Монголын уран зохиолын 1990-ээд оныхны нэгэн тод төлөөлөл, зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй ярилцлаа. “Хэрэв надад амбийц байсан бол тэр нь аль 20 хэдтэйдээ шүлэг бичиж байх үед дууссан. Хэн нэгнээс хайр, магтаал, шагнал урамшил горьдох өчүүхэн төдий сэтгэл ч надад үгүй.
Би монгол хүн, бас бичгийн хүн учраас, тэгээд ийм түвшинд хүрснийх энэ ажлыг заавал хийх ёстой юм байна гэсэн үүрэг хариуцлагыг л өөртөө үүрүүлдэг” хэмээн түүн шиг хэлж чадах хүн хэд бол.
-Юм бүхэн цаг хугацаатай. Тэр тусмаа бүтээл төрөхөд өөрийн цаг хугацаа заавал бий гэдэг. Хэвлэлтээс гараад тийм ч удаагүй “Оройн ганц мод” романаараа та 2010- аад оны монголчуудад юу хэлэхийг хүссэн бэ. Уран зохиол уншигчдыг сэхээрүүлэх, гэгээрүүлэх албагүй гэж үздэг хүмүүсийн нэг нь таныг биш гэж боддог учраас ийн асууж байна?
-“Уран зохиолын үүрэг хариуцлага гэж байх ёсгүй, энэ бол уншигчийг цэнгүүлэх л зорилготой” гэсэн хандлагыг сүүлийн 20-иод жил ардчилсан либералист үзлийнхэн гаргаж ирсэн. Энэ үзэл нь ч хаа сайгүй газар авсны уршгаар манай оюун санааны салбар уналтад орсон гэх үү дээ. Зохиолчдын эвлэл маань ч нэр төдий байгууллага болчихож. Нэлээд хэдэн жил орчуулга хийсэн туршлагаасаа харахад хүн төрөлхтөн оршин байгаа цагт тэднийг соён гэгээрүүлэх хамгийн эрхэм үүргийг уран зохиол хүлээдэг юм байна.
Үүнийг хэнбугай ч эсэргүүцэж, хуулиар зохицуулж чадахгүй. Яагаад гэвэл ард түмний уран сайхны сэтгэлгээ, гүн ухааны үзэл гээд уг үндэс нь үлгэр домгоос эхтэй юм. Тэгэхээр уран зохиол бол өндөр үүрэг хүлээдэг зүйл байх нь. Энэ өндөр хариуцлагыг бүгдийг нь өөртөө тохох гэж “Оройн ганц мод” романаа бичээгүй л дээ. Гэхдээ нийгмийн оюун санаанд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлээсэй гэж хүссэн.
Энэ романыг бичих болсон шалтгаан гэвэл 100-гаад жилийн өмнөх монголчуудын амьдралаар дамжуулан өнөөгөө тольдоод нэг хараасай гэсэн эмзэглэлээс үүдэлтэй юм. 100 жил гэдэг тийм ч хол он цаг биш шүү дээ. Монгол орших уу, эс орших уу гэдэг асуудал тэр үед ч яригдаж байсан, өнөөдөр ч цухалзах болов. Ленинградаас тусгай даалгавартай Монголд ирсэн Бурдуковын нэгэн захианд “Сөнөн мөхөж байгаа энэ ард түмний юуг нь судлах юм бэ” гэж байсныг би маш сайн санаж байна.
Гаднаас нь харахад сүйрэн мөхөж байгаа юм шиг хэрнээ дотоод ертөнцдөө монголчууд ямар хүчирхэг байсан, монгол хүний үнэт зүйл юу юм, түүнийгээ хэрхэн манаж, хамгаалж ирснийг энэ зохиолд өгүүлсэн. Үнэхээр бүтээл төрөх он цаг гэж байдаг байх. 2011 онд бичиж эхлэх гэсэн боловч гараас нэг л гарч өгөхгүй байсан. Тэгсэн 2015 оны сүүлчээр төрөх учиртай байж. Сайн, муу хэл ам дагуулж л байна. Хүн болгонд угаасаа таалагдах албагүй л дээ.
-Ихэвчлэн ямар салбарынхнаас, эсвэл хэдий хэрийн насныхнаас эерэг, сөрөг хандлага ирж байна вэ?
