Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт тарвага ховордсон тул тус сумын 4 дүгээр багийн Улсын сайн малчин Ц.Сүхтогоо Зотол хан ууланд үлдсэн цөөн тооны тарваганыхаа цусыг сэлбэх саналыг сумын Засаг даргад тавьжээ. Ц.Сүхтогоогийн санаачилгыг орон нутгийн захиргаа дэмжиж, Дорнод аймгийн Баян-Уул сумаас есөн эм, арван эр тарвага тээвэрлэн авчирч, Зотол хан ууланд нутагшуулжээ. Тарвага нь хүрээлэн буй орчин, газар нутгийнхаа экосистемийн тогтолцооны чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж экологийн тэнцвэрт байдалд гол үүрэг гүйцэтгэдэг амьтан тул ийн шийдвэрлэж, тарвага нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ.