Гавьяат багш С.Жамъянхоролыг “Ням гариг” хоймортоо урилаа. Уншигчид маань түүнийг “Монгол HD” телевизийн зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш гэдгээр нь андахгүй биз ээ. Тэрбээр өдгөө 40 гаруй төрлийн 400 шахам хөг аялгуу гаргадаг хөгжмийн зэмсэгтэй. Энэ бүгдийг өөрөө хийж, шавь нартаа зааж, сургаж яваа ачтан.
-Шинэ оны өмнөхөн Гавьяат багш цол хүртсэн. Багш мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул. 1988 оноос аймгийнхаа Тосонцэнгэл сумын сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Дараа нь 1995 онд Эрдэнэт рүү шилжин, тэнд гурван жил ажилласан. Ингээд 2001 оноос Дархан-Уул аймагт суурьшин өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байна. 20 гаруй жил багшилжээ. Төр хийсэн ажлыг минь үнэлж, Гавьяат багш хэмээх эрхэм цол хайрласанд талархаж байгаа. Энэ шагналыг авахад шавь нарын минь зүтгэл, амжилт их нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэд минь урам зоригтой байж, амжилт гаргасан учраас л би ийм шагнал хүртлээ. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзаж, гар бариад, зургаа татуулсан явдал ч хүүхдүүдийн минь буян шүү дээ.
-Таныг урлагийн сургууль төгсөөгүй гэсэн үнэн үү?
-Тийм ээ. Сонирхлоороо л урлагт татагдсан.
Анх модоор хөгжим хийж байгаад дараа нь төмрөөр урласан
-Тэгвэл эд зүйлийг хөгжмийн зэмсэг болгон ашиглах сэдэл хэрхэн төрөв?
-1980-аад оны эхээр манай аймгийн Тосонцэнгэл сум цирктэй байсан юм. Би тэнд мэргэжлийн бус жүжигчнээр ажилладаг байв. Төрийн шагналт зохиолч Л.Ванган гуайн дүү, Монголын циркийг үндэслэгч, Ардын жүжигчин Л.Нацаг гэдэг хүний удирдлага дор, түүний бүтээсэн зэмсгээр хөгжим тоглож явлаа. Тухайн үед өнөөдрийнхтэй ижил хөгжмийн зэмсэг элбэг байгаагүй шүү дээ. Л.Нацаг багш өөрөө хөгжмийн зэмсэг хийдэг байсан юм. Тэр хүнтэй олон жил ажиллаагүй ч, хонхон хөгжмөөс нь санаа авч ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй төрлийн 400 хөг гаргадаг 40 гаруй хөгжмийн зэмсэгтэй болжээ.
-Чулуу, төмөр гээд бүхий л зүйлсийг ашигладаг юм билээ. Хөг гаргахдаа анх юуг ашиглаж байв?
-Анх модоор хөгжим хийж байгаад дараа нь төмрөөр урласан. Хүмүүс 40 төгрөгийн үнэтэй байсан Оросын эвхдэг цагаан орыг андахгүй биз. Тийм орны төмрөөр хөгжим хийж байсан юм. Түүний дараа лонхонд ус хийж, хөг гаргаж байлаа. Ингээд л шаазан, чулуу, яс, төмөр хоолой, төмөр, сантехникийн хоолой, машины эд анги, сумны хонгио гээд чимээ гаргадаг бүгдийг л хөгжмийн зэмсэг болгож явна. Цаашдаа ч олшруулна.
-Байнга судалгаа хийдэг үү?
-Байгаль дээрх бүх л зүйл хөг, аялгуутай байдаг шүү дээ. Хамгийн гол нь тэр хөгийг хооронд нь нийцүүлэх л чухал. Шинэ хөгжмийн зэмсэгтэй болохын тулд тасралтгүй судалгаа, туршилт хийнэ. Хааяа хүссэн аялгуугаа олохгүй үе ч гарна. Ийм ажил олон жил хийхээр өөрийн эрхгүй л эрэл, хайгуул хийдэг болчихдог юм билээ. Айлд ороод цай уухдаа аягыг нь тогшиж үзэх энүүхэнд шүү дээ. Мод хөрөөдөж, төмөр тайрах, нааж, оёх нь өдөр бүрийн хэвийн үзэгдэл болсон. Энэ бүх зүтгэлээс шинэ санаа гардаг учраас бараг миний хообий болчихсон гэхэд болно.
-“Эгшиглэнт чимээ” таны байгуулсан хэд дэх хамтлаг вэ?
-Яг тэд дэх нь гэх хэцүү. Анхны хамтлагаа “Ардын аялгуу” нэртэйгээр Тосонцэнгэл суманд байгуулж байсан. Дараа нь Орхон аймагт нэг хамтлаг бүрдүүлсэн. Дарханд ирээд “Эгшиглэнт чимээ” хамтлагийг байгуулсан. Тухайн үед дөрвөн хүүхдийн бүрэлдэхүүнтэй байлаа. Ингээд төмөр, мод, лонхон царгил болон аяганы аялгуу гэсэн дөрвөн хөгжмөөр тоглодог болсон. Хамтлагийн эхний гишүүд сургуулиа төгсөөд, шинэ гишүүдээр сэлбээд л явж байна.
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо ялагч болно гэж бодож байв уу?
-Тэгж бодоогүй ээ. Шавь нарын маань аав, ээж шоунд оролцох санал гаргаж, миний зүгээс түүнийг нь дэмжиж, хүүхдүүдийнхээ авьяас, хөгжмийнхөө аялгууг ард түмэндээ таниулъя л гэж бодсон. Шоуны эхний шатанд орохдоо “Юутай ч оролдоод л үзье” гэж бодсон. Шантрах үе хааяа гарч байсан ч шавь нар маань хөгжим тоглох дуртай болохоор давж чадлаа. Үзэгчид, шүүгчдийн дэмжлэг шавь нарыг минь их зоригжуулж, хичээх ёстой гэдгийг мэдрүүлсэн ч байж магадгүй. Хичээж, чармайлт гаргаж, ялалт байгуулсан шавь нараараа бахархаж байна. Тэд минь монголчуудын сэтгэлийг хөдөлгөж чадсан шүү дээ.
-Энэ хамтлагийн хамгийн балчир хөгжимчин таны зээ гэсэн байх аа?
-Тийм. Миний зээ охин Э.Тэргэл. Аав нь бас дуу хөгжмийн багш. “Шинэ үе” сургуулийн хөгжмийн багшаар ажилладаг юм. Том охин, отгон хүү маань сурагч байхдаа мөн л энэ хамтлагт тоглодог байв.
-Танай гэр бүлд урлагийн хүмүүс олон бий гэдэг юм билээ...
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүнийг Оюунгэрэл гэдэг. Завхан аймгийн Улиастай сумын уугуул. Насаараа математикийн багш хийсэн хүн бий. Том хүү маань цахилгааны инженер мэргэжилтэй. Том охин Ууганцэцэг СУИС-д төгөлдөр хуурын онолын багшаар ажилладаг. Түүний удаах нь Япон улсад сургууль төгссөн. Монголдоо ирээд удаагүй байна. Харин отгон хүү Түвшинтөгс СУИС-д хөгжмийн багш найруулагчаар сурдаг. Тэд маань миний ажлыг үргэлж дэмжин, урам хайрладаг юм.
-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоогийн хийж буйгаа л үргэлжлүүлж, хөгжмийн зэмсгийнхээ тоог нэмнэ дээ. Ер нь цаашид бүх л аяыг тоглодог болно гэсэн зорилт тавьсан, бид. Шавь нарынхаа хөгжмийн мэдлэг, авьяасыг нь хөгжүүлэх ажлаа орхихгүй гэсэн бодол бий. Ард түмэн манай хүүхдүүдийн сонсгол, авьяас, чадварыг мэдэрсэн учраас өөр олон сайхан уран бүтээл хийх болно.
