Үнэн үү?
-Тийм хов живээр ахыг нь олон хүнтэй үерхүүлсэн. Тэр кинонд тоглосноос хойш Гэрэлээ манайхаар орж гардаг л байсан. Н.Отгонтогос бид нар одоо ч найзууд. Монголд ирснээсээ хойш Гэрэлээг фэйсбүүкээс олоод Францад амьдарч байгааг нь мэдсэн. Тэр “Ирж яваа цаг” киноны хоёрдугаар ангийг хийнэ гэж дуулдсан. Сонссон уу” гэж байсан. Аливаа юмыг дахиж оролдож, эвдэж хоёр дахийг нь хийх дэмий гэж би боддог.
-Эхнэртэйгээ хэрхэн танилцсан бэ. Жүжигчин гэсэн байх аа?
-Нуух юу байх вэ, би хоёр удаа амьдрал зохиосон. Түрүүчийн эхнэр минь өдгөө Чехэд амьдардаг. Одоогийн ханьтайгаа нийлээд 22 жил болж байна. Харьковт сургууль төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан С.Сарангэрэл гэдэг бүсгүй бий. “Амилсан чөтгөр” кинонд дуу оруулж байхдаа Сүххуягт алуулж тоглохыг нь хараад “Ямар аятайхан хүүхэн бэ” гэж бодсон. Ажил дууссаны дараа гэрэл астал өнөөх хүүхэн хажууд зогсож байсан. Би ч санаандгүй “Өө чи ийм намхан юм уу” гэж уулга алдаад л танилцсан даа.
-Та Ардчилсан холбоо байгуулах цуглааны үеэр үг хэлж явсан гэсэн үү?
-Зарим хүн өөрсдийгөө дөвийлгөх гэдэг үү, эсвэл уймраа болчихсон уу, Ардчилсан холбооны түүхийг өөрсдийнхөө нууц бүлгэмийнх болгож яриад байх юм. 1990-ээд онд Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөний үеэр Ардчилсан холбоо байгуулагдсан юм. НАХ яамныхан хэсэг залуучууд улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа тухай үнэр авчихсан, тухайн зөвлөгөөний үеэр тайзан дээр хамаагүй хүн үг хэлүүлэхгүй байсан. Би Монгол кино үйлдвэрээ төлөөлөөд үг хэлэхээр гурван минутын зөвшөөрөл авсан. Тэгээд тайзан дээр гараад “Монгол кино үйлдвэр, МҮОНТ давхардсан сэдвээр кино хийдэг тухай нэгдсэн зөвлөгөөний үеэр ярьсан. Энийг энд яриад яах вэ, хоёр байгууллагын хоорондоо шийдэх асуудал” гэх зэргээр үгээ бушуухан хэлээд “Үлдсэн минутаа найз Дарь.Сүхбаатарт өгч байна” гээд микрофоноо шилжүүлсэн. Ийн тэрбээр Монголын ардчилсан залуучуудын холбоо байгуулагдсаныг зарласан. Урианхай гуай “Залуучууд гэдэг үгээ хасахгүй бол хязгаар тогтоогоод байна” гэж зөвлөснийг ёсоор болгосон. Ардчилсан үзэлтэй өөр бүлгэмүүд урьд байгуулагдсан нь манай холбоонд хүч нэгтгэсэн. Ардчилсан холбооны түүх зүгээр л ардчилсан холбооны түүх болохоос өөр нууц бүлгэмийнх биш. Миний санаж буйгаар Улаан-Од сонины сурвалжлагч байсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Барилгын зургийн архитекторын газар ажилладаг Нямсүрэн, Монгол кино үйлдвэрийн редактор Нараа, уран барималч Цэгмэд тэргүүтэй цөөхөн хүн холбооны гол үрийг тарьсан.
-Таны тухайн үед төсөөлсөн ардчилсан нийгэм өнөөдөр бий болж чадсан уу?