-Бусад зохиолч, яруу найрагч шигээ уншигч цуглуулж чадсан хүн би биш ээ (инээв). Хэзээний л уншигчдаар тойрон хүрээлүүлж яваагүй. 2000 оны эхэн үед шүлгийн номоо хэвлүүлэхэд намайг тоож уншсан хүн тун ховор доо. Үеийнхэн маань ч нэг их ойшоогоогүй. Манай ахмад үеийнхэн намайг мэдэхгүй. Би ч тэднийгээ сайн мэдэхгүй. Өөрөө л сайн дураараа зохиол бичээд, урдах ажлаа амжуулахыг бодохоос биш энд тэндхийн хурал цуглаан, үдэшлэг цэнгүүнд очиж, шагнал урамшил авч байсангүй.
Гэтэл 20-иод жилийн дараа залуучууд номыг маань эрж хайгаад, дамжуулж уншаад, цахим ертөнцөөр түгээгээд байх юм. Залуусын энэ хандлага надад урам зориг өгсөн учраас романаа хэвлүүлж, номын дэлгүүрт тавилаа. Мэргэжлийн уран зохиолын талын хүмүүс гайгүй сайн уншиж байх шиг байна.
Цөөн ч гэсэн мэргэжлийн хүрээний хүмүүсээс зохих үнэлгээ авсандаа баяртай байгаа. Анхны номоо гаргаад өөртөө 200 хувь сэтгэл хангалуун байтал дэргэд алга таших хүнгүй байсан тэр үетэй харьцуулахад энэ нь том амжилт юм даа (инээв).
-Одоо цахим ертөнц хүчээ авч байна. Менежментийн үнэгүй энэ талбарыг та яагаад ашиглаж болдоггүй юм бэ. Эсвэл хүсдэггүй юм уу?
-Өөрт угаасаа заяагаагүй юмыг яалтай билээ. Яаж ч хичээгээд надад өгөгдөл нь алга. Миний зан характер ч, натур ч тийм биш юм. Би олон хүний өмнө ил гарах дургүй. Тайзан дээр ч шүлэг уншдаггүй хүн шүү дээ. Нэг их нэр алдартай хүн биш болохоор надад менежментийн баг авах мөнгө ч алга.
Хамгийн эмгэнэлтэй нь миний бичээд байгаа шүлэг, зохиолууд масст зориулагдаагүй учраас уншигчдаар хүрээлүүлж чаддаггүй. Гэхдээ энэ эмгэнэлтэйгээ аль эрт эвлэрсэн. Мэргэжлийн түвшнийхэн л үнэтэй санал зөвлөгөөгөө надад өгвөл сэтгэл ханачихдаг.
Интернэтэд 2-3 цаг болоход л эрч хүчээ ихээр алдаж буйгаа мэдэрдэг. Яагаад гэвэл би маш их ажилласан. Одоо ч адилхан. Ялангуяа уран бүтээл туурвиж байхад энергиэ гамнах шаардлагатай болдог. Тиймээс надад интернэтэд зарцуулах эрчим хүчний нөөц бараг байхгүй. Тэгээд ч би цахим ертөнцөөр менежмент хийж чадахгүй хүн. Монгол хүүхдүүдэд, нийгмийг соён гэгээрүүлэхэд хэрэгтэй юм болов уу гээд баахан ном орчуулаад, түүнийгээ борлуулах гэж их гүйсэн дээ. Гэвч би тийм юманд угийн авьяасгүй юм билээ.
-“Авьяастай хүнийг л хайрлах хэрэгтэй. Бусад нь өөрсдөө аяндаа учраа олчихно” гэж нэг үг бий. Монголчууд ер нь авьяастай хүнийг хайрлаж чаддаг ард түмэн мөн үү дээ?
-Авьяас бол их ховор, дээдийн өгөгдөл юм. Авьяас ард түмний өмч гэж олон хүн ярьдаг. Гэтэл манай энэ цаг үеийнхэн олноороо хоолой нийлүүлэн Чойномыг муулдаг. Би үүнийг үнэхээр эсэргүүцдэг. Ренчиний Чойном гэж гайхамшигтай гялалзсан авьяас байсан нь үнэн. Тэр хүнийг монголчууд хайрлаж чадаагүй, үйл тамыг нь үзэж байж үхүүлсэн нь ч үнэн. Чойном дэлхийн хэмжээний бүтээл туурвисан, эсэх нь өнөөдөр гол биш. Эгнэшгүй авьяастныг амьд сэрүүнд нь аль мууг нь үзүүлчихээд одоо дахиад нулимах ямар хэрэг байна аа.
