- Төрийн банкийг тогтвортой ажиллаж байгаа энэ үед нь хувьчлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг –
Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэлээс гарах ямар шийдэл байгаа талаар макро эдийн засагч Батаагийн Ганболдтой ярилцлаа.
-Ярилцлагаа таны төрсөн нутаг ус, эзэмшсэн боловсролын талаар эхлэх үү?
-Би Дорнод аймгийн Баян-Уул суманд 1974 онд төрсөн. Баян-Уул сум хойгуураа ОХУ, баруун талаараа Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумтай хил залгадаг, тал хангай хосолсон, уул ус, ургамал нь жигдэрсэн сайхан байгальтай нутаг. Миний хувьд 10 жилийн сургуулиа сумандаа төгсөөд МУИС-д элсэн суралцаж, эдийн засагч мэргэжлээр 1996 онд төгссөн. Мөн Япон улсын Токио хотын Хитоцубаши их сургуульд хоёр жил суралцаж, 2003 онд төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан.
-Таны мастерын зэрэг хамгаалсан сэдэв болох төрийн эдийн засгийн бодлогын асуудлаар ярилцъя. Төрийн эдийн засгийн бодлого гэж чухам юуг хэлж байна вэ?
-Ерөнхийдөө төрийн эдийн засаг дахь үүрэг, оролцоо, эдийн засгийн удирдлагыг судалдаг салбар. Зах зээлийн эдийн засагтай үед эмнэлэг, сургууль, соёл, шинжлэх ухаан, улсыг батлан хамгаалах зэрэг салбарт төрийн зайлшгүй оролцоо шаардлагатай байдаг. Мөн асар их хөрөнгө оруулалт шаарддаг, урт удаан хугацааны дараа ашиг өгөөжөө өгдөг зам, гүүр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг хувийн хэвшил дангаараа оролцох боломжгүй салбарт төрийн зохистой оролцоо шаардлагатай болдог. Эдгээр салбарыг зах зээлийн жамаар орхиж болдоггүй.
Нөгөө талаас эдийн засгийн удирдлагыг төр хэрэгжүүлдэг. Бид үүнийг макро эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Үүнд төсөв, мөнгө, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, гааль татварын бодлого орно. Төр өөрөө оролцох шаардлагагүй юманд оролцоод ирэхээр, макро эдийн засгийн бодлого алдагдахад хүрвэл эдийн засагт хүндрэл бэрхшээл, хямрал авчирна.
-Засгийн газраас оруулсан улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэх үед танигдахын аргагүй болтлоо өөрчлөгддөгийг бид УИХ-ын төсөв батлах явцаас хардаг л даа. Төсвийн төслийн тооцоо судалгааг хийдэг байсан Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд тийм хандлага их харагдах боллоо. Улстөрчид төсвийн хөрөнгө оруулалтыг тойрог руугаа чиглүүлэх гэж төсвийн зардлуудыг дураараа нэмдэг. Засгийн газраас оруулсан төсвийн төсөл батлагдаж гарахдаа танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байх нь хэвийн үзэгдэл болчихлоо. Би Сангийн яаманд 15 жил ажилласны хувьд жил бүрийн улсын төсвийг маш нарийн тооцоо судалгаанд үндэслэн боловсруулдгийг мэднэ. Улсын төсөв бол улстөрчдийн цээжээрээ зохиодог тоо биш. Төсвийн бодлого бол бие даасан шинжлэх ухаан юм. Тиймээс УИХ-ын гишүүд хариуцлагатай хандах ёстой. Эдийн засгийн үзүүлэлтүүд хоорондоо уялдаа холбоотой. Ганцхан валютын ханшийг тооцохын тулд маш олон үзүүлэлтүүдийн хамаарлыг тавьж үзэж байж тооцоогоо хийдэг.
Нэг үзүүлэлт л өөрчлөгдөхөд төсвийн бусад бүх үзүүлэлт хөдөлдөг. Тэрийг УИХ дээр өм цөм өөрчлөхөд гарах сөрөг үр дагавар ихтэй. Энэ байдал сүүлийн жилүүдэд хавтгайрах шинжтэй болсон. Жишээ нь, 2014 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газраас оруулсан зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зардлыг нэг триллион төгрөгөөр нэмэгдүүлсэн юм чинь тэр зардлыг хаах орлогыг тооцох ёстой. Ингээд тооцоо судалгаа хийлгүйгээр татвар нэмэх, бусад хэлбэрээр орлогоо хий хоосон нэмэгдүүлж төсөв баталж байна. Үр дүнд нь тухайн оны төсвийн орлого бараг нэг их наяд төгрөгөөр тасарч, энэ хэмжээгээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, зардлыг санхүүжүүлж чадахгүйд хүрсэн. Энэ нь цаашаа олон сөрөг үр дагавартай.
-Нөгөө талаас УИХ-д оруулж ирсэн төслөө Засгийн газар хамгаалж чадахгүй байна. Хамгаалах эрх зүйн орчин ч үгүй мэт харагддаг?
-Манай УИХ ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр шийдвэр гаргадаг байгууллага болчихоод байна. Төсвийн төслийг баталж байгаагаас ийм байдал тодорхой харагддаг. Улсын төсвийг бүхэл бүтэн нэг триллион төгрөгөөр нэмэн баталж байхад Сангийн сайд дорвитой алхам хийгээгүй, Ерөнхийлөгч хориг тавиагүй, хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр хуульдаа өөрчлөлт оруулж, энэ байдлыг зохицуулах шаардлагатай. Зарим улс Засгийн газраас оруулсан төсвийг парламент нь тодорхой заасан хувиас хэтрүүлэлгүй батална гэсэн хязгаар тогтоож хуульчилсан байдаг.
Зарим оронд Засгийн газраас оруулсан төсвийг нь хэт ихээр хөдөлгөвөл Сангийн сайд нь хориг тавих эрхтэй. Хэт их өөрчилсөн төсвийг Сангийн сайд өөрөө хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Өнөөдөр бол дуртай ч, дургүй ч хүлээж авч байна. Хэрэв манай сайд нар үнэхээр улс орны эрх ашгийг юунаас ч илүүд тавьдаг, өндөр ёс зүйтэй байсан бол сайн дураараа огцордог байх байсан болов уу.
-Улстөрчдийн ёс зүйг өндөр түвшинд тавьсан улс оронд бол энэ нь Сангийн сайдын огцрох хангалттай үндэслэл байх?
-Иргэний эр зоригтой, хариуцлагатай Сангийн сайд бол “Би ийм төслийг хэрэгжүүлж чадахгүй” гээд албан тушаалаа өгөх хэмжээний асуудал. Төсөв батлах УИХ-ын эрх мэдэл маш өндөр хэр нь хариуцлага тооцох аргагүй байна. Хариуцлага тооцохгүй бол энэ байдал үргэлжлээд л байна. Хүнд эрх мэдэл нь байвал хариуцлага нь тодорхойгүй эрхээ л эдлэхийг бодно.
-Энэ мэт тооцоо судалгаагүй төсвийн тэлэлт эдийн засгийн өнөөгийн хүндрэлд нөлөөлсөн үү?
-Мэдээж нөлөөлж байгаа.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдалд макро эдийн засагч хүний хувьд Та ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ?
-Эдийн засгийн байдал хүндэрсэн. Хүмүүсийн худалдан авах чадвар сайнгүй байна. Бараа бүтээгдэхүүний борлуулалт тааруу байна. Нөгөө талаас эдийн засгийн мөчлөг гэж бий. Эдийн засгийн өсөлт байнга өндөр байдаггүй, өсдөг, буурдаг. Одоо бол бууралтынхаа мөчлөг дээр явж байна. Энэ бол гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай холбоотой манай улсын экспортын орлого сайнгүй байна. Хоёрдугаарт, төр, засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн удирдлагын алдаатай бодлогоос болсон. Эдийн засгийг удирдахыг далайд хөвж байгаа том хөлөг онгоцтой адилтгадаг. Хөлөг онгоцны ахмадыг эдийн засгийн удирдлагатай адилхан гэж үздэг.
