Бодибилдинг, фитнессийн улсын найман удаагийн аварга Г.Доржтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар шалгарчээ. Ханиа дуртай спортдоо “уруу татаж”, хамтдаа “George’s gym” фитнесс төвөө ажиллуулж буй аж. “Монголын мистер” тэмцээний үнэмлэхүй аваргаар шалгарсных нь дараахан түүнтэй ярилцсаныг хүлээн авна уу.
-Та бодибилдингийн спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Хүний гадаад болон дотоод гоо сайхныг цогцлоож, өөрийгөө бүрэн өөрчлөх боломж бүрдүүлдэг энэ гайхамшигтай спортоор 1999 оноос хойш хичээллэсэн.
-Гараагаа аль клубээс эхэлсэн бэ. Одоо аль клубын тамирчин бэ?
-“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бодибилдингийн ангид элсэж, гурван удаагийн “Монголын мистер”, “Тайхар” клубын захирал Батсуурь багшийн шавь болсон юм. Тэр үед “Тайхар” клубээр овоглож тэмцээнд оролцдог байлаа.
Ялж, ялагддаг нь спортын хууль
-Анхны болоод сэтгэлд хоногшсон тэмцээнийхээ талаар хуваалцаач?
-Хүн бүрийн хувьд анхны бүхэн нь дурсамжтай байдаг шүү дээ. Би 2003 онд Биеийн тамирын дээд сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцон түрүүлж байлаа. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй юм. Надад маш их урам өгч, энэ спортод буцалтгүй хөл тавихад нөлөөлсөн гэж боддог. Одоогоор улсын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа түрүүлж, энэ жил “Монголын мистер” тэмцээний үнэмлэхүй аваргаар шалгарлаа.
-Спортод хөл тавьсан даруйдаа өндөр амжилт үзүүлнэ гэж байхгүй. Анх оролцсон тэмцээнүүдээсээ “мултарч” л байсан биз?
-Мэдээж шинэ тамирчны хувьд олон жил хичээллэсэн туршлагатай хүнийг ялж аварга болно гэдэг давшгүй даваа. Ялж, ялагддаг нь спортын хууль. Аливаа амжилтын үнэ цэнийг цаг хугацаа, хөдөлмөр бий болгодог шүү дээ. Миний хувьд гэхэд тухайн үеийн “Ирээдүйн мистер” тэмцээнд гурван жил дараалан оролцоод медаль авах нь битгий хэл, эхний зургаан байрт ч багтаж чадалгүй бууж байсан удаатай.
Гурван жилийн турш ямар ч амжилт гаргахгүй үргэлж ялагдал хүлээхэд хүнд олон зүйл бодогдоно шүү. Гэвч энэ бүхэн миний амжилт гаргах хүсэл эрмэлзэл, зорилгыг минь унтраагаагүй, бүр ч асааж өгсөн. Эндээс л бүх юмыг сурч туршлагажиж байсан нь намайг өдий зэрэгтэй тамирчин болоход нөлөөлсөн.
-Шантарч байгаагүй юү?
-Нэгэнт тамирчин нэр зүүгээд, амжилтын төлөө зорьж буй хүн шантрах эрхгүй гэж боддог. Мэдээж хүнд бэрх үе тохиолгүй яах вэ. Тэр болгоныг л тэсэж байж амжилт гаргана шүү дээ. Шантрах сэтгэл төрж байсан үе бий, нуугаад яах вэ. Хэдэн жилийн өмнө Казахстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тийм сэтгэгдэл төрж байсан юм байна. Тэр үед л хамаг тэсвэр тэвчээрээ шавхсан.
Эндээс Казахстан улсыг зорихдоо 75 кг-ийн жинд оролцохоор бэлтгэлээ хангаж очсон. Гэвч 70 кг-д оролцохоор болж, богино хугацаанд таван кг жин хасах болсон. Бие дэх шингэнээ хүртэл хассан болохоор нэлээд бэрхшээлтэй тулгарсан. Тэр үед үнэхээр хэцүү санагдаж билээ.
