Өчигдрийн явдал өнөөдөр мартагдах нь элбэг. Таван жилийн өмнө манай улс шатахууны гуравхан хоногийн нөөцтэй болж гал алдахдаа хүрэн, дээр дооргүй тэвдэж байсныг одоо санах хүн цөөн байх. Тухайн үед ОХУ-д нийлүүлэлт саатсан сургаар, дотоодод зохиомол эрэлт үүсгэж, энх цагт дайнд бэлтгэж буй мэт иргэд чадлын хэрээр шатахуун базааж байв. Харин одоо нийлүүлэлт тогтворжин, олон худалдан авагчтай болсноор шатахууны нөөц сар хагасын хэрэгцээг хангах хэмжээнд хүрч өсчээ. Өмнө нь нэг газраас хараат байсан тул бид унаа тэргээ хөдөлгөхийн тулд “Роснефть” компанийг царайчлахаас аргагүй байв.
Тухайн үед ОХУ-ын талтай үнэ тохирч чаддаггүй байсан тул ирэх сард хэдээр худалдахыг өмнөх сарынх нь 24-25-нд мэддэг байжээ. Өөрөөр хэлбэл, “Роснефть”- ийнхний хэлсэн үнээр авахаас өөр аргагүй байсан гэсэн үг. Үнэ байнга хэлбэлзэж байсан нь ч үүнтэй холбоотой аж.
Харин 2012 онд шатахууны үнийг Сингапурын биржийнхтэй уях тохироо хийж чадсан юм. Ингэснээр Сингапурын биржийн өнгөрсөн сарын дундаж үнэ дээр компанийн ашгийг нэмснээр энэ сарын хилийн үнэ тогтоно гэдэг томьёо бий болжээ.
Өмнө нь дэлхийн шатахууны зах зээл бидэнд хаалттай, хойд хөршийн гар харж ирсэн бол үүнээс хойш биржийн мэдээ харж, ирэх сарынхаа үнийн багцааг авах болсон нь жирийн иргэд, хувийн хэвшлийнхэнд бизнесээ төлөвлөх боломж олгосон юм. Шинжээчид эрсдэл гэдэг үгийг тодорхойгүй байдал гэж тайлбарладаг. Тариаланчид хавар бизнесээ бүтэн жилээр нь төлөвлөж, зардал мөнгө, санхүүгийн тооцоогоо гаргадаг. Зардлын нэлээд хэсгийг эзэлдэг шатахууны үнэ ирэх сард байтугай маргааш хэдэн төгрөг байх нь тодорхойгүй үед харанхуйд тэмтчиж буйтай адил хэцүү байсан талаар тариаланчид ярьдаг. Ямар сайндаа л Газрын тосны газар руу байн байн утас цохиж, үнэ хэд байх талаар тодруулж байх билээ.
“Роснефть” компанид үнээ бууруулж, худалдах нөхцөлөө сайжруулах хүсэлт тавихад “Манайх бол бизнесийн байгууллага. Тиймээс ашгийн төлөө л ажиллана” гэсэн хариу өгдөг байжээ. Тухайн үед хэдэн мянган км-ийн алсад орших Беларусь, Сингапур, Солонгосоос шатахуун импортлох нь энүүхэн хаяанд орших Ангарск дахь үйлдвэрээс авсантай бараг ойролцоо үнэтэй байсан бөгөөд тн шатахууны үнэ 1360 ам.долларт хүрч галзуурч байсан үе ч бий.
Харин дөрвөн жилийн өмнө шатахууны хараат байдлаас гарч чадсан юм. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн гэдэг. Тухайлбал, Европын холбоо, АНУ-аас ОХУ-д хориг тавьсан нь бидэнд барьц авах боломж олгов. Үүнээс гадна манай улс Хятадын “Чайна-Ойл” компаниас бүтээгдэхүүн худалдан авахаар болж, нийлүүлэлтийн цоргоо нэмсэн нь “Роснефть” компани манайд хандах хандлагаа эргэн харахад нөлөөлжээ. Тамсагийн ордоос олборлосон газрын тосыг Хөх хот дахь үйлдвэр рүү тээвэрлэдэг. “Чайна-Ойл” компани манай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эргээд нааш нь нийлүүлэхийг зөвшөөрсөн нь ач холбогдолтой үйл явдал болсон аж.