Хөлөг онгоцонд жижиг завь шиг огцом эргэлт хийх арга байдаггүй. Очих газар руугаа аажмаар залж байж зорьсон газартаа хүрдэг. Эдийн засаг яг үүнтэй адилхан, нэг шийдвэр гаргасан бол ойр ойрхон засах боломжгүй. Үр нөлөө нь хоёр гурван сар, хоёр жилийн дараа ч гардаг учир тэр л дээ. Тийм болохоор эдийн засгийн бодлогод шинжлэх ухааны үүднээс хандах ёстой. Сүүлийн хоёр жилийн эдийн засгийн хүндрэл төсвийн бодлого алдагдсантай ч холбоотой. Жишээ нь, “Чингис” бонд гаргахдаа юу хийхээ төлөвлөлгүйгээр гадаад зах зээлээс мөнгө оруулж ирсэн. Засгийн газар юу хийхээ зээл авсныхаа дараа шийдсэн. Тэр хооронд зээлийн хүү төлөгдөж л байна шүү дээ. Энэ чинь энгийн айл өрх, хувь хүний түвшинд ч гэсэн алдаатай шийдвэр биз дээ.
Эдийн засагт оруулж ирсэн зээлийн мөнгийг нэг өдөр ч гэсэн хоосон хүү төлөөд зогсоож болохгүй. “Чингис” бондын зарим мөнгө одоо хүртэл зарцуулагдаагүй байж л байгаа. Бид хий дэмий хүү төлөөд л явж байна гэсэн үг. “Чингис” бондын санхүүжилтийн ихэнх хэсгийг банкны зээлийн эх үүсвэр болгоод банкуудад байршуулсан шүү дээ.
-Зээлийн санхүүжилтийг үр ашгаа урт хугацаанд өгдөг дэд бүтцийн салбарт оруулах нь үр дүн муутай гэдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Аливаа зээл авахдаа ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ эхлээд бодсон байх ёстой. Жишээ нь, зам барихад хөрөнгө оруулалт хийе гэвэл зам ямар хугацаанд үр ашгаа өгөхийг тооцох ёстой. Богино хугацаатай зээлийг 20 жилд үр ашгаа өгөх төсөлд оруулбал эдийн засгийн талаасаа хүндрэлтэй. Одоо “Чингис” бондын хүүг төлөөд явж байгаа. Үндсэн төлбөрийг 2017 оноос төлж эхэлнэ. Бусад бондын эхний үндсэн төлбөрүүдийг 2017, 2018 оноос төлж эхэлнэ. Тэгэхээр эдийн засагт, төсөвт их хэмжээгээр дарамт ирнэ.
-Улсын төсвийн орлого бүрдэхгүй байна. Төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ?
-Дотоод, гадаад эх үүсвэрээр нөхнө. Дотоод эх үүсвэр нь Төвбанк болон арилжааны банкнаас зээл авч болно. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд бонд зарж, зээл авах зам ч бий. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөж байгаа. Гадаадын зээл, тусламж тодорхой хувийг эзэлж байна. Хувийн хэвшлээс мөнгийг нь татаж, төсвийн алдагдлыг нөхөх нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөтэй.
-Яагаад?
-Засгийн газрын бондыг бараг 100 хувь арилжааны банкууд авч байгаа. Арилжааны банкууд өөрийн сул чөлөөтэй эх үүсвэрээр бонд авдаг. Эргээд энэ нь улсын төсвийн урсгал зардалд зарцуулагддаг. Зүй нь энэ мөнгө арилжааны банкиндаа аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх зээл болж гарах ёстой. Ингэвэл эдийн засгийн өсөлтийг хангахад хувь нэмэр болно. Ийм хөрөнгийг бид төсөвтөө, өөрөөр хэлбэл өдөр тутмын хэрэглээнд зарцуулж байна аа гэсэн үг.
-Инфляц нам тогтвортой түвшинд байна. Цаашид ч энэ байдлаа хэсэг хугацаанд хэвээр хадгална гэж Монголбанкнаас прогноз гаргаж байгаа. Энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй байх вэ?
-Инфляц бага түвшинд байвал сайн. Иргэдийн худалдан авах чадвар сайнгүй байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байна. Нийлүүлэлт нэг түвшинд, нөгөө талаас эрэлт буурсан учир үнэ өсөхгүй байна. Инфляц урт хугацаанд тогтвортой байвал бизнесийнхэн бодитой төлөвлөлт хийж чадна. Бизнес төлөвлөгөө зөв гарвал бизнес амжилттай явна. Хэрэв савлагаатай байвал хувийн хэвшлийнхэн шийдвэр гаргахад маш хэцүү болдог.
