Дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг агуулдаг Хөвсгөл нуурыг хамгаалан ариун дагшин байлгахад монгол хүн бүр сүүлийн хэдэн жил анхаарал хандуулах болсон. Ялангуяа Хөвсгөл нуурт живж, бензин шатахуунтайгаа нуурын ёроолд хагас зууныг өнгөрөөж буй тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, Хөвсгөл нуураа цэвэрлэх санал санаачилгыг 2011 онд “Өнөөдөр” сонин, “Хөвсгөл далайн эзэд” ТББ гаргаж, тухайн үед Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан дэмжсэнээр таван жилийн дараа ийнхүү олон улсын төсөл болон хэрэгжих гэж байна. Ялангуяа Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн болсноор “Хөвсгөл-Хөх сувд” төслийг төр, засгийн анхааралд хүргэж, ОХУ, Япон, БНСУ зэрэг улсын холбогдох байгууллагууд болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгийг авч, “Хөвсгөл нуурыг цэвэрлэх” аян өдгөө Хөвсгөл орчмын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр улам өргөжин тэлээд байна.
“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” энэхүү төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, БОНХАЖЯ хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн нээлт энэ сарын 11-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд боллоо.
Уг төсөл нь Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд амьдран суудаг нутгийн иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэж буйгаараа анхдагч болж байна. Мөн гурван сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж гэдгээрээ онцлог бөгөөд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн таван суманд 2016-2019 онд хэрэгжих юм.
Төслийн нээлтийн арга хэмжээнд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зам, тээврийн яамны Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх, Рэнчинлхүмбэ сумд, Хатгал тосгоны иргэд, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид болон энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ зэрэг уг төслийг хариуцан хэрэгжүүлэгчид, төслийн үр шимийг хүртэх төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцов.