Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархсан билээ.
Уг хээрийн түймрийн үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоциклтой зорчиж явсан 4 иргэн хайрагдан түлэгдсэн байна. Иргэн М /25 настай, эрэгтэй/ хайрагдан түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.
Ялангуяа Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгийн нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна. Улмаар ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.