-Долларын ханш эдийн засгийн ямар орчинд буурах боломжтой вэ?
-Ханш эрэлт, нийлүүлэлтээр л зохицуулагдана. Валютын орлого олох боломж хомс байвал ханш чангарна. Эрэлт, нийлүүлэлт тогтвортой байвал ханш савлахгүй. Валютын ханш чангарах, сулрах нь гол биш, тогтвортой байх нь л чухал. Мэдээж бид валютын орлого байхгүй хэр нь валютын хэрэглээ өндөртэй байж таарахгүй. Тэгвэл ханш чангарна. Энэ үед бизнесийн шийдвэр гаргахад түвэгтэй болно. Тийм болохоор Төвбанк ханшийг тогтворжуулахын тулд өөрийн арга механизмыг хэрэглэдэг. Олон улсын жишгээр дор хаяж гурван долоо хоногийн импортын хэрэглээг хангах хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Энэ нөөцөө ханш тогтворжуулахад ашигладаг. Үүнийг бид сүүлийн 10-аад жил хангаж ирсэн. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд алдаад байх шиг байна.
-Та Сангийн яаманд ажиллаж байсан хэрнээ яагаад Төрийн банкинд шилжиж ажиллах болсон юм бэ?
-Төрийн банкийг анх Сангийн яамны 100 хувь эзэмшлийн банк хэлбэрээр байгуулсан. Удирдлага, зохион байгуулалтыг нь Сангийн яам хариуцах үүрэг хүлээсэн. Тэр үед би Сангийн яамнаас ТУЗ-д нь орж ажилласан. Анх гадаадаас менежментийн баг урьж, 2011 он хүртэл ажиллуулсан. 2011 оны дөрөвдүгээр сард менежментийн баг үүргээ гүйцэтгээд буцахад банкийг цааш нь авч явах үүрэг монголчуудад үлдсэн. Миний хувьд ТУЗ-д ажиллаж байсан, Сангийн яаманд банк, санхүүгийн салбар хариуцаж явсны хувьд надад энэ банкинд ажиллах саналыг Сангийн яамны удирдлага тавьсан. Тэгээд 2011 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны санхүү хариуцсан захирал болсон. Арваннэгдүгээр сард нь тэргүүн дэд захирлаар томилогдсон.
-Энэ албан тушаалд банкны чухам ямар үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байв?
-Санхүү хариуцсан, тэргүүн дэд захирлын гол ажил нь банкны өдөр тутмын актив пассивын удирдлага, бизнесийн хөгжил буюу банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хариуцна. Банкны ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд ямар шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж бусад банкуудтай өрсөлдөх вэ, банкны хүү, шимтгэлийн нөхцөл нь ямар байх вэ гэх мэт банкны өдөр тутмын үйл ажиллагаанд гол үүрэгтэй ажилладаг. Маркетингийн асуудал, салбар нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Банкны хөрөнгийг үр ашигтайгаар удирдах үүрэгтэй гэсэн үг л дээ.
-Төр арилжааны банкуудтай өрсөлдөн, бизнес хийх нь буруу гэсэн шүүмжлэл их гарсан. Та Төрийнбанкийг удирдалцаж байсны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Төрийн банкийг анх байгуулсан учир шалтгаан өөр шүү дээ. Тэр үед “Зоос”, “Анод” банкны үйл ажиллагаа доголдож, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтүүд алдагдаад эхэлсэн. Банкны тухай хуулиар арилжааны банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа алдагдвал Төвбанк албадлагын арга хэмжээ авдаг. Энэ хуулийн дагуу банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд, нөгөө талаас үйл ажиллагаа нь хүндэрсэн банкуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр хариуцлагыг өөр дээрээ авч, Төрийн банкийг 2009 онд “Зоос” банкны суурин дээр байгуулсан. Төрийн банкийг анх байгуулахдаа гурван жилийн дотор хувьчилна гэсэн бодлоготой байлаа.
