Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Ногоон хөгжлийн бодлогод боловсрол, шинжлэх ухаан технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно гэж заасан.
Сүүлийн үед байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулахад чиглэсэн ажлууд хангалттай бус байна. Иймд байгаль орчны инновацийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд чиглэсэн шинэ техник технологийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, ногоон хөгжлийн механизмыг боловсронгуй болгох, амьдралд үр өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлага нь тулгамдсан зорилт болсон байна. БОНХАЖЯам нь 2013 оноос хойш МҮХАҮТ-тай хамтран жил бүр “Ногоон технологи үзэсгэлэн”-г зохион байгуулж ирсэн.
Үзэсгэлэн, зөвлөгөөний зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг амьдралд нэвтрүүлэх, цаашид дэмжих бодлогыг тодорхой болгоход өөрсдийн бодит боломжид тулгуурлан төр хувийн хэвшлийн харилцааг сайжруулан бодлого боловсруулагч, олон улсын байгууллага, оролцогч талуудын хамтаар өргөн хүрээнд хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оновчтой шийдэл гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах юм.
Энэ жилийн хувьд 2016 оны 5 дугаар сарын эхний 7 долоо хоногт “Ногоон техник технологи, инноваци-2016” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд ногоон хөгжлийн санаачлагыг дэмжигч, нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, иргэд, ногоон хөрөнгө оруулагч Та бүхнийг байгальд ээлтэй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийт, төр захиргааны байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудад танилцуулах, харилцан туршлага солилцох үзэсгэлэн, зөвлөгөөнд оролцохыг урьж байна.