“Хар нуур”, “Дуут нуур”, “Адуутай намар”, “Хоёр маргац уул” тэргүүтэй нутаг ус, эх орны тухай олон дуу нь сонсогчдын сэтгэлд хоногшсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдантай ярилцлаа. Тэрбээр “Дорнын цэнхэр эгшиглэн” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд өнөөдөр толилуулах юм.
-Та жил бүр тоглолт хийдэг. Энэ удаагийнх 17 дахь нь гэсэн. Жил бүр тоглолт хийхээр өмнөхөө давтахгүй, шинэлэг болж чаддаг уу?
-Анхны тайлан тоглолтоо 1994 онд толилуулж байлаа. Түүнээс хойш боломж гарвал жил бүр сонсогчидтойгоо уулзахыг хичээж ирсэн. Нэг жил урт хугацаа шүү. Энэ хугацаанд хүний амьдралд юу ч тохиолдож, уран бүтээлийн өнгө төрх яаж ч өөрчлөгдөж болно. Нийтийн дуу сонирхогчдын хүсэл жилээс жилд өөрчлөгдөж байна. Тэдний ямар дуу, хөгжим хүсэж байгааг мэдэх хэрэгтэй.
Олон тоглолтоос ажиглахад монголчууд эх орон, төрсөн нутаг, эцэг, эхээ магтан дуулахаас хэзээ ч уйддаггүй. Үүнээс гадна жилийн хугацаанд юу хийснээ дүгнэж, шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэх нь чухал. Үзэгчдийн талархал, алга ташилт, эерэг энергийг мэдрэх нь уран бүтээлч хүнд хамгийн том шагнал, урам зориг, эрч хүч болдог. Энэ удаагийн тоглолтод Гавьяат жүжигчин С.Батсүх, У.Далантай, Ө.Уянга, С.Ганзориг, Л.Болдбаатар нараас гадна залуу дуучид ая дуугаа өргөнө. Мөн ӨМӨЗО-ы гурван дуучин оролцох юм.
-Дууны шүлэг болгонд ая зохиодоггүй байх. Хөгжмийн зохиолчийнхоо хувьд дууны яруу найрагт ямар цензур тавьдаг вэ?
-Нийтийн дууны шүлэг нэн түрүүнд энгийн, ойлгомжтой хэрнээ яруу тансаг, гүн утгатай байх ёстой. Дараа нь дууны яруу найргийн уламжлалт хэв маягийг эвдээгүй байх шаардлагатай. Хэтэрхий уран цэцэн, чамирхсан үгтэй дуунд ая зохиоход түвэгтэй, ард түмэнд хүрэх нь ч ховор юм шиг санагддаг.
Ер нь дуу эзнээ олбол хүмүүст хүрдэг. Аливаа бүтээлд хувь заяа, ард түмэнд хүрэх цаг хугацаа гэж бий. Миний “Сэм сэмхэн” дууг 1977 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дуучин дуулаад нэг их амжилт олоогүй. Гэтэл 2000-аад оны үед Л.Болдбаатар дуулахад хүмүүст их хүрсэн. Мөн “Хоёр маргац уул” дуу байна. Үзэгчдийн хүртээл болоод зургаа, долоон жил болсон ч саяхан хошин урлагийн нэг жүжигчин дуулахад хит болсон биз дээ. Анх дуулсан дуучныг нь муу гэж байгаа юм биш шүү.
-Нийтийн дуу гэдгийг та юу гэж тайлбарлах вэ?
-Хөгжмийн бүтээлийн хамгийн бага төрөл нь. Нийтийн гэдэг үгэндээ бүх утга нь бий. Нийтийн дууг дан хөгжмийн бүтээл шиг ойлгохгүй, мэдэхгүй, мэдрэхгүй хүн гэж үгүй. Хүмүүст ойлгомжтой, тэдний чихэнд хүрсэн даруйдаа сэтгэлийг нь хөдөлгөж, уйлуулж, баярлуулдаг болохоор тэр хэрээрээ уран бүтээлчдээс авьяас, чадвар шаарддаг.
-Та аавынхаа ачаар авьяасаа хөгжүүлсэн гэсэн. Аав тань яаж дэмждэг байсан юм бол?
-Намайг багаасаа л шинэ зүйл сурах сонирхолтой, хичээнгүй хүүхэд байсан гэдэг. Эгчийгээ сургуульд ороход нь дагаад долоон настайдаа нэгдүгээр ангид хагас жил сурсан. Шинэ жилийн тоглолтод дуулуулчихаад насанд хүрээгүй гээд сургуулиас гаргасан. Сургуульд ороод хамгийн түрүүнд дууны дугуйланд явлаа. Миний мэдэхээр манай удамд урлагийн хүн байгаагүй ч надад жаахан авьяас заяасан. Авьяасыг минь аав олж харсан нь аз. Бага ангид байхад аав нэг гармон хөгжим авч өглөө. Удалгүй “Шаргын нуур” ардын дууны хоёр мөрийг тоглож сураад аавдаа үзүүлтэл магтуулав.