Тэр хүн бидэнд ямар гай тарьсан юм бэ. Чойном монгол хэлээ маш сайн мэддэг найрагч байсан. “Морио мэддэг араб шиг” гэсэн хэллэг утга зохиолд бий. Халгиж цалгисан авьяастай найрагчийг тэгж нэрлэдэг юм. Тэр үнэхээр л морио мэддэг араб шиг тийм авьяастай хүн байсан. “Бүдүүн дуут” Цэдэндамба гуай “Жигмэд, Тогмид хоёр” дууг Чойномын шүлэг гэдгийг хэлж байсан юм.
Түүний дараагаар “Жигмэд, Тогмид хоёр”- ын шүлгийг сайтар тогтоод унштал нээрээ л Чойномын хэл хэллэг мөн байсан. Амьдрахын эрхээр түүнийг цөөнгүй шүлгээ бусдад зардаг байсныг хүмүүс ярьдаг шүү дээ.
-Таныг ч бас төрөлхийн авьяастай цөөн эмэгтэй уран бүтээлчийн нэг гэж олон хүнээс сонсож байсан. Гэвч та хайрлагдаж байна уу?
-Миний хувьд байгалиас өгөгдсөн жаахан авьяасаа тордож, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд тодорхой хэмжээнд хөгжүүлж чадсан гэж боддог.
Эцсийн эцэст Оюунчимэг гэдэг хүний бичсэн зүйл монгол хэлтний уран зохиолыг төлөөлнө гэж бодоод сайн юм хийхийг хүсдэг. Намайг хайрлах, хайрлахгүй байх сонин биш. Би ч намайг тэгсэнгүй, ингэсэнгүй гэж гомдоллохгүй. Угаасаа тэгэх ч боломжгүй. “Энэ их авьяастай хүн байгаа юм. Үүнийг төр засаг дэмжих ёстой” гээд ч хэн нэгэн тэр хүний өмнөөс бичиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол парадокс шинжтэй зүйл юм.
Манай үеийнхнээс Бадамжавынхаа авьяасыг би маш их хайрлаж, үнэлдэг. Түүнийг сайн зохиол бичээсэй гэж байнга хүсэн хүлээдэг. Харамсалтай нь би өөрөө түүний өмнөөс бичих боломжгүй. Бидний дундаас хэн нэгэн сайн бүтээл хийчихвэл монгол хэлтний утга зохиолыг л тив дэлхийд төлөөлнө.
Түүгээр нь зөвхөн хил заагдсан ар монголчууд бус, халимаг, тува, урианхай, буриад, өвөрмонголчууд бүгд бахархана. Даанч авьяасыг дагаж заяадаг хачин зан араншингаасаа болоод нийгэм, олон нийтэд үл ойлгогдох тохиолдол уран бүтээлчдэд бишгүй.
-Сайхан шүлэг уншихаараа зохиогч нь ямар хүн байгаа бол гэж өөрийн эрхгүй боддог. Гэвч сэтгэлдээ ургуулан бодсон дүрээсээ огт өөр төрхтэй дараа нь тулгарах үе бишгүй. Таныг бичдэг шүлгийнхээ ертөнцөөс өөр юм байна гэж хэн нэгэн хэлж байв уу?
-(Инээгээд) Залуу насанд иймэрхүү зүйл байдаг бололтой юм билээ. Миний орчуулсан нэг зохиолд ч энэ тухай гардаг. Шүлгийг минь уншаад, дотроо нэг дүр төсөөлсөн хүмүүс одоо надтай уулзвал урам нь хугарах байх л даа. Ном бүтээлээр нь дамжуулан тухайн хүний дотоод ертөнцөд нэвтэрч болно гэж боддог. Жишээ нь, би дөнгөж аравдугаар анги төгсөөд байхдаа Б.Лхагвасүрэн гуайн “Уянгын тойрог” номыг уншсан.
