Хорвоогийн өнгийг та хэр бодитойгоор тольддог вэ. Элсийг шараар нь, модыг ногооноор нь харж байгаа шигээ нийгэмд өрнөж буй үйл явдлыг хэт харлуулахгүй, бас өнгөлөхгүй харж чаддаг уу.
Харьд байгаа монголчуудын олонх нь тухайн улсдаа аж төрөх ухаанаа олж, энд байгаа ахан дүүстээ дэм болоод л амьдарч байгаа. Гэхдээ тэдний сэтгэлээс эх орон нь үргэлж уяатай. Зургаан жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зөгийн үүр” хэмээх хөтөлбөр санаачлан, гадаадад боловсрол эзэмшиж, тэндээ амжилттай ажиллаж яваа монголчуудаа даллан дуудсан. “Ирцгээ та нар минь, улс бодлогоор дэмжинэ шүү. Эх орондоо хийж бүтээ. Бид хөгжиж байна” хэмээн тэр уриалсан. Цэнгэг агаар, цэвэр ус, ээрэм тал, хөхөөн дуу нь бодогдож, нутаг руугаа яарсан хүмүүст энэ үг эцгийн даалгавар шиг, урилга шиг дотно сонсогдсон байх. Олон залуус нутгаа зориод ирсэн. Бодит өнгийг дэлхийн монголчууд интернэтээс харж чадаагүй ч, төрийн тэргүүнийхээ үгэнд итгэсэн. Харин тэд яаж яваа бол. Нэгэн жишээ нь Болдын Түвшинбат. Киевт Балетын бүжгийн академи төгсөж, АНУ-ын “Нью-Жерси балет” компанид тэргүүн гоцлооч, балетын багш, менежер, уран бүтээл хариуцсан захирлаар ажиллаж байсан тэрбээр гурван жилийн өмнө Монголд ирснээр ажилгүй хүн болж хувирчээ. 25 жилийн туршлагыг нь юман чинээ үзэлгүй, бүгдийг “0” цэгээс эхлэхийг эх орон нь шаардаж байгаад тэр харамсаж байлаа. Түүний яриаг хүргэе.
-Киевт Балетын сургууль төгсөж ирснээсээ хойш та Монголдоо 1997 он хүртэл ажиллаж байсан юм байна. Ардын жүжигчин Э.Оюун гуайтай хослон бүжиглэсэн түүх ч танд бий. Тухайн үед балетын үзэгчид таныг ирээдүйтэй сайн бүжигчин гэж харж байсан гэдэг.
-Баярлалаа. 1997 он хүртэл ДБЭТ-т ажиллаад АНУ явсан. Залуу хүний хувьд өсөж, дэвжье, суралцъя, өөрийнхөө юу чаддагийг харуулъя гэж бодсон. 1987 онд сургуулиа төгссөнөөсөө хойш балетын урлагтай амьдралынхаа 25 жилийг өнгөрүүллээ. 1991-1992 онд Японы Нагоя хотын “Очи” олон улсын балет компани, Унгарын Будапештийн ДБЭТ-т 1992-1994 онд ажилласан. Америкт эхлээд “Нью Жерси балет” компанийн бүжигчин, тэргүүн гоцлооч, дараа нь продакшн директор буюу уран бүтээл хариуцсан захирлаар ажилласан. Манай байгууллага ОХУ болон Энэтхэгт хийсэн том хэмжээний аялан тоглолтыг би хариуцаж байсан юм. Канад, Испани ч иймэрхүү тоглолт хийдэг байсан.
Ингэж явсаар 2013 онд эх орондоо ирлээ. Ирэхийн өмнөх жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вашингтон, Нью-Йорк, Нью Жерси орчмын монголчуудтай уулзахдаа эх орон чинь хөгжиж байна, нутагтаа ирцгээ, төр бодлогоор дэмжинэ гэсэн юм. Багагүй туршлагатай болж, эх орондоо ирэхийг хүсэж байсан үед энэ үг үнэхээр итгэл төрүүлсэн. Аав, ээжийн маань нас дээр гарч, бид ч бас ид хийж бүтээх насан дээрээ байгаа учраас нутаг руугаа ирье гэж бодсон. Ингэж ирсэн хүн гудамж метрлээд л явж байна.
-Тэгж ч арай хэлж болохгүй байх аа. Та бас өөрийн гэсэн ажил, бизнестэй биз дээ?
-Хариуцлага хүлээсэн эр хүний хувьд мэдээж юм хийлгүй яах вэ. Зах зээл хангалттай биш ч бараа, бүтээгдэхүүн худалдаад л явж байна. Гэхдээ миний өдий хүртэл хийж ирсэн, хамгийн сайн мэдэх салбар маань сонгодог урлаг, тэр дундаа балет.
Хүн болгон мэргэшсэн, чаддаг ажлаа хийвэл тухайн салбар хөгжиж, тэр хэрээр улсын хөгжил ч түргэснэ. Дээр үед хар таамгаар хэн нэгнийг дуртай салбартаа томилон ажиллуулдаг байснаас одоо өөр байх ёстой шүү дээ. Би ч бас зүгээр л сэтгэлийн хөөрлөөр нутагтаа ирээгүй. Харсан, үзсэнээ хийе, мэдэж сурснаа ажил хэрэг болгоё гэж бодсон. Тэгээд ч миний үеийн, надтай хамт бүжиглэж байсан хүмүүс бүгд л багш, менежер, шүүгч болсон байна. Тэдэнтэй нүүр хагарсан, байнгын харилцаатай байдаг хүний хувьд урлагийн энэ салбарынхандаа гарц, хөгжлийн нэг чиг гаргачих боломж байгаа л гэж бодож байгаа юм.
Олон орны тайзан дээр би бүжиглэхдээ Монголын бүжигчин гэж дуудуулж явсан. Сүүлдээ Түвшинбат гэх биш “Хөөе тэр Монгол” л гэнэ шүү дээ.
-25 жил гэхээр их удаан ажилласан байна шүү. Балетын жүжигчид тэр бүр ийм удаан бүжиглэж чаддаггүй байх аа.
-20 жил болоод тэтгэвэрт гардаг гэх үү дээ. Олон улсын тэмцээн, уралдаанаас шагнал авч байсан ч гэсэн багшлах, менежер хийх нас, цаг нь болохоор тийм ажилруугаа шилжиж байгаа юм. 1998 онд л гэхэд надад АНУ-ын уран бүтээлчдийг нэгтгэсэн мэргэжлийн байгууллагаас “онцгой уран бүтээлч” гэдэг тодорхойлолт гаргаж өгч байлаа. Энд байхдаа ч би олон сайхан бүжигчинтэй хослон бүжиглэж байсан. Ардын жүжигчин Э.Оюун гуайтай би бүжиглэж байсан. Гэрэлчимэг гавьяат, Батчимэг, Эрдэнэцэцэг гээд л олон хүн бий. Сургууль төгссөнийхөө дараахан Москвад болсон олон улсын балетын тэмцээний тусгай, 1991 онд Токиогийн тэмцээний алтан медаль, Осакад болсон тэмцээний гуравдугаар байрын шагнал гээд хэд хэдэн тэмцээнд амжилт гаргасан.
-Таныг АНУ-ыг зорих үед театр үзэгчгүй болсон цаг байлаа. Харин одоо бол өөр болжээ. Та ойрд театрт очив уу?
-Намайг театраа орхиод явсан гэж бүү бодоорой. Би хаана ч тоглож байсан дандаа л Монголын бүжигчин гэж зарлуулж явсан шүү. Саяхан “Дөрвөн өнгө” тоглолт үзсэн. Монголд маань олон авьяаслаг хореограф хэрэгтэй гэдэг утгаараа чухал санагдсан. Гэхдээ сурах, засах зүйл их байна. Илүү сайжруулах боломж бий.
Нэгэн үе зах зээлийн шуурганд хийсэх шахаж байснаа бодоход театр үзэгчтэй, зарим нь балетаар имижээ бүрдүүлдэг, пиар хийдэг болжээ. Энэ тийм ч муу биш. Буруутгах ч аргагүй. Ийм үзэгдэл байдаг л юм. Намайг Японд бүжиглэж байхад Монголд маань картын барааны үе эхэлчихсэн, хүмүүс юун сонгодог урлаг бодох манатай л байсан.
Гэхдээ би АНУ-д байхдаа ч жилдээ 1-2 удаа эх орондоо ирж, хааяа тоглолт хийдэг байсан болохоор энэ өөрчлөлтийг мэдэрсээр л байсан. Улс орон маань сайхан хөгжиж байна. Хажуугаар нь саар зүйл ч байна. Уг нь жаахан өөрчлөлт хийж, сайжруулбал илүү болно доо.
-Монголд олон хореограф хэрэгтэй гэж та хэллээ. Манайхан хореограф, балетмейстер хоёрыг ялгадаггүй. Та ялгааг нь хэлж өгөөч.
-Ballet master буюу өндөр ур чадвартай, багшлах хэмжээний бүжигчнийг балетмейстер гэдэг. Манайхан үүнийг бүжиг дэглээч гэж ойлгодог нь андуурал. Буруу ярьж, зөв ойлгодог ард түмэн дээ, бид. Харин хореограф хүн бол бүжгийн хөдөлгөөнийг өрж, найруулж, дэглэдэг. Тийм учраас би олон авьяаслаг хореограф байгаасай гэж ярьсан юм.
-“Нью Жерси балет” компанид ажиллаж байхдаа таны хийсэн хамгийн чухал уран бүтээл юу байв?
-Би хуучин ЗХУ-д сургууль төгссөн учраас орос хэлтэй. Энэ давуу тал маань нөлөөлж, компанийнхаа уран бүтээлчдийг ОХУ-ын 11 хотоор тоглуулсан. Өмнө нь сургуульд сурч байхдаа ч очиж үзээгүй Казан, Саратов хотод очсон. Тэгэхдээ би продакшн директор буюу уран бүтээл хариуцсан захирлаар ажилласан. Энэтхэг улсын Мумбай хот дахь “Нью Жерси балет” компанийн аялан тоглолтыг зохион байгуулж, “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг хөрвүүлэн дэглэж тоглуулсан тэр жилээ Нью Жерсигийн урлагийн асуудал хариуцсан захирагчаас батламж авч байлаа.
-Та ирээд л ДБЭТ-т эсвэл соёлын асуудал хариуцаж байгаа БСШУЯ-д хандаж үзсэн үү?
-Би ДБЭТ-т ажилд орох хүсэлт хоёр удаа гаргасан. Эхний удаад “Та шавьгүй юм байна” гэсэн. Дараа нь “Уран сайхны зөвлөл татгалзлаа” гэдэг хариу өгсөн. БСШУ-ы сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь бол хүлээж авахгүй юм билээ. Би нэг мэргэжилтэнтэй нь уулзаад өөрийнхөө тухай хэлэхэд “Өө, тийм үү үнэхээр гайхалтай юм. Хувийн театр байсан бол ч таныг ажилд авах л байлаа. Даанч манайх боломжгүй” гэсэн.
Би өөр ажил хийгээд амьдарч чадна л даа. Эцэг, эх маань намайг дайчин, шантардаггүй, аливааг эергээр хардаг бас хийж, бүтээх эрмэлзэлтэй болгож хүмүүжүүлсэн. Гэтэл би бүтэн 25 жилийг энэ урлагт зориулсан, үүнийг л хамгийн сайн мэднэ. Унаж, босоод, өөдөө тэмүүлж яваа залуусаас өмнө би энэ замаар алхчихсан болохоор л театр руугаа сэтгэл татагдаж, бас ирээдүйн хөгжлийнх нь төлөө зовниод байгаа юм. Би балетыг 10 биш бүр 20 хуруу шигээ мэднэ. Энэ биеийнхээ эс ширхгээр мэдэрсэн хүн.
Манай сонгодог урлагийн нэрийг дэлхийд цуурайтуулсан Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд сайхан дуучид байна. Гэтэл П.И.Чайковскийн уралдааны гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг л манай ДБЭТ-т ажилд аваагүй юм шүү дээ. Гайхалтай. Энэ залуу одоо алдартай тайзан дээр дуулж, Мариинскийн урилгаар ажиллаж байна. Түүний туулах гэж байгаатай адил замыг би бас туулчихсан. Тийм болохоор л ойлгомжгүй санагдаад байгаа юм.
-Бас л танилтай байж, эсвэл хэн нэгний хүн байж чадсанаар урлагийн байгууллагад ажилд ордог зарчим үйлчлээд байгаа юм болов уу?
-Уг нь тэнд байгаа хүмүүс тийм нэг нарийн хараатай баймаар байна. Хүн таньдаг ухаан хэрэгтэй. Хамгийн шилмэл, авьяаслаг хүмүүс тэнд байх ёстой шүү дээ.
Соёл урлаг, шинжлэх ухааны салбар улс төрөөс ангид байх ёстой. Би ямар ч улс төр, бизнес, шашны бүлэглэлд хамаардаггүй. Намайг дээш нь тэдэнтэй ойртуулах ах, дүү, хамаатан, садан, дэмжигч байхгүй. Би авьяас, хөдөлмөрөөрөө л энэ салбарт өөрийгөө таниулсан.
АНУ-д ч тэр, ер нь урлагийн салбарт арын хаалга байхгүй. Үзэгчид тоглолтыг чинь үзээд алга ташиж, баяр талархлаа илгээж байвал л та үнэлэгдэнэ. Урлагийг сайн хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэхдээ түүний тулд улс төрийн хараанд байх албагүй.
-Түрүүн утсаар ярихад та хичээл дээр байна гэсэн. Сурч байгаа юм уу?
-Тэнд байхдаа хамт олноо удирдаад ажиллахад миний туршлага, мэдлэг, боловсрол гологдоогүй хэдий ч Монголд бол үгүй. Тийм болохоор шалгуурт нь тэнцэхийн тулд “0” цэгээс эхэлж байна. Би СУИС-д оройн ангид сурч байгаа.