Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг Ш.Отгонбилэг агсны захиалгаар малчид нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл олны анхааралд байгаа. Тэгвэл Ш.Отгонбилэг агсны ар гэрийнхэн “Адвокат консалтинг” хуулийн фирмийн хуульчдад хандсан байна. Энэ талаар тус хуулийн фирмийн зөвлөх, хуульч-өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Та Ш.Отгонбилэг агсны нэр төрийг сэргээлгэх асуудлаар гэр бүлийнх нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна. Ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
-“Ноцтой мэдээ” сонины 2015 оны 34 дүгээрт “Ц.Элбэгдорж “Би ямар хүнд Улсын баатар цол өгчихөв өө” гээд дороо дэвхцэн хашгирчээ” гэсэн нийтлэлд Ш.Отгонбилэг агсны нэр төр, алдар хүндийг гутаасантай холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авахаар талийгаачийн эхнэр Д.Туяа, хүү О.Содбилэг нар манай хуулийн фирмд хандсан. Уг нийтлэл С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн захиалагч нь талийгаач Ш.Отгонбилэг байсан гэх агуулгатай. Тус нийтлэлийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд дамжуулсан.
Өнгөрсөн оны сүүлчээр буюу асуудал үүссэн даруйд “Ноцтой мэдээ” сонинд “Талийгаач Ш.Отгонбилэгийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллээ залруулаач” гэсэн шаардлага хүргүүлсэн ч тус сонин биелүүлээгүй учраас шүүхэд өгсөн. Олон нийтэд түгсэн энэ мэдээллийн талаар талийгаачийн ар гэрийнхэн чимээгүй байгаа нь үүнийг хүлээн зөвшөөрч буй мэт ойлголтыг зарим хүнд өгсөн байх. Иргэний хуулийн 21.7-д “Нас барсан хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ, мэдээлэл тараасан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагчид нь нас барсан хүнийхээ нэр төр, алдар хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ эрхийнхээ дагуу түүний эхнэр Д.Туяа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
-Талийгаачийн хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг фэйсбүүк хуудсандаа “Нөлөө бүхий хүн намайг дуудаад, аавыг минь үг хэлж, өөрийгөө өмөөрч чадахгүй учраас С.Зориг агсны хэрэгт холбох гээд байна. Холбох шалтгаанаа ч олсон гэнэ” гэсэн утгатай мэдээлэл гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-“Ноцтой мэдээ” сонинд нийтлэл гарсан орой О.Содбилэг гишүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандсан. Тухайн үед хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн ар гэрийнхэн болон бусад хүн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл, гомдол гаргасан байсан юм билээ. Тэнд тийм өргөдөл, гомдол ирсэн гэсэн мэдээллийг Өргөдлийн байнгын хорооноос О.Содбилэг гишүүнд өгсөн гэсэн. Тэр тухай л бичсэн гэж өөрөө тайлбарладаг. Гэхдээ түүний бичсэнээс үл хамаарч, энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хуулийн дагуу харилцан, шаардлагатай тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. “Ноцтой мэдээ” сонинд гарсан энэ нийтлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн” гэж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа гэсэн.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр энэ талаарх мэдээллүүд агуулгын хувьд өөрчлөгдөн гарах болсон. Тухайлбал, Dorgio.mn болон Zuvsongolt.mn сайтад С.Зориг агсны амиа алдсан хэргийг шалгах явцын талаар мэдээлсэн. Dorgio.mn сайтад “...Ш.Отгонбилэг агсны малчин байсан Ачмаагийн Ганхуяг, Жаагий-Очир, Содномдорж нар...” гэх зэргээр тодорхой хүний нэр зааж, шалгагдаж байна гэж мэдээлсэн. Тиймээс тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан, үүнийг залруулах шаардлага тавиад байгаа.
-С.Зориг агсан бусдын гарт амиа алдаад 18 жил болж буй ч одоо хэр хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй. Тиймээс дээрх мэдээллийг үгүйсгэх баримт бий юү?