-Тухайн болон өнөө үеийн хүний эрхийн асуудал тэнгэр газар шиг ялгаатай. Төрийн албан тушаалыг хувьдаа ашигладаг хүн олон болсон нь ардчиллыг муухай харагдуулаад байна. Гадаад руу явахыг хүсвэл явдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, мөнгөтэй болмоор байвал болдог ардчилал бол энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн эдлэх ёстой эрх. Гэтэл одоо эрх чөлөөг дээр доргүй анархизм болтол нь эдэлж байна. Манай улс сул дорой хэрнээ хүчирхэг хоёр гүрний дунд оршдог. Тэд манай улсыг ил, далд сонирхож л байгаа. Зарим хүн “Мундаг эх орончдоор төрөө удирдуулбал улс хөгжинө. Хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй” гэдэг. Эх оронч үзлийг ардчилалтай хольж хутгаж ойлгож болохгүй. Хоёр гүрнийг сөрвөл хойд, урд хил хаагдаж, манай улс цахилгаан, бензингүй, ноос, нүүрсийг нь авах газаргүй болчихвол гурван сарын дотор өлсгөлөнгөөр сөнөнө. Улаанбаатарт байгаа хоёр сая хүн өлсөхгүйн тулд малчдын хот руу хутга бариад дайрна. Тиймээс хоёр хөршийн эрх ашигт хэрхэн зальжин, ухаалгаар нийцэх вэ гэдгийг л бодох ёстой болов уу.
-1997 онд БНСУ руу явахдаа зорьж, төлөвлөсөн нь өдгөө биелсэн үү?
-Хоёр жил ажиллаж 20 мянган ам.доллартай болоод буцна гэж төлөвлөсөн ч хоёр хүүхэдтэй болоод л ирлээ. Хэвшмэл амьдралтай болчихоор мөнгө цуглуулж чаддаггүй юм билээ. Хоол хүнс, өмсөж зүүхээс гадна сард сая гаруй вон байр, цахилгаан, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт зайлшгүй өгчихөөр мөнгө цуглуулах тухай бодохоо ч больдог. Гэхдээ юунд ч санаа зовохгүй амьдарсаар 17 жил болжээ. Эрт Монголдоо ирдэг байж гэж заримдаа харамсдаг л юм.
- Тэнд сурснаа энд ашигласан уу?
-Оймс, даавууны үйлдвэрт ажиллаж байгаад сүүлийн тав, зургаан жил дэлгүүрүүдийн дотоод засал чимэглэл хийсэн. Хоёр солонгос залуутай нийлж жижиг компани байгуулсан. Ахыг нь зарим хүн чөтгөр гэдэг шүү дээ. Тэнэг юм шиг сууж байгаад л нэг юм оролдохоороо төгс хийчихдэг гэдэг. Үүнийг хэзээ, хаана сурсан юм бэ гэхээр бүү мэд.
-Монголдоо ир гэж хэн нэгэн сэнхрүүлсэн үү?
-Жүжигчин Бат-Өлзий тэнд очоод “Чиний энд удаад байгаагийн учир юу вэ. Мөнгө үү” гэхэд нь хариулт олдоогүй. Тэгээд “Хэрвээ Монголдоо очвол кино уран бүтээлчдэд хэлж, зуучилж өгье” гэсэн. Түүнээс жилийн дараа Монголдоо ирсэн. Эх орондоо сайхан байна аа. Гэхдээ хүмүүсийн харилцаанд заримдаа бухимддаг. Бусад руугаа инээмсэглэдэг, нэгнээ уучилж чаддаг баймаар сан. Машинтай бүхэн дуут дохиогоо хангинуулах нь л их хэцүү байлаа. Дуут дохио хангинахад нь анх ямар том осол гарчихсан юм бол доо гэж зовдог байсан. Одоо ч дасаж дээ.
-Өмнө нь кинонд ажиллаж байснаас тань одоо юугаараа өөр болж вэ?
-Дэлгэцийн болон тайзны жүжигчин тэнгэр, газар шиг ялгаатай. Дэлгэцийн бүтээлд тайзны жүжигчид тоглох нь олширчээ. Үзэгчид мэргэжлийн биш ч худлаа жүжиглэлтийг мэдэрдэг. Тайзны жүжиглэлт жүжигчнээс их авьяас, хөдөлмөр шаарддаг. Дэлгэцийн бүтээл жүжигчнээс биеийн үйлдлээс илүү нүүр хувирлаараа сэтгэлээ гаргах чадвар шаарддаг. Кино хийж байж тайзны жүжиглэлт шаарддаг найруулагчтай таарч байлаа. Бат-Өлзийгийн хүү Тамирын “Маш нууц”, жүжигчин Амарсайханы продюсерлэж буй кинонд тоглоход загатнасан газар маажна гэдэг шиг жүжигчнээс яг л дэлгэцийн тоглолт хүссэн. Тийм уран бүтээлчидтэй ажиллахад надад амар байдаг.
-Урьд нь цог золбоотой баатар эр, дурлалын баатрын дүрд тоглодог байсан хүн туслах дүр, хижээл насны эрд тоглох ямар байна вэ?
-“Урьд нь дандаа гол дүрд, дурлалын баатарт тоглосон бол одоо арай гэж аав болж байна. Арай л өвөөгийн дүр дээр буусангүй” гэж найзууддаа хэлэхэд шоолж байна лээ. Өөрийнхөө арчаагүйд хөгширсөн биш. Хорвоогийн жамыг яая гэх вэ дээ. Одоо л нас явж байгааг мэдэрч байна. Удахгүй ТВ5 сувгаар миний тоглосон “Замбуулин дуусах болоогүй” олон ангит кино гарна. Ирснээс хойш тоглосон анхны том хэмжээний бүтээл. Хурдан дэлгэцнээ гараасай гэж тэсэн ядаж байна. Үзэгчид тэр киноноос намайг хэр зэрэг хөгширснийг дүгнэх байлгүй дээ.
-“Хэрвээ би БНСУ руу яваагүй байсан бол” гэж боддог уу?
-Тийш яваагүй байсан бол одоо улиг болсон жүжигчин явж байх биз. Хувь заяа минь одоо надад их гоё боломж олгож байна. Сураг алдарсан хүн гэнэт гарч ирэхэд жүжигчний хувьд ч надад шинээр мэндэлж байх шиг гоё, үзэгчдэд ч сайхан санагдах байх.
-Та ер нь эсрэг дүрд тоглож байв уу?
-Цөөхөн дөө. Ирснээсээ хойш гэвэл “Бүү март” кинонд шоронгийн даргад, Амараагийн нээлтээ хийгээгүй байгаа “Итгэл”-д тендер завшдаг төрийн албан хаагчийн дүрд тоглосон. Бат-Өлзий БНСУ-д очиж, “Чиний эзгүйд” киноны зураг авахад нь би Инчоны нисэх онгоцны буудал дээр монголчуудыг тосож, тэднээс мөнгө аваад ажилд оруулдаг, дургүй хүргэвэл цагаачдын алба хариуцсан газарт матаж бариулдаг дүр бүтээсэн. Үзэгчид гэдэг их сонин юм билээ. Тэнд амьдардаг нэг монгол “Та Сүхбаатар жанжин, Аюуш баатрын дүрд тоглож байсан хэрнээ юу дутлаа гэж тийм муухай дүр бүтээсэн юм бэ” гээд шанаадаад авсан.
-Цаашдаа кино урлагтаа үнэнч зүтгэх үү?
-Бурхны өгсөн хоолноос татгалзаад яах вэ дээ.
-БНСУ-руу явахдаа түүний өгсөн хоолноос татгалзаад явсан уу?
-Ах нь хамраа сэтлүүлчихсэн юм аа. Хамар том жижиг нүхтэй, муухай сорвитой байгаа биз дээ. Таван удаа гоо сайхны хагалгаанд орсон. Талийгаач Биндэр найруулагч намайг дуудахаар нь очтол “Базараа чи жүжигчин хүн байж нүүрээ яачихаа вэ. Би чамайг бодож нэг киноны зохиол бичсэн. Одоо ямар ч арга алга” гээд Золбоотыг тоглуулсан. Би ч хамраа ийм болгочихсон болохоор надад кинонд тоглох боломж олдохгүй гэж ойлгосон. Тухайн үед хүмүүсийн амьдрал ч хэцүү байлаа. Олон хүчин зүйлээс шалтгаалж тийш явсан юм.
-Тухайн үед сэтгэл санаа үнэхээр хүнд байсан уу?
-Үхэх тухай хүртэл бодож байсан. Хүн юуг ч хүлээн авч чаддаг сэтгэлийн хаттай байх ёстой юм билээ. Амьдрал гэдэг бол амиа дар, бурхан чамайг аваад явтал битгий үх гэсэн утгатай гэж ойлгох болсон.