Төр бол хувийн бизнесийнхний хийх ажилд хутгалдаж орох нь зохисгүй гэж байсан. Хувьчлалын асуудал жил болгон яригддаг ч тодорхойгүй хугацаагаар хойшилсоор ирсэн. Ингээд ажиллаж байтал 2013 онд “Хадгаламж” банкны үйл ажиллагаа хүндэрсэн. Нэгэнт л Төрийн банк банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах дундын гүүр болж ажиллаж байсан учир “Хадгаламж” банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нэг ч харилцагч, хадгаламж эзэмшигчийг хохироолгүй амжилттай нэгтгэж чадсан. Цаашдаа банкийг тогтвортой ажиллаж байгаа энэ үед нь хувьчлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.
-Таны ажил мэргэжил хувь хүний зохион байгуулалтад ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Банк санхүүгийн салбар хувь хүний талаас асуудалд нарийн тооцоо судалгаатай ажиллахыг шаарддаг. Тэр тусмаа улс орны хэмжээний асуудал ярьж байгаа тохиолдолд хариуцлагагүй хандаж болохгүй. Үнэн мөнийг нь маш сайн нягталж байж шийдвэр гаргах салбар. Төрийн яаманд ажиллаж, төрийн бодлогын шийдвэр гаргаж байгаа хүнд алдах эрх байхгүй. Харин банкинд ажилласан тухайд бизнес гэдэг утгаар ажлын арга барил нь өөр. Өрсөлдөөнт орчинд ажиллаж байгаа учир цаг хугацаатай уралдаж шийдвэр гаргадаг. Маш шуурхай, зоригтой шийдвэр гаргахгүй бол цаг хугацааны хүчин зүйлээс болоод алдагдал хүлээж болзошгүй. Банкны мөнгийг нэг өдөр ч ашиглалгүй сул хэвтүүлж болдоггүй. Энэ системд олон жил ажилласан, асуудлаа мэддэг хүн банк удирдахгүй бол эрсдэлд орж мэдэх эмзэг салбар.
-Манай улсын эдийн засаг зээл дээр тогтож байна. Төр засаг, аж ахуйн нэгжүүд, хувь хүн, айл өрхүүд ч тэр. Монголчууд өр зээлд таагүй ханддаг хэр нь бүх түвшиндээ зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Зээлийн талаар Таны бодол?
-Хүн хэрэгцээгээ хангахын тулд л зээл авч байгаа. Өндөр хөгжилтэй, орлого өндөртэй орнуудад хувийн хэрэглээний зээл авах нь бага. Бизнесийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд зээл авч, төслөө хэрэгжүүлэн эдийн засагт үүргээ гүйцэтгэдэг. Жишээ нь, манайд байдаг цалингийн, тэтгэврийн гэх мэт зээл өндөр хөгжилтэй орнуудад бараг байхгүй. Манайд яагаад ийм зээл түгээмэл байна вэ гэхээр бид хэрэгцээгээ хангах хэмжээний орлого олж чадахгүй байна. Нөгөө талаас иргэд орлогодоо тохирсон хэрэглээтэй байж суралцаагүй байна. Тэтгэврийн зээл яг тэтгэвэр авч байгаа хүндээ очиж байна уу гэвэл бас эргэлзээтэй. Голдуу хүүхэд, ач зээ нарынх нь сургалтын төлбөр зэрэгт зориулагдаж байгаа. Эдийн засгийн үр ашгийн үүднээс харахад хэрэглээг урамшуулсан ийм зээл байх нь тийм ч зохимжтой биш. Зээл бол хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх үндсэн зорилготой байдаг.
-Зах зээл дээр зээлийн хүү өндөр байна гэсэн шүүмжлэл бий. Хүүг бууруулж болох уу?
-Зээлийн хүү ийм өндөр байхад яаж төсөл хэрэгжүүлэх юм гэсэн шүүмжлэл байна. Хүүг бууруулах чиглэлээр төр арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Зээлийн хүү инфляц, санхүүжилтийн эх үүсвэр, банкны зардал, эрсдэлтэй шууд хамааралтай байдаг. Бодит зээлийн хүү эерэг түвшинд байх ёстой. Инфляц 10 хувь байхад зээлийн хүү найман хувь байж болохгүй. Өнөөдөр зээлийн хүүнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь хадгаламжийн өндөр хүү. Хадгаламж татахын тулд өндөр хүү зарлах үр ашиггүй өрсөлдөөн банкуудын дунд байсаар байна. Улс орнууд хадгаламжийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүгийн дээд хязгаар тогтоож байсан туршлага бий. АНУ-д ч энэ аргыг хэрэглэж байсан.
-Төвбанк сая бодлогын хүүгээ 1.5 хувиар бууруулсан нь зээлийн хүүнд бодитой сайнаар нөлөөлж чадах уу?
-Зах зээл тогтсон орнуудад Төвбанк бодлогын хүүгээрээ эдийн засгийг удирдаад явдаг. Манайд бол үр нөлөө төдийлөн гардаггүй. Бодлогын хүү өслөө, буурлаа гээд зах зээл дээр хүү хөдөлдөггүй, үр нөлөөгүй хэрэгсэл болж байна. Яагаад гэвэл манайд хадгаламжийн хүү өндөр байна. Банкууд хадгаламж татаад тодорхой хүү төлнө. Цаана нь үйл ажиллагаа явуулсан зардлууд, эрсдэлийн зардлаа тооцоод зээлийн хүүгээ тогтоож байгаа. Эх үүсвэрийн хүү ийм өндөр байхад ямар ч банк зээлийн хүүгээ буулгахгүй. Зээлийн хүүгээ бууруулъя гэвэл эх үүсвэрийн хүүгээ яаж бууруулахыг бодох ёстой. Татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон арга байж болно. Манайд хадгаламжийн хүүнээс татвар авахыг жил бүр хойшлуулсаар байгаа.
-Хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлбэл иргэд хадгаламжаа татахгүй гэж үү?
-Зах зээлд анх шилжиж эхэлсэн үед банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд, банкнаас хүмүүс хадгаламжаа татах вий гэсэн айдастай байсан үед татвар авахыг нь хойшлуулаад яваад байсан. Өнөөдөр харахад эдийн засагт шилжилтийн үе шувтрах тийшээ хандаж байна. Банкны салбар эдийн засагт дангаараа ноёлж байна гэсэн шүүмжлэл байдаг. Банкны систем яагаад ноёрхож байна гэхээр зээл олгож байгаа эх үүсвэр нь хадгаламж болоод байна. Хадгаламжийн хүүгээс орлогын татвар авахгүй байгаа учир мөнгөө хадгалуулах сонирхол их байж таарна. Яваандаа хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхэлбэл хүмүүс сонголт хийж эхэлнэ.
Хүүгийн орлогодоо татвар төлөөд банкинд мөнгөө хадгалуулах уу, хөрөнгийн зах зээлд оруулах уу гэдгээ сонгоно. Одоо бол 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж даатгалтай болсон, банкны хадгаламж илүү найдвартай байна. Энэ хоёр зах зээлийн нэг нь хамгаалалттай байна. Яваандаа бодож нарийн тооцож өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Компаниудын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нэг хэрэгсэл нь хөрөнгийн зах зээл. Хувьцаа гаргаад олсон мөнгөөрөө төслөө хэрэгжүүлэх ёстой. Манайд энэ зах зээл хөгжихгүй байна шүү дээ.
-Улс орон эдийн засгийн хүндрэлээс гарах ямар арга зам Танд харагдаж байна вэ?
-Эхлээд өнөөдрийн нөхцөл байдлаа зөв үнэлэх ёстой. Өнөөдөр төлөх хугацаа нь тулсан ихээхэн өртэй. Зээлийн үндсэн төлбөрүүд хүлээгдэж байна, цаашид төсвийн орлого нэмэгдүүлэх эх үүсвэр төдийлөн харагдахгүй байгаа өнөө үед ирээдүйд төлөх өрийн төлбөрүүдээ нягт тооцож үзээд, төсвөө чамбай боловсруулж баталдаг байх шаардлагатай. Төсвөө хязгаарлаж, хумих шаардлага байгаа ч нөгөө талаас эдийн засгаа тэтгэх бодлого байх хэрэгтэй. Төсвийг хэт хумивал эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр аль аль талыг нь харж, балансыг нь зөв тооцсон, ойрын 5-10 жилийн тооцоо, судалгаатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бодлогыг өнөөгийн улс төрчид биш мэргэжлийн эдийн засагч нар боловсруулж, элдэв өөрчлөлт хийлгүй батлах хэрэгтэй.