Тэгснээ “Маргааш хоёр ая тоглож сурвал хоёр чихэр өгнө шүү. Тоглож сурсан аяны чинь тоогоор шагнана” гэсэн. Чихэр амтлахын тулд хөгжмөө уйгагүй оролдсон нь мэдээж. Дараа нь эгчид мандолин хөгжим авч өгөхөд би түрүүлээд тоглож сурсан. Хүнээр нэг их заалгаагүй, өөрийнхөө сонсгол, мэдрэмжээр л тоглодог байлаа. Дуулж, хөгжимдөхөөс гадна зураг зурах дуртай байв. Багшийн сургуулийн соёлын ангид ороогүй бол зураач болох байсан биз.
-Хамгийн их бодож, зовж, удаан хугацаанд бүтээсэн бүтээл тань юу вэ?
-20 жилийн турш намайг шаналгаж байгаа нэг бүтээл бий. Хэчнээн бодож, янз бүрээр зохиогоод нэг л болдоггүй юм. Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Алтанхан заадастай хүний орчлон” гэдэг шүлэг бий. Ц.Бавуудорж есдүгээр ангид байхдаа бичээд, надаар ая зохиолгохоор өгсөн юм. Эцэг, эхийн тухай, их гоё утга, найруулгатай шүлэг л дээ.
Түүнд бараг 10 гаруй удаа ая зохиосон байх. Шүлэг нь өөрөө аялгуутай гэмээр. Уншихад нэг тийм яруу тансаг, уянгалаг сонсогддог. Түүнийг нь л мэдэрч ая зохиох хэрэгтэй байгаа юм. Дууны үгэнд аялгуу нь зохицохоор аяндаа мэдрэгддэг.
-Ээждээ, гэргийдээ зориулсан дуу олон байгаа биз дээ.
-Олон, олон. Ээж минь 47 настайдаа тэнгэрийн орон руу явсан. Тэгэхэд би насны тань тоогоор ээжийн тухай дуу бүтээнэ ээ гэж амлаж байв. Тэрнээс ч олныг бүтээсэн л дээ. Одоо зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь найраглал”-аас сэдэвлэж, ээжийн тухай хөгжмийн цогц бүтээл хийхээр ажиллаж байна. “Нутгийн сайхан бэр”-ээс эхлээд ханьдаа зориулсан дуу олон.
Ханьдаа хэчнээн олон дуу зориулсан ч тэр хүний надад өгсөн хайр, халамжтай тэнцэхгүй. Залуудаа бор дарсанд шунан, алдаж, унаж явахад орхиогүй, амьдралын жаргал, зовлонг хамт туулсан сайхан хань минь шүү дээ.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян та хоёр Завхан аймагт нэг үе хамт уран бүтээл туурвиж байсан. Тиймдээ ч та хоёрын зарим дуу төстэй, олон түмэнд хүрсэн цаг хугацаа нь ч ойролцоо байдаг юм билээ.
-Завхан аймгийн Соёлын газар Бямбажав гэдэг даргатай байлаа. Тэр хүн жил бүр 1, 2 хүнийг ОХУ руу сургуульд явуулдаг байсан. Хүн бүр төгсөөд орон нутагтаа очиж ажиллах шаардлагатай. Завхан аймагт нэг үе ОХУ-д мэргэжил эзэмшсэн урлагийнхан олон байлаа. Тэр жишгээр би ОХУ-ын Ленинградын Хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач мэргэжил эзэмшсэн. Ц.Жамъян бид хоёр сургуулиа төгсөөд аймгийнхаа театрт ажиллаж байх үед тэнд Н.Лутбаяр, Ц.Бавуудорж гээд авьяаслаг яруу найрагчид байсан.
Мөн С.Батсүх, Х.Оюунцэцэг гээд олон залуу дуучин байлаа. Бидний дундаас олон сайхан бүтээл төрсөн. Ц.Жамъян бид хоёр өрсөлдөөгүй, нэг нэгнээсээ хуулаагүй ч түүний “Завхан гол”, миний “Дуут нуур” гээд ойролцоо бүтсэн, сэдэв төстэй дуунууд бий.
-Та дан хөгжмийн бүтээл хэр олныг туурвисан бэ?
-“Жаахан шарга”, “Отгонтэнгэр” гээд 20 гаруй бүтээл бий. Мөн “Эрүү цагаан болжмор”, “Дуу домгийн далай”, “Сохор хууль” зэрэг арав гаруй дуулалт болон драмын жүжгийн хөгжим зохиосон. Үндэсний хөгжмийн гоцлолд зориулсан бүтээл цөөнгүй бий. Зарим хүн дууны ая зохиодог хүмүүсийг ая зохиогч гэдэг. Миний хувьд хөгжмийн зохиолч, ая зохиогч ялгаагүй. Бүгд л хөгжмийн бүтээл туурвиж байгаа хүмүүс.
-Хөгжмийн ард суух цаг залуу байхаас тань ихэссэн үү, багассан уу?
-Багасчээ. Залуу байхдаа зав л гарвал тамхиа зуугаад хөгжмийнхөө ард суудаг байлаа. Сүүлийн үед цахим ертөнцөд нэлээд цаг зарцуулж байна. Тэндээс судлах, сурах зүйл их болжээ. Миний фэйсбүүк рүү явуулсан хүмүүсийн захиаг унших сонирхолтой шүү.
-Амьдралынхаа турш хичээгээд өөртөө төлөвшүүлж чадахгүй байгаа зан чанар, зуршил бий юү?
-Зуршил гэвэл тамхи татахаа л больж чадахгүй явна. Хэчнээн хичээгээд ч хүслээ дийлж чадахгүй юм. Гуравдугаар ангид байхаасаа эхэлж тамхи татсан. Аавынхаа тамхинаас их хулгайлсан даа. 13 настай хэрнээ халаасандаа байнга тамхитай явдаг байлаа. Би нэг үе архи уудаг байсан ч больж чадсан. Залуу байсан болохоор жаахан амжилтадаа бардаж, зохиосон дуу нь хүмүүст таалагдахад өөрийгөө мундаг хүн боллоо гэж онгирч яваад алдаа гаргасан.
Өөртөө төлөвшүүлж чадаагүй зан чанар гэвэл одоохондоо хэлж мэдэхгүй байна. Өөрийгөө сайн хүн гэж хэлэхгүй ээ. Гэхдээ би бусдад нэг их уурлаж, загнадаггүй, хэн нэгэнд өс санадаггүй, хүнд атаархаж өөрийгөө зовоодоггүй. Өөрийнхөөрөө л, сонирхсон зүйлээ хийж, тайван байх дуртай хүн.
-Үзэл бодол, нэр хүндийнхээ аль нэгийг хамгаалах шаардлага гарвал алиныг нь түрүүнд тавих вэ?
-Үзэл бодлоо хамгаална. Тухайн хүн хэн байх нь үзэл бодлоос хамаардаг. Хүнд алдар нэр чухал ч түүний араас хөөцөлдөх утгагүй. Нэр хүнд унах үе байхад, алдарших үе бас бий.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн буянтай үйл юу вэ?
-Хүний амь аварч, зовсон хүмүүст тусалж айхавтар буян хийгээгүй ч, үр удмаа үлдээнэ гэдэг буян биз дээ. Түүнээс гадна миний авьяас чадвар, хөдөлмөрөөр бүтсэн дуу хүмүүсийн сэтгэлийг баясгаж, зовлон гунигийг нь түр ч болов мартуулж байгаа нь буянтай үйл мөн байх. Мөн өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдын эрхэнд халдаж, хуурч мэхлэхгүй байвал буян болно. Энэ буяныг өдөр бүр хийхийг хичээдэг.
-Хүүхдүүд тань бүгд урлагийн хүн гэсэн үү?
-Гурван хүүхэд минь бүгд урлагийн хүн болсон. Том хүү Оюунбат хөгжмийн студи ажиллуулдаг. Дунд охин дуу хөгжмийн багш. Бага охин хөгжимчин. Улаанбаатар чуулгад ажиллаж байгаад гадаадад мэргэжил дээшлүүлсэн.
-Хэрвээ танд эрх мэдэл байвал хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй бол хамгийн түрүүнд монгол хэлний эмх замбараагүй байдлыг цэгцэлмээр байна. Эх хэлний маань уран яруу үг хэллэг гээгдэж, бусад орны хэлтэй эрлийзжиж байгааг хүн бүр мэднэ. Энэ асуудал дууны яруу найрагт ч бий. Хэн дуртай нь хэдэн үг холбож, дууны шүлэг бичдэг болж. Монгол хүний сэтгэлгээнд баймааргүй хачин юм бичдэг хүмүүс байна. Уран бүтээлд ямар нэг цензур тавих хэрэгтэй болжээ. Үүнээс гадна байгалийн баялаг, газар нутгаа эмх замбараагүй ухаж, сийчүүлэхгүй. Энэ бол ярихад ч хэцүү, эмгэнэлтэй хэрэг.
П.ТУНГАЛАГ