Түүний хоолой яг л ээжийнх нь мэт. “Хүмүүс ээж бид хоёрын хоолойг ялгадаггүй. Зарим нь бүр эндүүрээд утсаар хээв нэг ярихыг яана” хэмээсэн нь аргагүй юм. Тайз, дэлгэцийн бүтээлээр эчнээ танил болсон инээд, хоолойг эрхгүй санагдуулах З.Номундарь бол жүжигчин И.Одончимэгийн охин. Нээлтээ хийгээд удаагүй буй “Үргээлэг 2”-ыг үзсэн тэрбээр надтай кино театрт болзсон юм. “Х ТҮЦ” продакшны залуу жүжигчинтэй ярилцсанаа хүргэе.
-“Үргээлэг 2” киноны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Чадварлаг уран бүтээлчдийг нэгтгэсэн, сайхан бүтээл болжээ. Монголын кино урлаг хөгжиж буйг мэдэрлээ. Би урлагт дөнгөж хөл тавьж буй ч хэзээ нэгэн цагт бие даасан бүтээл хийх хэмжээнд хүрнэ гэж боддог. Сэтгэлийн минь угт байдаг тэр хүсэл мөрөөдлийг “Үргээлэг 2” өдөөж чадлаа. Бушуухан л сайхан бүтээл хийх юм сан гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүнийг биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Сурах зүйл ч их байна.
-Тэгвэл З.Номундарийн анхны кино ямар төрлийнх байх бол?
-Би ямар нэгэн зүйлд баригдах дургүй учраас аль нэг төрлөөр дагнаж уран бүтээл хийхгүй болов уу. Магадгүй драм, инээдэм хосолсон кино ч байж болно. Хүмүүсийг нулимсанд живүүлж, гунигт автуулснаар сайн бүтээл болчихгүй. Хүнийг уйлуулахаас инээлгэх нь илүү хэцүү шүү дээ.
-Та дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээсэн. Өөрийнхөө тоглосон киног үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үнэхээр эвгүй юм билээ. СУИС-ийг төгсөөд хамгийн анх тоглосон “Тагнуулч аав” киноны нээлтийн үеэр миний хажууд ээж, нөхөр хоёр маань суусан. Тэр үед ямар эвгүй байсан гээч. Өөрийнхөө тоглосон хэсэг гарахаар суудал руугаа шигдээд л, зарим хэсэгт нөхрийнхөө нүдийг дарсан гээд бод доо. Одоо бодоход хөгжилтэй ч юм шиг. Тэр хэсэгт нь ингэж тоглохгүй яав даа гэж өөрийгөө голж, алдаа дутагдлаа олж хардаг юм билээ.
-Анхны бүтээлдээ ээжтэйгээ хамт тоглосон. Азтай, ховор тохиол шүү. Киноны зураг авах үед ээж, охин хоёр хэр гар нийлж байв?
-Би ямарваа нэгэн бүтээлд тоглох, эсэхээ зохиолыг нь уншиж байж шийддэг. Дараа нь ээжтэй зөвлөдөг. Ээж “Чи бүх кинонд тоглож болно. Гэхдээ чанартай бүтээлд час хийсэн сайхан дүр бүтээх хэрэгтэй. Хүмүүс чамайг хэдэн кинонд тоглосноор биш, дүрээ хэр сайн урлаж вэ гэдгээр дүгнэнэ” гэж захидаг. Ямар ч хүн уран бүтээлийнхээ гарааг сайхан, гэгээлгээр эхлэхийг хүсдэг.
Тийм учраас би “Тагнуулч аав” киноны саналыг хүлээж авсан. Анхны кино болохоор догдлон хүлээсэн ч хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэсэн айдас, түгшүүр ч бас төрж байсан. Ээжтэй хамт кинонд тоглоно гэдгээ анх сонсоход төсөөлөгдөөгүй шүү. Сонин мэдрэмж төрдөг юм билээ. Ээжтэйгээ хамт дахиад кинонд тогломоор байна.
-Кинонд тоглох санал хэр ирж байна вэ?
-Анхны бүтээлээс хойш нэлээд санал ирсэн. “Тагнуулч аав” үзэгчдэд хүрээд удаагүй байхад хоёр, гурван киноны санал зэрэг ирж байлаа. Тухайн үед би “Х ТҮЦ” продакшнд ороод удаагүй байсан учраас саналуудаас татгалзсан. Энэ хамт олны дунд орох нь миний хүүхэд наснаас эхтэй мөрөөдөл байсан учраас тайзны урлагийг илүүд үзсэн хэрэг. Цаг хугацаа хурдан юм. Продакшндаа ороод нэг л мэдэхэд гурван жил болчихож.
-Уран бүтээлч хүний жаргал зовлонг биеэр туулсан хүмүүс үр хүүхдээ урлагт хөл тавихад төдийлөн дуртай байдаггүй. Гэтэл өсөж торнисон орчин яах аргагүй нөлөөлчихөөд байх шиг. Жүжигчин болох шийдвэрийг ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би багадаа УДЭТ-т бараг амьдардаг байлаа. Ээжийг хаана ч явсан зүүгдээстэй. Ийм байхад урлагт хайртай болохгүй, дурлахгүй байж чадна гэж үү. Миний амьдрал урлагтай салшгүй холбоотой. Ээж намайг урлагийн замаар явуулахгүй гэсэндээ дунд сургууль төгсөнгүүт Япон руу явуулсан. Хүчээр явуулсан ч гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй сайхан оронд очсон ч миний байх ёстой газар биш гэдгийг нь мэдэрсэн. Тэгээд л Монгол руу буцахын тулд ээж рүү янз бүрийн юм бичдэг байлаа. Ээж зөөлөн юм шиг харагддаг ч үзэл бодолдоо үнэнч, тууштай хатуу хүн л дээ. Үгүй гэсэн бол тэр чигтээ гүрийчихдэг.
Гуйгаад нэмэргүйг ойлгосон болохоор заль зохиохоор шийдсэн юм. Япон хэлний таван түвшин байдаг. “Гуравдугаар түвшинг нь онц хамгаалбал намайг Монголд амраагаарай” гэж ээжид болзол тавьсан. Тэгээд л өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан бэлдэж байгаад онц хамгаалаад хүрээд ирсэн дээ. Ээж намайг түр хугацаанд амраад буцна гэж бодож байсан. Харин би буцаж явахгүйгээ мэдэж байсан учир Япон дахь найз нөхөд, багш нартаа энэ тухайгаа хэлээд, бүх асуудлаа шийдчихээд ирсэн.
Монголд ирчихээд ээжээс нууцаар бэлдэж байгаад СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцчихсэн юм. Үүнийгээ бас л дараа нь ээжид хэлсэн. Намайг жүжигчин болгохгүй гэж ээж минь их тэмцсэн. Даанч би дийлдээгүй. СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд ардын жүжигчин байж байгаад гавьяат, соёлын тэргүүний ажилтан болоод хамгийн сүүлд нь хэн ч биш болж төгсдөг гэсэн хөгжилтэй яриа бий.
Жүжигчний ажлыг амар хялбараар ойлгодог, дутуу үнэлдэгтэй нь холбоотой байх. Би ч тэр үед өөрийгөө ардын жүжигчин болчихсон мэт аягладаг додигор амьтан явсан.
-Хошин урлагийн тайзыг сонгоход юу нөлөөлөв?
-Хошин урлаг жүжигчнийг олон талаар хөгжүүлдэг гэж ойлгодог. Ялангуяа эмэгтэй хүн бусдыг инээлгэх их хэцүү, ур чадвар шаарддаг. Ихэнх кинонд тоглосон жүжигчдээс хошин урлагийнхан мэдрэмжээрээ ялгардаг. Мөн тэд бусдаас энгийн тоглодог шиг санагддаг. Манай продакшн зөвхөн хошин гэж туйлшралгүй тайз, дэлгэцийн бүх төрлөөр уран бүтээл туурвихыг хичээдэг. Тиймээс жүжигчдэд өөрийгөө хөгжүүлэх, нээх боломж олгодог.
Би аливааг төсөөлж, ургуулан бодохдоо гарамгай. Орой унтахдаа нүдээ аниад олон зүйл төсөөлдөг байлаа. Төсөөллийн ертөнцдөө багаасаа л өөрийгөө жүжигчин болгочихсон.
-Ээжийн тань тоглосон “Ээждээ үнсүүлэхсэн” киноны дүр миний сэтгэлд хоногшсон. Харин таны хувьд аль дүрд нь хайртай вэ?
-Ээж минь олон сайхан дүр бүтээсэн. Тэдгээрээс надад хамгийн их таалагдсан нь Жульетта. Энэ гайхалтай дүрд тоглох мөрөөдөл нь 1996 онд биелсэн. Түүнээс өмнө тус дүрд тоглох боломж ээжид хоёр удаа тохиосон ч бүтээгүй гэдэг. Тэгэхэд би зургаан настай байж. Балчир байсан ч ээжийгээ тайзан дээр жүжиглэхийг хараад биширч, шүтдэг байлаа.
Ямар сайндаа “Ромео Жульетта”-г үзээд уйлж байх вэ дээ. “Ээждээ үнсүүлэхсэн” киног би үзэх бүртээ уйлдаг. Ц.Төмөрбаатар ах, ээж хоёр нэлээд бүтээлд хамтран тоглосон. Яагаад ч юм бэ гайхалтай зохицож, биенээ мэдэрдэг юм шиг санагддаг. “Алганы хээ”, “Үхэж үл болно”, “Аянгын бороо”-д хамтран тоглосон нь сайхан санагддаг.
-Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын дэглэсэн орчин цагийн “Ромео Жульетта” танд ямар санагдсан бэ?
-Тайз засал, жүжигчдийн хувцаслалт, нүүр будалт гээд бүх зүйл нь шинэлэг, өвөрмөц өнгөтэй аястай болсон мэт санагдсан. Гэхдээ миний хүсэж байсан хэмжээнд сэтгэлд хүрээгүй. Өмнө үзсэн “Ромео Жульетта” надад гүн сэтгэгдэл төрүүлчихсэн болохоор тэр байх. Энэ зөвхөн миний л бодол.
-Ээжийнхээ ямар зан чанарыг нь өвлөсөн бэ?
-Зоригтой, шийдэмгий, шударга байдлаараа төстэй. Ээж ямар нэг зүйлийг шууд л хэлчихдэг зантай. Бас их энгийн хүн. Гоёж гангалаад байдаггүй. Элдэв брэндийн хойноос хөөцөлддөггүй. Би ч тийм. “Олны танил хүн байж хувцаслалтдаа анхаарсангүй, өсгийтэй гутал өмсдөггүй” гээд найз охид маань намайг шүүмжилдэг.
Ээмэг, зүүлт гэх мэт гоёл чимэглэлийн зүйл төдийлөн зүүдэггүй. Тоглолт, киноны зураг авах үед шаардлага гарвал зүүдэг ч сураагүй болохоор их тээртэй санагддаг.
-Ханийнхаа тухай яриач. Жүжигчний ажлыг нь хэр сайн ойлгодог вэ?
-Нөхөр бид хоёр их сургуулийн нэг ангийнх. Адил мэргэжилтэй учраас намайг маш сайн ойлгодог. Урлагийн хүмүүс хоорондоо гэрлэх нь зөв юм шиг санагддаг. Ямар ч эрэгтэй хүн эхнэрээ оройтож ирэхийг, олон хоногоор аялан тоглолтоор явуулахыг хүсэхгүй шүү дээ. Ажлаасаа ядраад ирэхэд нь хоол ундгүй, хувцас хунарыг нь угаагаагүй байхад хэн таатай хандах вэ.
Тиймээс эмэгтэй хүн мэргэжил нэгтэй, эсвэл өөрийг нь шүтсэн хүнтэй суух нь зүйтэй гэж боддог. Эхнэрээрээ бахархдаг, тэр хэрээрээ ойлгодог байвал сайхан шүү дээ. Урлагийн эмэгтэйчүүдийн олонх нь ганц бие байдаг нь мэргэжилтэй л холбоотой.
-Охин нь хэдэн настай вэ. Цаг зав гаргаж чадаж байна уу?
-Дөрвөн настай. Саяхан хөдөөгүүр нэг сар гаруй хугацаанд аялан тоглоод ирлээ. Энэ үед аав нь харсан. Аль болох цаг зав гаргахыг хичээдэг ч хүссэнээр болохгүй үе олон байдаг. Ээжийгээ үе үе олон хоногоор алга болчихоор охин минь гайхдаг байх.
-Ээж тань нэгэн ярилцлагадаа “Миний охин Бараа хоёр надаас түрүүлж ойлголцсон. Охин маань биднийг ойлгож, зөвөөр хүлээж аваагүй бол өнөөгийн байдал өөр байх байсан” гэжээ. Ээжийгээ өөрөөсөө олон насаар дүү хүнийг ханиараа сонгоход нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би бага байхын л хартай. Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн.
Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлсэн. Хоёулаа амьдардаг байхад хэзээ ч гэр бүлээрээ хооллодоггүй байлаа. Намайг Бараа ахад хэрхэн ханддагийг хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. Би түүнийг хувь хүнийх нь ч, уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэлдэг. Бидний амьдралд орж ирсэнд нь талархдаг. Тэр бол өсөж яваа, чадварлаг жүжигчин.
-Түүнийг ханиараа сонгох шийдвэр гаргахдаа охиноосоо эмээсэн л байх. Тэр нь танд мэдрэгддэг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Хамт амьдрах болсноо хэлэхдээ их санаа зовсон байсан. Тэгэхээр нь би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргачихаад ээжийг дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Тэр харц нь одоо ч нүдэнд харагдаж байна.
Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх. Энэ сонголтыг олон хүн гайхаж байсан ч буруудаагүй гэдгийг тэр хоёр минь баталж чадсан.
-Олон жилийн дараа дүүтэй болсон. Эрх зангаа тавьж байх юм уу?
-Айлын ганц хүүхдүүд эрх байдаг. Харин ээж намайг эрхлүүлэх нь ховор. Би эмээ, өвөөгийн хүүхэд шүү дээ. Одоо ч эмээдээ эрхэлсээр байна. Дүүтэй болсноор бас нэг мөрөөдөл минь биелсэн. Их ганцаарддаг байсан болоод тэр үү дүүтэй болохыг хүсдэг байсан юм. Миний дүү мэндэлснээс 45 хоногийн дараа би охиноо төрүүлсэн. Тиймээс дүүгээ охиноо л гэж боддог.
-Хэр олон найзтай вэ. Нөхөрлөлийг чухам юу гэж ойлгодог вэ?
-Миний найзуудын олонх нь эрэгтэй. Тэдэнтэй нөхөрлөхөд, ойлголцоход амар байдаг юм. Ядаж л хов жив хөөцөлдөхгүй. Үй зайгүй нөхөрлөдөг хоёр эмэгтэй найз минь хол байгаа. Чамайг хэн ч биш байхад дэргэд чинь байж, түшдэг хүнийг л найз гэнэ. Жаргалтай үед нь уригдаж, зовох үед нь өөрөө ирдэг л хүн жинхэнэ найз мөн.
-Таныг чимдэг зүйл юу вэ?
-Би ямар ч үед, хэнтэй ч байгаагаараа харилцдаг. Баг зүүдэггүй. Би тайзан дээр жүжиглэдэг, амьдрал дээр дүр эсгэх ямар хэрэгтэй гэж. Энгийн байдал минь намайг чимдэг гэж боддог.
-Засахыг хүсдэг ч чаддаггүй зуршил бий юү?
-Нойр л байна даа. Дунд сургуульд байхаасаа л тэмцлээ. Их унтдагаа больчихмоор байна. Тэгвэл олон зүйл амжуулах байх.
Ж.СУВДМАА