-Ш.Отгонбилэг гэдэг хүн хэрэг гарахад буюу С.Зориг агсны амийг хохироосон үйл явдал болох үед малтай байсан уу гэвэл малтай байсан, малчинтай ч байсан. Гэхдээ дээр хэлсэн мэдээлэлд дурдаад байгаа Ачмаагийн Ганхуяг, Жаагий-Очир, Содномдорж гэдэг хүмүүс тэдний малчин байгаагүй. Огт өөр хүмүүс малыг нь маллаж байсан. Тэдгээр малчин нь өнөөдөр амьд сэрүүн байна. Хэн гэдэг хүн, ямар хугацаанд малыг нь хариулж байсан нь бүгд тодорхой байгаа. Энэ хэрэг 1998 онд гарсан. Тухайн үед мал маллаж байсан хүмүүс нь одоо 60 гаруй насныхан. Гэтэл ингэж хүний нэр зааж, зарлаад буй нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Манай үйлчлүүлэгчдийн нэр төрд хууль бусаар халдаж буй хэрэг.
Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны амиа алдсан хэргийг шалгаж байгаа хууль, хяналтын байгууллагууд Ш.Отгонбилэг агсны гэр бүлд хандан, ямар нэг асуудал тавиагүй. Үнэхээр л энэ хэрэгт талийгаач холбоотой гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.3-т зааснаар түүний гэр бүлийнхэнд Ш.Отгонбилэг агсны гэм буруугүйн асуудлаар маргах эрхийг нь эдлүүлэх ёстой. Хэргийг шалгаж байгаа байгууллага ийм ажиллагаа хийх хэрэгтэй. Ийм ажиллагаа хийгдээгүй учраас хэвлэлд гарсан мэдээллийг бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж болно.
-“Хэрэг нь илэрсэн, захиалагчийг нь хайж байна” гэсэн утгатай мэдээлэл их гарч байгаа. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотойгоор С.Зориг болон Ш.Отгонбилэг агсан хоорондоо таарамж муутай байсан гэх яриа байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тухайн үед би тэр хүмүүсийн дэргэд байгаагүй учраас мэдэхгүй байна. Харин олон нийтэд хүрсэн уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Тиймээс ийм мэдээлэл тараасан хэвлэлийн байгууллагуудыг залруулга хийгээч ээ гэж л хүсэж байна.
-2000 оны сонгуулийн өмнөхөн Ш.Отгонбилэг агсны тухай “Зууны луйвар” нэртэй баримтат кино шуугиан тарьж байсан. Мөн түүний Швейцарийн банкинд хадгалуулсан 20 сая гаруй ам.долларыг одоо хүртэл ар гэрийнхэн нь авч чадахгүй байгаа гэдэг. Энэ асуудлаар гэр бүлийнхэн нь танд хандаж байв уу?
-Би нэг зүйлийг маш сайн мэдэж байна. “Зууны луйвар” нэртэй баримтат кино хийж, цацсан этгээдүүдтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээд тухайн мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Ш.Отгонбилэг агсны нэр төрийг гутаасан гэдгийг нь тогтоосон. Тиймээс энэ мэдээлэлд залруулга хийхийг “Ийгл” телевизэд даалгасан байдаг. Шүүхийн тэр шийдвэр хүчин төгөлдөр байгаа.
-“Ноцтой мэдээ” сонин болон зарим сайт Ш.Отгонбилэг агсны нэр төрд халдсан гэж үзэж буй бол өмгөөлөгч хүний хувьд үүнийг баримтаар нотлох хэрэгтэй болов уу?
-“Ноцтой мэдээ” сониныг хариуцагчаар татсан. Энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага буюу мэдээлэл тараасан этгээд тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал нь бодитой биш, худал ташаа гэдгийг нотлох үүрэг байдаггүй. Гэхдээ шүүх хуралд шаардлагатай, хамааралтай баримтыг бид гаргаж өгөхөд бэлэн. Бид талийгаачийн малыг маллаж байсан хүмүүсийг ч гэрчээр дуудаж болж байна.
-Тэгэхээр санаатайгаар нэр төрд нь халдсан гэж үзэж байна уу?
-Мэдээлэл гаргасан хэвлэл, сайтыг зориуд, зохион байгуулалттайгаар ийм зүйл хийсэн гэж хуульч хүний хувьд бодохгүй байна. Тэнд бичигдсэн зүйлс хэн нэгэн хүний захиалга байхыг үгүйсгэхгүй. Гол нь эх сурвалжийн мэдээлэл нь бодитой, эсэхийг шалгаж үзээгүй, баталгаажуулаагүйдээ тэд хариуцлага хүлээх ёстой.