Тэндээс Б.Лхагвасүрэн гуайн талаар өөртөө нээсэн хамгийн сайхан ертөнцөө баллах вий гэсэндээ дахиж өөр номыг нь уншаагүй. Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” өгүүллэгийг би уйлж уншсан. Тэгээд тэндээс авсан амттай зүйлээ тэр хэвээр нь хадгалахыг хүссэндээ бусад ном бүтээлийг нь бараг уншаагүй.
Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” номыг нь уншсанаас хойш би дахиж өөрийг сөхөж үзэхийг ч хүсээгүй. Миний мэдэрснээр тэр л хамгийн сайн ном нь.
-“Дөчин насны хямралд орчихоод гараас, тархинаас юу ч гарахгүй байна” гэж танай үеийнхний нэг нь хэлж байсан юм. Яруу найраг, өгүүллэг, тууж бичиж байгаад нэг үе баахан орчуулга хийж, одоо роман туурвиад тасралтгүй урагшилж буй таны хувьд ямар нэг “хямрал” нүүрлээгүй байх аа, тийм үү?
-(Инээгээд) Ер нь бол тийм юм байна шүү. Канадын зохиолчийн “Ногоон давхарцгийн Аня охин” гээд сайхан зохиолыг би орчуулсан юм. Тэнд “Миний амьдралын нэг бүлэг дууслаа” гэж өгүүлдэг. Багшилж байгаад их сургуульд сурахаар явахдаа тэгж хэлдэг юм. Түүн шиг хүний амьдрал ч бас бүлэгтэй. Бүлэг дотроо бас оршил, өрнөл, оргил, уналт, төгсгөлтэй. Жишээ нь, би 20 хэдэн насандаа маш их эрч хүчтэйгээр тасралтгүй шүлэг бичиж байлаа. Тэр үеийн эрч хүчийг одоогийнхтой яаж харьцуулах билээ.
Тэгсэн тийм их эрч хүчтэй байсан хэрнээ мухардалд орж байгаагаа анзаараад, би шүлэг бичихээ больсон. Тэр үед миний амьдралын нэгэн шинэ бүлэг эхлээд, би хүний гэргий болж, үр хүүхэд төрүүлж, өсгөх үүргээ биелүүлэх шаардлагатай болсон. Ингэж хэсэг завсарлага авсны дараа өөртөө сайн дураараа үүрэг даалгавар өгөөд баахан орчуулга хийсэн. Мэдээж бас таван төгрөг олох шаардлага ч байсан. Харин орчуулга хийгээд алдар нэр олъё гэж би бодоогүй юм шүү.
Олдоо ч үгүй, тэр алдар нэр нь (инээв). Эхэндээ эрч хүчтэй орчуулж байгаад сүүлдээ халширсан. Хамгийн сүүлд “Хоббит”-ыг орчуулах гэж үйлээ үзсэн. Таньдаг мэддэг бүх хүнээсээ гуйгаад сүүлд нь өөрийгөө аргадсан даа. “За, одоо ганцхан наадахаа л орчуулчих. Дахиад хэзээ ч чамаар орчуулга хийлгэж зовоохгүй” гэж байгаад ард нь гарсан.
-Уран бүтээлчийнхээ хувьд та одоо аль бүлэг дээрээ явж байна вэ?
-Төгсгөлийн бүлэг дээр. Хүүрнэл зохиолоо дуусгаад цааш дахиад өөр бүлэг эхлүүлж арай л хүчрэхгүй байх аа.
-Таны дотор жигтэйхэн эрх чөлөөтэй, энгүүн сайхан, цэл залуухан бүсгүй оршдог болов уу гэж санагдаад байдаг юм.
-Би маш их дураараа хүн. Авьяасыг дагалдсан муу зан чанаруудын нэг нь энэ гэж хэлж болох байх. 1995 онд намайг Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургууль төгсөнгүүт О.Дашбалбар багш өөрөө хөтлөөд “Ардын эрх” сонинд оруулж өгч байсан юм. Гэтэл би 14 хоноод л тэндээс нь гарчихсан. Тэгэхэд багш “Хулгайч минь, энэ янзаараа чамд ажил олдохгүй дээ” гээд хашгирч билээ.
-Эмэгтэй уран бүтээлчдийг гэр бүл зохиогоод, үр хүүхэдтэй болоод ирэхээрээ өмнөх шигээ сайн бүтээл хийж чадахгүй болчихдог гэдэг нь хэр ортой юм бол. Хэрэв тийм бол энэ нь нэг талаар бараг золиос ч юм шиг?
-Хэрэв би хүнтэй суугаагүй, үр хүүхэдтэй болоогүй бол хэн байх байсан бол гэж хааяа боддог юм. Лав тэр хүнийг би өнөөдөр танихгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна. Бүх насаараа ганц бие байгаад, өөр юунд ч анхаарах сөхөөгүй зөвхөн уран бүтээлээ туурвисан хүн гэхээр одоогийн надаас бол тасарчихсан амьтан л байх болов уу. Нөгөө талаар тэр хүний хэзээ ч олж авч чадахгүй зүйлүүд өнөөдрийн надад байна.
Айл гэрийн эзэгтэйн хувьд энэ амьдралыг туулахдаа би нулимсаа урсгаж, инээхдээ инээж, хэрэлдэхдээ хэрэлдэж яваад жам ёсны олон шат дамжлага бүхнийг нь гаталсан. Ер нь хүний амьдралын тухай өгүүлэх гэж байгаа уран бүтээлч бол байгалийн энэ цул мөн чанартай нүүр тулж, сүлэлдэж үзэх л хэрэгтэй. Тиймээс үүнийг золиос гэж би бодохгүй байна.
Эхэндээ ч “Би яах гэж хүнтэй суув аа. Үүний оронд зохиолоо бичээд явсан бол сайхан аа” гэж бодох үе байсан л даа. Гэтэл одоо 20 жилийн дараа эргээд харахад үгүй юм билээ. Уйлж дуулсан амьдралаасаа би ямар их зүйл олж авснаа бодохоор миний сэтгэл бүрэн бүтэн байдаг.
-Боловсролын салбарын төрийн бодлогыг тодорхойлохдоо нийт масст бус, цөөн хэдэн элитийнхээ оюун санааны түвшинд тохируулах ёстой гэж та ярьдаг. Үүнийг тайлбарлаж өгөхгүй бол масс буруугаар мушгин гөрдөж, эсэргүүцэх магадлалтай. Тэдний үгийг шууд төрийн бодлого болгодог цаг үед бид амьдарч байгаа учраас та үүнд тайлбар хэлээч?
-Сүүлийн жилүүдэд би боловсролын салбарын талаар янз янзын юм судалж үзлээ. Одоо манайхны ширээний ном болсон гэгдээд буй Айн Рэндийн зохиолуудыг аливаа орны мэргэжлийн байгууллагаас гаргасан нэг ч жагсаалтад оруулдаггүй юм билээ. Харин сонины уншигчдын жагсаалтаар Айн Рэнд дээгүүр эрэмбэлэгддэг. Энэ юу хэлээ байна гэхээр заавал унших ёстой номын жагсаалтыг төрийн бодлогоор гаргадаг. Массыг ямар ном уншуулж, юу руу чиглүүлэх вэ гэдгийг бодлогоор тодорхойлдог гэсэн үг.
Ялангуяа ирээдүйн Монголыг авч явах хүмүүсийг багаас нь бэлтгэхийн тулд боловсролын салбарт төрийн хар хайрцагны бодлого маш чухал. Тэр бодлого руу өнгийх эрхтэй төрийн түшээд чаддаг хүмүүсээр нь шаардлагатай зүйлүүдээ хийлгэх ёстой юм. Монголчуудад тэнгэризм буюу тэнгэрийн онол гэж чухал зүйл бий. Тэр тухай одоо мэдэж байгаа ганц хоёрхон хүнтэй уулзаад, “Та наад онолоо төд дүгээр ангийн хүүхдийн сургалтын хөтөлбөрт тааруулж боловсруулаад аваад ир” гээд төр мөнгөө өгөөд захиалах учиртай.
Уран зохиолын хичээлээр хүүхдэд ямар ном уншуулах тухай Аким гуайгаас, урлагийн боловсролын талаар Жанцанноров гуайгаас асууж, сургалтын хөтөлбөр боловсруулж авах ёстой шүү дээ. Тэгж байж хүчирхэг оюун санаатай элитүүд массаа чирж, чиглүүлж явдаг. Үүнийг Пирамидын онол гээд байгаа юм. Түүнээс биш масс юу гэж шуурах нь төрийн хар хайрцагны бодлогод ямар ч хүртээлгүй.