-Та олон шавьтай биз?
-Тийм ээ. Надаар хичээл заалгаж байсан хүүхдүүдийн зарим нь сонирхлоороо мэргэжлийн сургуульд орж дуу хөгжим, төгөлдөр хуурын багш, удирдаач болсон. Зарим нь одоо дээрх мэргэжлүүдээр суралцаж байна.
-Шоуны ялагч болсны дараа шавь орох хүсэлтэй хүүхдүүд олширч байна уу?
-Олширч байгаа. Хүүхдүүдээ дугуйланд өгөх гэсэн эцэг, эхчүүд л өмнө нь ханддаг байсан. Тэмцээний дараа хүүхдүүд өөрсдөө хандах болсон. Зарим сургуулиас “Манайд ирж хичээл заагаач” гэсэн хүсэлт ч тавьж байгаа. Мөн ангиараа хичээл заалгая гэсэн хүүхдүүд ч бий. Тэр бүгдэд би “боломжгүй” гэсэн хариу өгөхгүй байхыг хичээдэг. Гэхдээ зарим хүүхдийн хичээл өглөө, нэг хэсгийнх нь өдөр ордог бэрхшээлтэй асуудал бий.
Тэр бүгдийг зохицуулж, анги танхимын хүрэлцээг судлаад болгож л явна даа. Зарим өдөр ангидаа чулуун хөшөө шиг зогсдог болоод байгаа шүү.
Миний шавь нар хөгжимд их дуртай учир өдөр бүр тэдэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Амралтын өдрүүдэд ч ажилтай хүн шиг л эрт гардаг юм. Хүүхдэд урам өгч, ямар чадвартай вэ гэдгийг нь олж мэдэх багш хүний үүрэг. Тэгээд ч би шавь нартайгаа аав, охин, ах дүү шиг л харилцдаг.
-Хүүхдүүдийн сонсголыг шалгаж авдаг уу?
-Сонирхол, зүтгэлтэй хүүхэд бүрт хичээл заадаг. Ер нь тэгээд сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л гэж бий. Түүнийг л засаад өгвөл ямар ч хүүхэд аяндаа хөгжим тоглоод сурчихдаг. Тиймээс би хүүхдүүддээ “Миний охин сайн байна. Мундаг тоглодог боллоо” гэсэн үгийг байнга хэлдэг юм. Тэгэхээр хүүхдүүд улам л мэрийдэг. Угаасаа ч хүн гэдэг амьтан урмаар л амьдардаг шүү дээ.
-Шоунаас хожсон шагналын мөнгийг юунд зарцуулснаа хуучлаач?
-Шавь нараа л саятан болголоо. Шавь нарынхаа эцэг, эх тус бүрт нь 100 мянган төгрөг өгсөн.
-“Хувь хүн өөрөөсөө 60 сая төгрөг өгөхөөр боллоо” зэрэг шагналын хур буусан мэдээ дуулдаж байсан. Хүмүүс амласан шагналаа өгсөн үү?
-Дурсгалын зүйл өгч, биднийг машинаараа зөөж, хоол унданд хандив өгсөн хүмүүс олон бий. “Олон хүн мөнгө өглөө. Нэг хүн 60 сая төгрөг өглөө” гэсэн мэдээлэл гарч л байсан. Эхэндээ түүнийг “Хүүхдүүдийн авьяасыг үнэлдэг торгон мэдрэмжтэй залуу юм” гэж баярлаж байсан. Гэхдээ одоогоор өгсөн зүйл алга аа. Хэдийгээр шагналаа өгөөгүй ч “шагнана” гэж хүүхдүүдэд минь урам хайрласанд баярлаж байгаа.