Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.7 хувиар өснө гэж таамагласнаа Дэлхийн банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлсэн. Энэ таамаглал хэвээр гэдгийг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцуулах үеэр Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли тодотголоо. Тус банкнаас жилд хоёр удаа гаргадаг уг тайланд хөгжиж буй дээрх бүс нутгийн эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байгааг тэмдэглэсэн ч 2016-2018 онд өсөлт ялимгүй саарах төлөвтэйг дурджээ.
Тодруулбал, дээрх бүс нутгийн эдийн засаг өнгөрсөн онд 6.5 хувиар өссөн аж. Тэгвэл энэ онд дээрх тоо 6.3, 2017-2018 онд 6.2 хувь болж буурах гэнэ. Өнгөрсөн онд 6.9 хувиар тэлсэн урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, 2017 онд 6.5 хувиар өсөж, хурд нь саарахаар байгаа нь бусад оронд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж.
Сингапураас холбогдсон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти “Бүс нутгийн ДНБ өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг бүрдүүлсэн. Энэ нь хөгжиж буй бусад бүс нутгийн үзүүлсэн нөлөөллөөс хоёр дахин их байсан” гэв. Мөн дэлхийн санхүүгийн зах зээлийн савлагаа нэмэгдэж, түүхий эдийн ханш доогуур хэвээр байгааг өгүүлээд, “БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил хүлээж байснаас хурдацтай суларч байгаа зэргээр хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эрсдэл нэмэгдэж байна. Бас макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байгаа, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өөрчлөлт нь бэрхшээл, сорилт болохоор харагдаж байна” хэмээн онцоллоо.
Зүүн гар талаас Судир Шетти
Тиймээс улс орнууд эдийн засгийн бүтцийн шинэчлэлд анхаарч, дэлхийн болон бүс нутгийн эрсдэлийг бууруулахуйц, төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй аж. Өөрөөр хэлбэл, улс орнууд эрсдэл нэмэгдэж буйг анхаарч, цаашид эмзэг байдлаа бууруулан, эдийн засагтаа итгэл хүлээлгэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай юм байна.
Зүүн өмнөд Азийн орнуудаас томоохонд тооцогдох эдийн засагтай Филиппин, Вьетнамын ДНБ энэ онд зургаагаас дээш хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Тэгвэл Индонезийнх энэ онд 5.1, ирэх жил 5.3, Камбожийнх 2016-2018 онд долоон хувиар тэлэх тооцоо гарчээ.
Монгол Улс шиг жижиг эдийн засагтай Лаос, Папуа Шинэ Гвиней зэрэг хэд хэдэн улсад зах зээл дэх түүхий эдийн ханш хямдарсан нь нөлөөлсөөр буйг энэ тайланд тэмдэглэжээ. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай орнуудын эдийн засгийн өсөлт төдийлөн өндөр биш байх нь. Дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас удаашрах төлөвтэй нь Зүүн Ази, Номхон далайн орнууд, тэр дундаа түүхий эд экспортлогч орнуудын гадаад эрэлтийг сулруулж, ДНБ-ийх нь идэвхжил буурахад хүргэж болзошгүй аж.
Таваарын ханш богино хугацаанд сэргэх төлөвгүй байгаа энэ үед ялангуяа эрдсийн бүтээгдэхүүн экспортлогч орнуудын эрсдэл нэмэгдэх тул төсвийн “хамгаалалт” чухал, зөв бодлого хэрэгжүүлж, шокоос хамгаалах чадамжтай байх ёстойг сануулсан. Мөн дээрх тайланд Хятадын эдийн засгийн өсөлт саарч, томоохон ДНБ-тэй зарим оронд өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн өрөөс шалтгаалж үүсэх эмзэг байдлыг сайтар хянаж, бас засаглалаа сайжруулан, ядуурлын түвшнийг “барихад” анхаарах ёстойг Судир Шетти хэлсэн.
Вьетнам улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт хангалттай ч үүнийг ялангуяа үйлдвэрлэлийн салбартаа татах нь зүйтэй гэнэ. Филиппиний тухайд төсвийн орлогодоо, Малайзад айл өрхүүдийнх нь зээл өндөр байгаад анхаарах шаардлагатай аж. Тэгвэл Монгол Улс юуг чухалчлах ёстой вэ?
Үйлдвэрлэлийн салбараас үйлчилгээ рүү шилжиж буй, санхүүгийн “сахилга батдаа” анхаарах учиртай (зээл олголтыг зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг аажмаар нээлттэй болгон, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэргээр) БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буй нь Монголд хамгийн их нөлөөлөхийг Дэлхийн банкныхан онцолсон. Зөвхөн манай улсад бус Индонезэд ч бас нөлөөлөх биз. Мөн Малайз, Камбож, Вьетнам, Тайландыг зорих хятад жуулчдын тоо цөөрснөөр аялал жуулчлалын салбарт нь сөргөөр нөлөөлөх төлөвтэй аж. Урд хөрш бүс нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг тул Мьянмар, Лаост бас нөлөөлөх нь.
Гэхдээ урд хөршийн эдийн засгийн “хурд” саарах нь хамгийн ихээр худалдааны салбарт, тэр дундаа түүхий эд нийлүүлэгч манайд онцгой нөлөөлөх бололтой. Энэ талаар Судир Шетти “Түүхий эдийн үнэ хямдарсантай холбоотойгоор Монголд амаргүй цаг үе тохиож байна. Төсөв хүндэрч байгаа нь тодорхой. Тиймээс төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэхгүй, маш хянамгай байх ёстой. Эдийн засгаа төрөлжүүлэхэд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбар руу татахад анхаарах хэрэгтэй. Нөхцөл, байдлаа дүгнээд олон улсын зах зээлээс хөрөнгө босгох цаг үе мөн үү гэдгээ шийдэх ёстой.
Миний хувьд санхүүгийн зах зээл савлагаатай байгаа энэ үед олон улсын зах зээл рүү гарах нь тийм ч тааламжтай биш гэж харж байгаа” гэлээ. Тэгвэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Монгол Улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, засаглалдаа анхаарах ёстой. Бодлого тогтвортой байхыг гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын бизнес эрхлэгчид мөн сануулж байгаа” хэмээсэн. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан ил тод байж, буруу шийдвэр гаргасан этгээд хариуцлага хүлээдэг тогтолцоо хэрэгтэй аж. Үүнээс гадна 2014 оноос хойш ядуурлын түвшинд ойр иргэдийн тоо нэмэгдэж буйг тэрбээр сануулж байв.
Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли “Монголын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөж, сахих нь чухал. Дотоодын хөрөнгийн зах зээлээ төдийлөн ашиглахгүй, гол төлөв гадаад зах зээлээс хөрөнгө босгож байгаа. Дахин нэмж хөрөнгө босговол маш хянамгай байх ёстой” гэж ярилаа. Гадаад зах зээлээс хэт хамааралтай, эмзэг болох тал бий учраас тэр аж. Түүнчлэн тус банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг “Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх алхам хийж эхэлж байгаа. Мах экспортлох, мэдээллийн технологийг хөгжүүлэхэд анхаарч буйг Дэлхийн банк талархан дэмжиж байгаа.
Гэхдээ уул уурхайн салбар тэргүүлэх үүрэгтэй байгаа үед эдийн засгийг төрөлжүүлэхэд их хугацаа шаардана” хэмээн тодотгосон. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор манай улсын эдийн засагт энэ оны хоёрдугаар хагаст тодорхой хэмжээний өөрчлөлт мэдэгдэж эхлэхийг Тай Хьюн Ли хэлсэн. Мөн зах зээл дэх зэсийн ханш дээшилж буй эерэг үзүүлэлт бий. Гэхдээ таваарын зах зээл дэх үнэ “савлагаатай” байдаг тул хэт найдаад хэрэггүй, урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч буйг харгалзсан ч тэр, энэ болон ирэх жил эерэг гэхээс илүүтэйгээр сөрөг нөлөө “амсана” гэсэн төсөөлөлтэй байх нь зөв гэнэ. Ирэх жил Монгол Улс зээлээ эргэн төлөх ёстой.
Хэрэв төсвийн орлогоосоо төлье гэвэл бараг бүгдийг нь “өгчих” учраас амаргүй гэдгийг Дэлхийн банкныхан өгүүлсэн. Зарим орны туршлагаас харвал Засгийн газар нь төлбөрийн хугацааг хойшлуулдаг тохиолдол бий гэнэ. Тэгэхдээ төлбөрөөс ямар хэмжээгээр барагдуулах, хэдий хэрийг нь дахин санхүүжүүлэх талаар тохиролцдог байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад ирээдүйд үүсэж болзошгүй гадаад эрсдэлийн эсрэг төсвийн сахилга баттай бодлого баримтлах хэрэгцээ улам нэмэгдсээр буйг тайланд онцолсныг дахин сануулъя. Дурдан буй орнуудаас эдийн засгийн өсөлт нь хамгийн бага хувьтай байх орон нь Монгол байгааг Та анзаарсан биз ээ.
Ц.БОЛОРМАА