-Сүүлийн үед залуус энэ спортоор идэвхтэй хичээллэх болж. Гэхдээ зүгээр л фитнесс зааланд төмөр өргөөд байвал болно гэдэг өрөөсгөл ойлголт одоо ч байх шиг санагддаг.
-Тийм шүү. Бодибилдинг бол зөв техник, системтэйгээр хичээллэхээс гадна эрүүл хооллож байж үр дүнд хүрдэг спорт. Анзаараад байхад залуус аль болох хүндрүүлж хичээллэх гээд байх юм. Бодибилдинг чинь хүндийг өргөлтийн спорт биш шүү дээ. Зөв дасгал хийж булчинд ачаалал өгөх нь л илүү чухал.
-Өдөрт хэдэн цаг дасгал хийх ёстой вэ. Шинжлэх ухааны үндэстэй, норм байдаг уу?
-Дасгал их хийснээрээ үр дүнд хүрэхгүй. Хүний бие нэг дор цаг гучин минутын ачааллыг л авах чадвартай. Тэр нэг цаг гучин минутыг л үр дүнтэй өнгөрөөх ёстой юм. Жишээ нь, хөлний дасгалыг нэг удаад 30 минут л хийх ёстой. Хэтрүүлбэл үр дүн гарахгүй, харин ч буруу дасгал болно.
-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд хоолны дэглэм заавал барих ёстой юм уу?
-Энэ спортод бэлтгэл сургуулилалт, эрүүл, зөв хооллолт яг л тавь тавин хувь. Гэхдээ эрүүл хооллоно гэдэг нь хоолоо хасаж, сойно гэсэн үг биш. Уургийн хэмжээ өндөр, нүүрс ус, өөх тос багатай хүнс хэрэглэнэ л гэсэн үг. Нэг дор их биш, ойр ойрхон багаар хооллож хэвших хэрэгтэй юм.
-Холливудын эрэгтэй жүжигчид кинонд дүр бүтээхийн тулд өөрийгөө өөрчилдөг. Жингээ хасах, эсвэл маш хурдан хөгжүүлэх гэх мэт. Яаж тэгж богино хугацаанд хөгжүүлдэг юм бол. Арай өөр техник, “нууц” байдаг уу?
-АНУ-д маш өндөр түвшинд хөгжчихсөн шүү дээ. Нэг жүжигчний биеийг өөрчлөхийн тулд бүхэл бүтэн баг ажилладаг. Мэргэжлийн дасгалжуулагчаас гадна хоолыг нь тохируулж өгөх хүн ч бий. Системтэй бэлтгэл хийж, булчин томруулах нэмэлт тэжээл хэрэглэнэ. Яг тэгж бэлтгэл хийхэд хэн ч хүссэнээрээ өөрчлөгдөх боломжтой.
-Нэмэлт тэжээл, уураг заавал хэрэглэх ёстой юу. Хэрэглэх зохистой хэмжээ гэж бий юү?
-Хүнсний бүтээгдэхүүнээс гаргаж авсан нэмэлт тэжээл шүү дээ. Хэрэглэхэд буруудахгүй. Үүнийг хэрэглээд бэлтгэл хийхэд илүү үр дүнтэй. Жин нэмэх, булчин хөгжүүлэх гэх зэргээр уургийн төрлүүд ч олон. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ хор болдог гэдгийг мартаж болохгүй.
-Таныг эхнэрээ энэ спортод “дурлуулсан” гэдэг юм билээ?
-Миний ханийг Б.Оюунгэрэл гэдэг. Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. 2009 оноос эхнэрээ энэ спортод уруу татчихсан. Анхандаа ч энэ спортыг ойлгодоггүй байсан. Яваандаа “дурласан” даа. Эхнэрээ өөрөө дасгалжуулж, анхны тэмцээнд нь “сойж” байлаа.
-Анх яаж танилцаж байв?
-Би 2008 онд “Тайхар” клубт багшилдаг байлаа. Тэр үед нэг их хөөрхөн охин манай клубт хичээллэхээр ирсэн юм. Бид хоёрын учрал, хайр сэтгэлд бодибилдинг, фитнессийн спорт гүүр болж өгсөн гэхэд болно (инээв).
-Тамирчин гэр бүл байхын жаргал, зовлонгоос хуваалцаач?
-Бидний зорилго нэг. Тамирчин гэр бүлийн нэг давуу тал нь энэ юм. Тэмцээн, бэлтгэл сургуулилалтаа хамт хийнэ. Гэртээ ч хамт. Яг адилхан эрүүл хүнс хэрэглэнэ.
-Нээрэн л танай хөргөгчид дандаа л эрүүл хүнс байдаг байх даа?
-Бодибилдингийн спортод бэлтгэлийн хажуугаар зөв хооллох хамгийн чухал. Хүн бэлтгэлээс алдсан энергиэ хурдан хугацаанд олж авч булчингаа тэжээх хэрэгтэй. Иймээс бодибилдингийн тамирчин хүний гол хоол хүнс нь уураг, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн байдаг. Үргэлж давсгүй, амт муутай хоол иднэ гэдэг хэцүү. Гэрт зочин ирэхэд л их сандардаг даа. Манай хөргөгчинд хүн дайлчихаар амттай юм нэг ч байдаггүй (инээв).
-Та олон улсын тэмцээнд гаргасан амжилтуудаасаа дурдаач?
-2004 онд олон улсын тэмцээнд анх удаа оролцсон. Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Саяхан АНУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
-Манай тамирчдад гадаадынхнаас ялгарах ямар давуу тал байдаг вэ?
-Гадаадынхан биднээс хэрэглэж байгаа нэмэлт зүйлээрээ илүү. Гэхдээ манайхан байгалиасаа тэнхээтэй хүмүүс. Бодибилдинг гэлтгүй, бүхий л спортод амжилт гаргаж чадна.
-Бодибилдинг, фитнессийн спортыг өртөг өндөртэй гэж ярьдаг. Тэмцээнд оролцох зардлаа яаж шийддэг юм бэ?
-Энэ спортоор амжилт үзүүлье гэвэл тогтмол бэлтгэл, сургуулилалтаас гадна уураг, амин дэмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Харин манайд иймэрхүү бүтээгдэхүүн харьцангуй үнэтэй байдаг. Зардлаа өөрсдөө л аргалдаг.
-“George’s gym”-ээ хэзээ байгуулав. Эндээ багшилж байгаа юу?
-Хоёр жил болж байна. Өөрөө багшлаагүй ээ.
-Сүүлийн үед хувийн дасгалжуулагч нарын тоо нэмэгдэж байна. Таныг дасгалжуулагчаа болгоё гэсэн хүмүүс хандаж байна уу?
-Гадаадад хувийн дасгалжуулагч нар маш чадвартай, тэр хэрээрээ өндөр цалинтай байдаг. Манайд энэ чиглэлийн дасгалжуулагч нарын тоо нэмэгдэж байгаад баярладаг. Хүнтэй ажиллах хэцүү шүү.
-Шавь бэлтгэж байгаа юу?
-“Монголын мистер” тэмцээнд энэ жил миний шавь нар оролцож, багаараа мөнгөн медаль хүртсэн. Ер нь их давгүй амжилт гаргаж байгаа.
-Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох үедээ бэртэж байв уу?
-Хүндийг өргөлтөөр хичээллэж байх үедээ бэртэж л байсан. Бодибилдинг бол харьцангуй бэртэж гэмтэх нь бага. Бодибилдинг маш урт хугацаанд тууштай хичээллэж байж амжилтад хүрдэг спорт. Залуус маш хурдан үр дүн гаргах гэж яарч, буруу хичээллэж өөрсдийгөө бэртээчих гээд байдаг талтай.
-Фитнес төвүүдийн тоног төхөөрөмжүүдэд тавих стандарт, шаардлага гэж байдаг уу. Чанаргүй тоног төхөөрөмжөөс болж гэмтэх тохиолдол хааяа гардаг шүү дээ.
-Фитнессүүдийн тоног төхөөрөмж харьцангуй сайжирч байгаа. Хамгийн гол нь дасгалжуулагч л сайн байх ёстой. Хэчнээн сайн тоног төхөөрөмжтэй байлаа ч, зөв чиглүүлэх дасгалжуулагч байхгүй бол хэрэггүй л дээ.