Шатахуун 50, 100 төгрөгөөр хямдрахад бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг бил үү. Талх, гурилын үнэ хэдэн төгрөгөөр хямдарсан бэ
Мөн энэ шатахуунаа НӨАТ-гүй худалдан авах тохироог ч хийж чадсан гэдэг. Манай улс шатахууныхаа хэрэгцээний 90 гаруй хувийг ОХУ-аас худалдан авдаг. Гэтэл цоргоо нэг нэгээр нэмж, БНХАУ-аас гадна хэд хэдэн оронтой их, бага хэмжээгээр худалдаа хийх болсноор орос шатахууны орон зай аажмаар хумигдаж эхэлжээ. Тухайн үед “Роснефть” компани манай зах зээлийн 75 хувийг бусад компанид алдсан байсан гэдэг. Энэ мэт үйл явдал ОХУ манай саналыг хүлээн авахад түлхэц болсон аж. Үүний үр дүнд хилийн үнийг Сингапурын биржийнхтэй холбожээ. Ингэснээр үнэ хямдраад зогсохгүй цаашдын хандлагыг таамаглах барьцтай болсон аж. Одоо ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ Беларусь, Сингапурынхтай харьцуулах аргагүй хямд болсон гэнэ.
Мөн өмнө нь төлбөрөө заавал урьдчилж хийх шаардлагатай байсан бол “Роснефть” дотоодын банкуудын баталгааг хүлээн зөвшөөрснөөр одоо бүтээгдэхүүнээ дараа төлбөрт нөхцөлөөр авах боломж бүрдсэн аж. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд шатахууны гол нийлүүлэгчтэй харилцаа сайжирч буй гэнэ. Газрын тосны газрын Хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү “Роснефть”-тэй шатахуун худалдан авах томьёогоо тохирч чадсан. Одоо өөр ямар ч компани манайд үнэ тулгах боломжгүй. Харин ч энэ компанитай өрсөлдөхүйц үнэ санал болгож байж бид бүтээгдэхүүнийг нь худалдаж авна. Шатахууны нийлүүлэлт эрүүлжсэн нь чухал ач холбогдолтой” хэмээн ярив.
Нэг худалдан авагчаас хамааралтай байх үед дэлхийн томоохон биржүүдэд үнэ хэрхэн өөрчлөгдөх нь бидэнд үнэндээ хамаагүй байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бараг гурав дахин хямдрав. Гадаад зах зээлд хямдарсан үнэ Монголын хөрсөнд яагаад буудаггүй юм бэ гэж иргэд ч бухимддаг. Газрын тос хямдарсан энэ үед дотоодын шатахууны үнийг доошлуулах, эсвэл татвараа өсгөж, төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэн, санхүүжилт хийх гэсэн хоёр замын аль нэгийг нь улс орнууд сонгож байна. Харин манай Засгийн газар хоёр дахь буюу шатахууны татварын хэмжээг нэмж, төсвийн орлогыг өсгөх хувилбарыг сонгосон. Ингэснээр жил бүр 500 орчим тэрбум төгрөг шинээр төвлөрөх бөгөөд үүгээр хүүхдийн, одонт эхчүүдийн мөнгийг олгож байна.
Өнгөрсөн онд шатахууны үнийн 24 хувийг татвар эзэлж байсан бол одоо энэ үзүүлэлт 40 хүрч өсчээ. Тухайлбал, гаалийн тав, НӨАТ-ын 10 хувийн татвар ногдуулдаг байна. Үүнээс гадна Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд онцгой албан татварын хэмжээг автобензиний тн тутамд 400 мянга, дизель түлшний тн тутамд 520 мянган төгрөг болгон өсгөсөн юм. Шатахууны үнийг нийтээр нь хямдруулах уу, эсвэл энэ мөнгийг төсөвт төвлөрүүлж, хэрэгцээтэй бүлэгт хүртээх нь зөв үү. Энэ талаар олон янзын байр суурь бий. Гэхдээ шатахуун 50, 100 төгрөгөөр хямдрахад бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг бил үү. Талх, гурилын үнэ хэдэн төгрөгөөр хямдарсан бэ. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд гурил 50, талх 100 төгрөгөөр өсдөг ч хямдрах нь иргэдэд хүртээлгүй. Тиймээс инфляцад нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнэ хямдрах бус, тогтвортой байх нь хамгийн чухал гэж эдийн засагчид үздэг. Угаасаа ганцхан манай улс биш, Хятад зэрэг олон орон татвараа тултал нь өсгөж, төсвөө дэмжиж, энэ үеийг ашиглан амьсгаа авч байна.
Дэлхий даяар газрын тосыг ам.доллароор арилждаг. Газрын тосны үнэ хямдарсан ч манайд ам.долларын ханш 2012 оноос хойш 40 гаруй хувиар чангарлаа. Гэхдээ Төвбанк шатахууны своп хэлцэл хийж, ам.долларын ханшийн зөрүүний алдагдлыг өөр дээрээ үүрэх арга хэмжээ авснаар үнэ тогтвортой байсан гэдгийг эдийн засагчид тайлбарладаг. Үүнээс гадна Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нефть импортлогч компаниудад 230 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгон, хямд эх үүсвэрээр дэмжсэнээр ам.долларын ханшийн зөрүүний дарамтыг иргэн, аж ахуйн нэгжүүд мэдрэлгүй өнгөрсөн аж.