-Манай улсад сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн үндэс бүрдээгүй. Тиймээс Ш.Отгонбилэг агсны эхнэр болон хүүхдүүд нь энэ мэдээллээс болж сэтгэл санаагаар хохирсон, эсэхийг хэлэхэд амаргүй. Энэ тухайгаа танд гэр бүлийнхэн нь ярьсан уу?
-Нэр хүндтэй, олон нийтэд танигдсан хүмүүс аль ч нийгэмд байдаг. Тэдний нэг нь Ш.Отгонбилэг гэж би хувьдаа үздэг. Тэр хүн хэдий нас барсан ч өнөөдөр түүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлыг ярихад гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийнх нь эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байгаа. Эхнэр, хүүхдүүдэд нь сэтгэл санааны ямар дарамт учирч буйг тодорхойлоход хэцүү. Сэтгэл хямраад нэг шөнө нойргүй хонох ч гэсэн дарамт шүү дээ.
-С.Зориг, Ш.Отгонбилэг агсан бол монголчуудын хайрлаж, хүндэлдэг эрхмүүд. Тиймээс С.Зориг агсны амиа алдсан хэрэгт Ш.Отгонбилэг агсныг холбоотой гэхэд итгэхгүй хүн олон байгаа байх.
-С.Зориг агсан амиа алдсан нь монголчуудад хүндээр туссан. Тэр бол тухайн үед ардчиллыг зөв хөгжүүлэх, төлөвшүүлэхэд жинтэй нөлөө үзүүлсэн хүн байсан. Монгол Улсын хөгжилд энэ хоёр хүн үнэтэй хувь нэмэр оруулсан. Мэдээлэл гарснаас хойш бид байнга тандалт хийхэд сошиалд хүмүүсийн бичсэн сэтгэгдлийн 90 гаруй хувь нь Ш.Отгонбилэг агсантай холбогдуулан цацагдсан мэдээллийг “худлаа” гэж бичсэн байдаг. Мөн олон хүн “Сонгуулийн жил болохоор л С.Зориг агсны амиа алдсан хэрэг сөхөгддөг” гэсэн байсан. Үнэхээр л сонгууль болгоны өмнө С.Зориг агсны хэрэгтэй холбоотой дуулиан гардаг нь харагдаад байгаа. Тиймээс үүнийг сонгуулийн шоу гэж харах хүн олон байдаг юм байна.
-Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг үг бий. С.Зориг агсны амиа алдсан хэрэгт Ш.Отгонбилэг агсныг ямар нэг сэжмээр холбоотой байж магадгүй гэж хардах хүн ч цөөнгүй санагдсан. Тэгэхээр шүүх хурлын дараа л түүний холбоотой, эсэх нь тодорхой болох нь гэж ойлгож болох уу?
-Шүүхийн шийдвэр гарч байж хүмүүст тодорхой ойлголт өгөх байх. Гэхдээ шүүхийн шийдвэр бодитой, үнэн зөв гарах уу гэдэг эргэлзээтэй. Мэдээж шүүхийн шийдвэрээр нэлээд зүйл тодорхой болно. Ш.Отгонбилэг агсны малчид гээд байгаа хүмүүсийг 30-40 насных гэж бичсэн байсан. Тэгэхээр тухайн үед 20 дөнгөж гарч яваа залуус үйлдсэн гэж ойлговол манай хууль хүчний байгууллагынхан энэ олон жил шалгаад илрүүлж чадахгүй байна гэж байхгүй. Хуульчаар ажилласан 20 жилийн туршлагаасаа харахад манай хууль хүчний байгууллагын хүчин чадал, ажиллах ур чадвар олон улсын хэмжээнд гологдохоор биш. Ялангуяа 1990-ээд оны сүүлч үед ажиллаж байсан боловсон хүчнүүд социалист нийгмийн үед бэлтгэгдсэн. Энэ хэрэг дээр манай улсын хамгийн шилдэг мөрдөгчид ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа.